Монголын улстөр бизнесийн бүлэглэлүүдийн гарт бүрэн орсон гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 25

“Blog.ubc.ca”-д “Монголын ардчиллын гадаад бодлогын үр дагавар” гарчигтай нэгэн нийтлэл гарчээ. Хөндлөнгийн ажиглалтаар Монголын ардчилсан нийгэм яаж харагдаж байгааг эндээс уншиж болно.


Монголын ардчиллын гадаад бодлогын үр дагавар

Монголын ардчиллыг эрүүл тэмцлийн үр дүнд бий болсон гэж үздэг. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд энд бизнес, улстөрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхол давамгайлах болсон. Энэ чиг хандлага Монгол Улсын ардчиллыг үнэ цэнийг бууруулж, гадаад бодлогод шууд нөлөө үзүүлж байгаа нь үнэн.

Өнөөгийн байдлаар Монгол Улс тайван, хөршүүдтэйгээ тогтвортой харилцаатай, ардчилал нь эв найрамдал дээр цогцолсон, хамгийн гол нь маш чухал байгалийн нөөцтэй гэдгээрээ алдартай.

Харамсалтай нь дээр дурдсан бүлэглэлүүдийн өрсөлдөөн улстөрийг хөтөлж, тэдгээрийн сөргөлдөөний дүнд Оросын ашиг сонирхлыг өөртөө авч, Хятадын ноёрхлыг нэмэгдүүлж, бусад орны хөрөнгө оруулагчдыг ангилалд хуваачихсан.

Ерөөс улстөрийн намуудыг нь хүчирхэг компани, баян чинээлэг бизнес эрхлэгчид, бизнесмэнүүд бүрдүүлж толгойлдог. Эрх баригчид нь гэвэл олонхийг бүрдүүлэгч Ардчилсан нам, сөрөг хүчний Монгол Ардын нам. Парламент нь гүйцэтгэх засаглалынхаа үүргийг давхар биелүүлдэг.

Бизнесийн эрүүл өрсөлдөөн энэ улсад бий эсэх нь эргэлзээтэй. Олонхийн намын харъяалалд багтдаг бизнес эрхлэгчдийн ашиг сонирхол нэгдүгээрт тавигдах ба улстөр, шүүх засаглал, хуулийнхан ч намаар хуваагдана. Эвслийн Засгийн газар буюу 2004-2012 онд энэ байдал арай гайгүй болсон байж мэднэ. Гэвч аль ч парламентийн үед олонхиудад хяналт гэж байсангүй.

Монгол Улсад тогтсон гэж болох нэг гажуудал нь шинээр гарч ирсэн Засгийн газар өмнөх засгийнхаа ажлыг үгүйсгэж аливааг цоо шинээс эхлэх гэж мэрийдэг. Намын харъяаны бизнесмэнүүдээс бусад нь хүнд суртал гээчийн нүүрийг үзэхээс өөр аргагүй. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, эсвэл төрийн албан тушаалд мөн бизнесийн хүрээнийхэн л ажиллаж байгаа.

Нэг тооцоо бий. Тодруулбал, УИХ-ын 76 гишүүн ДНБ-ий 7.6 хувийг эзэмшиж байх жишээний. Бүр тэдний дөрөвхөн нь л 64 хувьд нь эзэн суусан байдаг.

Угаас эдийн засгийн өнгө гадаад хөрөнгө оруулалт, түүхий эдийн зах зээлийн элдэв хөдөлгөөнөөс шууд хараат. Эдийн засгийн үр шимийг хүртэх тухай асуудал нэн түрүүнд эрх баригч намын харъяаны бүлэгт л хамаарна. Энэ байдлаас болж Монголын улстөрийн намуудад эв нэгдэл бараг байхгүй, үзэл суртлын тэнгэр газар шиг зөрүүний дунд сөргөлдцөгөөж байна.

Талууд заримдаа томоохон бизнес санаан дээр тохиролцож чаддаг ч энэ нь маш эмзэг, хэзээ ч нурж мэдэхээр, тун богино хугацааны хэлэлцээр болж хувирдаг.

2005 оноос байгалийн нөөцүүд ар араасаа илэрч, бизнесийн бүлэглэлүүд, улстөрийн хүчнүүдийн өрсөлдөөн илт газар авсан. Монголын ардчилалд гадныхны оролцоо ч мэдэгдэхүйц өсөв. Орос, Хятад, барууны ардчилагчид хэн нь илүү найз болохоо харуулахыг хичээх болсон.

Түүхийн бартаат замнал Хятадыг гэх монголчуудын сэтгэлд сэв суулгасан хэвээр ба энэ нь Орост нэн том боломж болж хувирсан юм. Монгол дахь Оросын гео-стратеги ЗХУ нуран унаснаас хойш бага зэрэг буурсан ч хойд хөршийн бизнес бүлэглэлүүд бүхий л цаг үед том нөлөөтэй байсан.

Монголын улстөрд оросуудын нөлөөлж чадах маш том боломж бол төмөр зам. Хятадууд хамгийн том хэрэглэгч гэдэгтээ дулдуйдан өөрийн стандартыг Монголд нутагшуулж, баялгийн замыг дотооддоо холбохыг хичээж байгаа. Харин Транс-Сибирийн төмөр замтай холбогдохыг хүсвэл, ер нь эс хүссэн ч орос хэмжээг авах шаардлагатай болчихсон. Энэ асуудал өнөө хэр маргаан дагуулж байна.

УИХ 2010 онд орос стандартын царигаар төмөр зам байгуулахаар шийдвэрлэсэн ч мөнөөх бизнесийн бүлэглэлүүдийн элдэв маргаан, ашиг сонирхлын зөрчлийн хэрүүлээс үүдэн одоо ийнхүү гацаанд орчихсон юм. Мэдээж хэрэг оросууд өргөн царигийг дэмжигч бизнесийн бүлэглэлийг алсаас ивээж байгаа.

Гэвч Оросын нөлөөлөл, ашиг сонирхол хүчтэй илрэхийн хэрээр Монголд ч асуудал үүссэн. Тухайлбал, Монгол Улс АНУ-ын МСС-ын 188 сая ам.долларын тусламжийг алдсан. Таван толгойн тендер өнөөг хүртэл эцсийн хувилбарт хүрч чадаагүй, барууны хөрөнгө оруулагчдыг түлхэх нөхцөл үүссэн гэх мэт.

Яах вэ, өнөөдөр ч гэсэн Монгол Улс Оросын түлшний нийлүүлэлтээс хараат байгаа. Мэдээжийн хэрэг, гадныхны нөлөө ихсэх тусам Монголын бие даан шийдвэр гаргах болон төсөл хөтөлбөрийг шийдвэртэй хэрэгжүүлэхэд саад гарна.

Гэсэн хэдий ч өнөөдөр Хятад улс Монголын хамгийн том худалдан авагч болсон. Цаашид ч энэ байдал нэг их өөрчлөгдөхгүй л болов уу. Түүнээс гадна Монголын баялгийг Зүүн өмнөд Ази руу гаргах коридор нь Хятад улс.

Харамсалтай нь, Хятадын өсөн нэмэгдэж буй эдийн засгийн үр шимийг хүртэх боломж хоёр ч шалтгаанаар хязгаарлагдаж байгаа. Эхнийх нь Хятадын талаарх монголчуудын ясны бодол угаасаа сөрөг.

Монголын бизнесийн бүлэглэлийнхний улстөр дэх өрсөлдөөнд хэн популизм хийж чадаж байгаа нь ялдаг. Энэ л Монголын өнөөгийн ардчилал юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үл мэдэгч(112.72.13.143) 2014 оны 04 сарын 25

ЯГ Л ҮНЭН ДҮГНЭЖ ДЭЭ. ЯАЖ ҮҮНИЙГ ЗӨВ ГОЛЬДРОЛД НЬ ОРУУЛАХ ВЭ. ХҮЧ ХЭРЭГЛЭМЭЭРГҮЙ БАЙДАГ. ӨӨРСДӨӨ УХАМСАРЛАНА ГЭЖ БАЙХГҮЙ. ЯАЯ ДАА БАЙЗ.

0  |  0
setgel(124.158.109.14) 2014 оны 04 сарын 25

МОНГОЛЫН УЛС Т€Р ГЭЖ БАЙХГУЙ БОЛСОН. ДАНДАА АШИГ СОНИРХОЛЫН НVДЭЭР ХАРДАГ, ХЭЭЛ ХАХУУЛЬ АВИЛАГЧ ЛУЙВАРЧИДААР ДVVРСЭН

0  |  0
Top