Кран унасан шалтгааныг тайлбарлав

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21

Аюулгүйн дүрэм баримтлаагүйгээс авто кран унажээ
Өнгөрсөн баасан гарагийн 17.30 цаг орчим Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “S.Outlets” компанийн хашаанд авто кран зам дамнаж унасан хэрэг гарсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир болон байцаагч нар хэргийн газарт очиж үзлэг хийсэн байна.
2037 УНХ улсын дугаартай, “Тадано” маркийн автомашины кранчин Ө.Батсайхан авто кранаа байрлуулахдаа газрын хөрсний нөхцлийг буруу тооцоолсон нь ийм хэрэг гарахад хүргэжээ. Кранаар 7300 кг хүнд төмөр жин өргөж эргэлт хийх үед баруун урд талын тулгуур газарт шигдэн тэнцвэр алдагдсан байна. Энэ нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг баримтлаагүй гэсэн үг юм.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд шалтгааныг тогтоосны дараа улсын байцаагчийн дүгнэлт гарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top