Газар өмчлөх ажлыг ирэх сарын нэгнээс эхлүүлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 21

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн хэмжээнд нийт 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр байршлуудад газар өмчлөх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар журамласан бөгөөд цахим систем нь иргэдийн газар өмчлөх хүсэлт хүлээн авах, хүсэлтийг бүртгэх, хүсэлт гаргасан иргэдийг урьд өмнө гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүйгээр газар өмчилсөн эсэхийг хянан шалгах, хүсэлтийг баталгаажуулах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу өмчлөгдөх газрын нэгж талбар бүрт өмчлөх иргэнийг автомат үйлдлээр сонгох гэсэн үндсэн үйл ажиллагаанаас бүрдэж байгаа юм.  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар иргэн нэг л удаа газраа үнэгүй өмчлөн авах эрхтэй юм. Тиймээс нийслэлд газар үнэгүй өмчлүүлэх ажлыг эхлүүлэхдээ хөдөө орон нутгаас иргэдийн газар өмчлөлийн талаарх мэдээллийг нэгтгэн цахим системд суулгаж байгаа юм байна.

Одоогоор Сэлэнгэ, Завхан аймгаас мэдээлэл ирээгүй байна. Газрыг шинээр өмчлүүлхэдээ НИТХ-аас баталсан 52 байршил тус бүр дээр Улаанбаатар хотын  хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн төлөвлөт хийж, албан ёсоор хаягжуулж байгаа юм. Эдгээр байршлуудаас эхний ээлжинд  5 байршилд 1524 га газарт 14954 иргэнд газар өмчлөх ажлыг  8 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулахад бэлэн болжээ.

Тодруулбал

1.    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам                              /909 иргэнд/
2.    Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам              /4189 иргэнд/
3.    Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой      /869 иргэнд/
4.    Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг           /7504 иргэнд/
5.    Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр                                 /1483 иргэнд/

Мөн газар өмчлөх өргөдлөө гаргах хүсэлтэй боловч иргэний эрх үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй буюу хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, насанд хүрээгүй хүүхдүүд, интернет сүлжээнд холбогдоогүй зэрэг олон тооны иргэдийг хүсэлт гаргах боломжоор хангах зорилгоор итгэмжлэгдсэн төлөөллөөр дамжуулан хүсэлт гаргах боломжтой бөгөөд байршил тус бүрийн хүсэлт гаргах хугацаа нь хуанлийн 15 хоног байна.

Газар өмчлөлийн цахим систем нь байршил тус бүрд газар өмчлөхөөр хүсэлт ирүүлсэн иргэдээс өмчлөгдөх боломжтой нэгж талбарын тоонд нийцүүлэн иргэдээс автомат үйлдлээр сонголт хийж, газар өмчлөхөөр сонгогдсон, эсхүл сонгогдоогүй талаарх мэдээллийг гар утас болон цахим шуудангийн хаягт илгээнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top