“ETHNOSPHERE” төслийн нээлт энэ сарын 28-нд болно

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 23

Монголын үндэсний урлагийг энэ цаг үед цогц хэлбэрээр хөгжүүлэн оюуны шинэ бүтээлүүдийг үзэгч олондоо хүргэх нэгэн төсөл хэрэгжиж эхлээд байна. “ETHNOSPHERE” нэртэй уг төслийн нээлт энэ сарын 28-ны өдөр болно. Нээлтийн үеэр хөгжмийн зохиолч, хөгжмийн продюсер М.Чимэдтогтохын “ETHNOSPHERE” цомгийн шинэхэн бүтээлүүд эгшиглэх юм.Тус цомог нь үндэсний хөгжмийг Ethno, Electro, Chill Out, Classic  зэрэг орчин үеийн урсгалуудтай хослуулсан шилдэг арван бүтээлээс бүрдэж байгаа аж. Сонирхуулж хэлэхэд цомгийн дээж болох “Silver Edition” хувилбарыг уригдан ирсэн бүх зочдод гарын бэлэг болгон өгөх юм байна.  “Chimdee’s Music” студи, FSM agency компаниас зохион байгуулж байгаа уламжлалт хөгжим, уран зураг, үндэсний хувцас загварыг нэгтгэсэн энэхүү төсөл нь олон улсад манай үндэсний соёл, урлагийг сурталчлан таниулах зорилготой гэж байгаа юм. Төслийн талаар товч танилцуулахад уг төсөл үндэсний хөгжмийг шинэ үеийн хөгжмийн төрлүүдтэй хослуулсан этно стилийн 10 бүтээлээс бүрдсэн “ETHNOSPHERE” цомог, Монголын ахуй соёл харагдахуйц абстракт хэллэг бүхий чөлөөтэй арга ажиллагаатай, үзэгчийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөхүйц контемпирари хэллэгтэй “ETHNOSPHERE” цомгийн бүтээлүүдийг илэрхийлсэн уран зургийн үзэсгэлэн, Монголын загварын ертөнцийн томоохон төлөөллүүдийн бүтээлүүдээр тавигдах загварын шоунаас бүрдэж байгаа юм. Загварын шоуны хөгжмийн аялгууг “ETHNOSPHERE” цомгийн зохиолууд бүрдүүлэх бол загвар өмсөгчдөөр Монголын номер нэг загварын агентлаг  Монгол Моделийн загвар өмсөгчид ажиллах аж.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top