Зураач Б.Содномдаржаа: Шороо, төмөр, амьтдын чимээг сонсож, “ETHNOSPHERE” цомгийн хавтасны зургийг бүтээсэн

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 24

ETHNOSPHERE гэх шинэ нэршил сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд яригдах болсон. 2001 оноос олон улс, дэлхий дахинд дэлгэрч, улс үндэстний түүх, уламжлал, соёл урлагийн нэгдэл гэсэн ойлголтыг илэрхийлж байгаа уг нэршил манай улсад төсөл болон хэрэгжиж байгаа нь энэ аж. “ETHNOSPHERE” төсөл нь Монголын уламжлалт хөгжим, хувцас загвар, уран зургийг нэгтгэсэн “Үндэстний соёл урлагийн нэгдэл” юм. Уг төслийн нээлт дөрөвдүгээр сарын 28-нд зохион байгуулагдах бөгөөд арга хэмжээ гурван хэсгээс бүрдэх гэнэ. Үүнд “ETHNOSPHERE” цомгийн нээлт, “Монгол Брэнд” загварын шоу, “Хөх салхи” уран зургийн үзэсгэлэн орж байгаа юм.

Бид энэ удаагийн дугаартаа “ETHNOSPHERE”  төслийн зураач Б.Содномдаржааг урилаа. Тэрбээр “Хөх нар” Монголын орчин үеийн урлагийн төвийн гишүүн бөгөөд Монголын өв уламжлалыг шингээсэн орчин үеийн урлагийн урсгал чиглэлийг баримтлан контенпорари чиглэлээр уран бүтээлээ тууривдаг гэнэ.  2009 онд ДУДэС-ийг зураач мэргэжлээр төгсч, 2010 онд “Grand Art Exhibition” үзэсгэлэнгээс “Grand prize” шагналыг хүртчээ. Харин 2013 онд “Мөнх гал” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ олонд толилуулж, өдгөө 20 гаруй уран зургийн үзэсгэлэнд амжилттай оролцоод байгаа аж. Зураач Б.Содномдаржаа “ETHNOSPHERE” цомгийн хавтасны зургийг зурсан бөгөөд “Хөх” модон морин жилийн тунгалаг хөх өнгийг бүтээлдээ тусгасан байна.

Таныг баруун нутгийн хүн гэж сонссон ?

Тиймээ. Би багаасаа мал дээр өссөн Завхан нутгийн хүү. Ургамалын сумын Тал гурван улааны өврөөр аавтайгаа тэмээ хариулаад явдаг байлаа. Манай аав өөрөө их зургийн авъяастай хүн болохоор бийр будаг өвөртлөөд явна. Түүгээр нь би тоглож наадна. Тэр үед их сайхан үед байсан.

Тэгвэл та удам дамжсан зураач хүн юм байна?

Бараг тэгээд хэлэхэд буруудахгүй байх аа. Багаасаа л би зураач болох юм байна гэсэн бодол гүн суусан байсан. Аавын хээлж буй унь, тооныг харж будаг өнгөний гайхалтай зохицолыг бодож суудаг байлаа. Бас аав маань хөдөөгүүр бурхан болоочдын хөргийг бүтээдэг байсан. Айлд орохоор аавын бүтээл авдар дээр нь мэлтийнэ. Түүнийг хараад “аав маань их сайхан зуржээ” гэсэн бодол зурвас орж бас зухасхан атаархдаг байлаа. Хүүхдийн бодол л доо. (Инээв)

Арван жилээ хаана төгссөн бэ?

Би чинь зургаадугаар ангиасаа Завхан аймгийн ХБК-ийн Усан будгийн мастер Г.Дондовдорж багшийн зургийн ангид элсчихсэн шүү дээ. Жаахан байсан үе л дээ. Нэг өдөр л аав маань “за явна даа хө” гэж хэлсэн. Ер нь миний энэ амьдралын шугамыг аав маань татаад өгсөн дөө. Хар бага байхад минь уран зурагт дурлуулж, тэр ч бүү хэл хэдэн км цаанаас хөтөлгөө тэмээгээр тэшүүлэн сумын клубын зургийн үзэсгэлэн үзүүлдэг байлаа. Аавын минь хэлсэн нэг үг ер санаанаас гардаггүй юм. Тэр нь юу вэ гэхээр чи малын зүс сайн мэддэг, нүдний тогтоолт сайтай хүү байсан гэж. Одоо бодохоор аав намайг зураач болгохоор аль хэдийнэ шийдээд, мэдчихсэн байжээ. Аавын маань хүүгээ зураач болгох мөрөөдөл өнөөдөр биелээд, улам цэцэглэн хөгжиж байгаад баярлаж бас бахархаж явдаг даа.

Таны сэтгэлд хамгийн ихээр тод үлдсэн бүтээл юу вэ?

“36 дээр нэмэх нь цэг цэг” гэсэн нэртэй Улаан ботгоны бүтээл. Энэ бүтээлээ СУИС-ийн ДУДэС-ийн нэгдүгээр курст сурч байхдаа бүтээсэн. Ер нь “Алтан бийр” үзэсгэлэнд зориулсан зураг юм. Нэгдүгээр курсийн оюутан нэр үзэсгэлэнд бүтээлээ тавина гэдэг мөрөөдөл л дөө. Гэхдээ л миний бүтээл багтсан юм. Маш их урам, эрч хүч авсан. Өнөөдрийн намайг бүтээхэд Ж.Гэрэл, О.Энхтайван багш нарын маань их тусалсан.

Улаан ботгоны бүтээлээ жаахан дэлгэрүүлээд яриач?

Орчин үеийн хэллэгтэй зураг л даа. Өнчин ботгыг нар дор байгаа мэт дүрсэлсэн. Нарны өнгө өөрөө улаан. Ер нь миний зургийн урсгал, чиглэлийн зүгийг гаргаж өгсөн бүтээл л дээ.

Таныг орчин үеийн контенпорари чиглэлээр бүтээлээ туурвидаг гэсэн. Бүтээлдээ ямар өнгө илүүд ашиглаж байна вэ?

Сүүлийн үед хөх өнгөөр зурж байгаа. Хөх өнгө гэдэг өөрөө их тунгалаг. Татаж цацах, урсгах, нимгэн зузаан давхарлагаа хийх зэрэг ажиллагаанд сайн зохицож, бүтээлийн илэрхийлэл утгыг сайхан дүрсэлж чаддаг өнгө л дөө. Ер нь хөх өнгө өөрөө байгалийн цэвэр тунгалагийн өнгө. Үүнд ус, тэнгэрийг нэрлэж болно. 

“Ethnosphere” төслийн цомгийн хавтасны зураачаар та ажиллаж байгаа. Тэгэхээр “Ethnosphere” цомгийн хавтас хөх өнгөөр дүрслэгдсэн үү?

Тиймээ хөх өнгө.Ноднин жилийн намар миний бие даасан “Мөнх гал” үзэсгэлэн дээр төслийг санаачлагч М.Чимэдтогтох (Чимидээ) ирж миний бүтээлүүдтэй танилцсан. Тэгээд дараа нь надтай уулзаж “Ethnosphere” төслийн тухай ярисан л даа. Чимидээгийн санаачлан хэрэгжүүлж байгаа энэ төслийн онцлог нь монголын уламжлалт урлаг соёлыг орчин үеийн урсгалд оруулах тухай байсан.Монгол соёлоо илүү орчин үелэг болгох гарцыг нээж чадсан хамтлаг бол “Алтан ураг”. Харин Чимидээ маань тус хамтлагийн гишүүн. Ингээд л Чимидээгийн санаа, миний гаргах гэж буй илэрхийлэлтэй яг сайхан нийлсэн дээ.

Ямар илэрхийлэл?

Би ер нь уламжлалт соёл, түүх, байгалийн хүчин зүйлсийг бүтээлдээ тусгадаг. Гэхдээ энгийн нэг уул зураад суух нь одоо цагт морио унаад хотоор давхихтай адил. Монгол соёлоо орчин цагтай нэгтгэж, шинэ цагийн залууст нийцүүлэх нь чухал. Ингэж байж зургийн урлаг маань илүү хурдан, уудам тал шиг хөгжинө.

Тэгвэл “Ethnosphere” цомгийн хавтас их орчин үелэг болжээ дээ.

Хавтасны зургийг зурахын тулд эхлээд “Ethnosphere” цомгийн бүтээлээс сонссон. Нэг нь миний сонсохыг хүсдэг рок хэлбэрийн ая байсан. Нөгөө ая нь миний дотоод мэдрэмжинд хүчтэй нөлөөлсөн. Тэр ая байгалийн дуу чимээний хослол байсан. Шороо, төмөр, амьтдын чимээ гээд л. Тэгээд энэ аяыг төсөөлж хавтасны бүтээлийг зурж эхэлсэн. Бүтээлийг сайн аживал бороо ороод байгаа ч юм шиг, салхи шуураад байгаа ч юм шиг. Тэр их байгалийн хүчний дунд ихэмсэг эмэгтэй хүний дүрс бий.  Харин хавтасны эсрэг талд үзэгчдийн сэтгэлд хүчтэй нөлөөлөхүйц хөх өнгөний дүрслэл бүхий бүтээл багтсан. Энэ бүтээлдээ “Хөх салхи” гэсэн нэрийг өгсөн.

Төслийн нээлтийн үеэр гаргах таны үзэсгэлэнгийн нэр “Хөх салхи”. Хөгжмөөр илэрхийлэгдсэн уран зургийн бүтээл  цомгийн хавтасыг чимсэн нь гайхалтай. Та нээлтийн өдөр энэ гайхалтай бүтээлээс гадна ямар бүтээлүүд дэлгэх вэ?

Нээлтэнд өөрийн шилдгийн шилдэг бүтээлүүдээ танилцуулна. Тэр дунд “Хурайлга” гэсэн нэгэн гайхалтай бүтээл бий. Монголчуудын зан заншил, байгалийн асар их хүчнийг илэрхийлнэ. Зочдод их сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байгаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(70.174.163.62) 2017 оны 01 сарын 23

gaihaltai uvurmuz setgelgeetei zuraach yumaa.

0  |  0
(188.143.232.32) 2016 оны 10 сарын 11

I”m so glad that the inrtneet allows free info like this!

0  |  0
Top