Тагнуулын ерөнхий газрын дэд дарга С.Эрдэнэ халагдаагүй

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 24

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг ЦЕГ-аас хууль бусаар тагнан чагнасан асуудлыг шалгах ажилтай нь холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа С.Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл гараад байгаа. Харин энэ талаар “Засгийн газрын түвшинд үл ойлголцол гарсан бөгөөд түүнийг үүрэгт ажлаас нь халж сольсон асуудал байхгүй” гэсэн албан бус мэдээлэл байна. Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа С.Эрдэнэ нь үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор түр эзгүй байгаа аж.

 

Х.Тэмүүжин сайд, ЦЕГ-ын дарга Т.Билэгт хоёрын зөрчилдөөн сүүлийн үед улам хурцдаад буй. Улмаар Хууль зүйн сайдыг хар тамхины хэрэгт холбоотой, нялх амрагтай байсан гэх мэт мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж, сенсааци тарьсан. Уг мэдээлэл нь цагдаагийн тэмдэглэл шахуу зүйл байсан нь ЦЕГ-ын дарга Т.Билэгтийн хийж буй ажил гэх сэжигийг төрүүлээд байгаа юм. Гүйцэтгэх ажиллагаа явуулахын тулд Тагнуулын ерөнхий газраас зөвшөөрөл авдаг юм байна. Тиймээс өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулж буйд эгдүүцсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хилэгнэлээ ил гаргаж халаа солио хийж байгаагийн нэг нь С.Эрдэнэ боллоо хэмээн ярьж байсныг ийн үгүйсгэв.

 

Хурандаа С.Эрдэнэ нь ҮАБЗ, АТГ-т хариуцлагатай албан тушаал хашиж байсан бөгөөд мэргэжлээрээ тасралтгүй 35 жил ажиллаж буй тусгай албаны мэргэжлийн удирдах ажилтан юм. Түүнийг тусгай албаныхны зүгээс туршлагатай, мэргэжлийн тагнуулч хэмээн өндрөөр үнэлдэг байна. С.Эрдэнийн тухайд өмнө нь Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байгаад Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд томилогдсон аж.

 

Тагнуулын байгууллагын тухай хуульд зааснаар төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, гүйцэтгэх ажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн таван жилд төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг тус албанд томилж болдог. Энэ дагуу С.Эрдэнийг томилсон байна. Тэрбээр Хууль зүйн сайдтай холбоотой дээрх хэргийн талаар "Тагнаж чагнасан асуудал байхгүй. Би тийм зөвшөөрөл ч өгөөгүй" хэмээн албан бичгээр мэдэгдсэн хэмээн зарим эх сурвалж хэлж буй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eeeeeee(91.183.239.238) 2014 оны 04 сарын 24

Алтанхуягаа,ерө

0  |  0
Top