Наадмын хог хаягдлыг цэвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 21

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, зөвлөгөөнөөр өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өнгөрсөн өдрүүдэд Үндэсний баяр наадам болсонтой холбогдуулан наадам зохион байгуулахад чиглэсэн хэд хэдэн үүрэг даалгаврыг нийслэлийн Засаг дарга  өгсөн юм.

Тодруулбал,  баяр наамдын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт  тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөгдсөн талбайд байрлуулж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Замын цагдаагийн газарт үүрэг болгосон юм.

Нийслэлийн хэмжээнд баярын болон амралтын өдрүүдэд нийт 2280  нийтийн тээврийн хэрэгсэл ажиллахаас 2028 тээврийн хэрэгсэл ажилласан байна.  Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Хүй 7 худаг”, “Мишээл экспо”, “Дүнжингарав” худалдааны төв, “Долоон буудал”  зэрэг нийт 5 цэгт диспетчерийн хяналтыг  ажиллуулан бүртгэл, хяналт, шуурхай зохицуулалтын арга хэмжээг авч  ажиллажээ.

Түүнчлэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газарт үүрэг болгосон байна. Үүргийн дагуу нийслэлийн Цагдаагийн газраас баяр, амралтын өдрүүдэд гудамж талбай, олон нийтийн газарт машинт эргүүл 384 чиглэлд, мотоциклт эргүүл 30, явган эргүүл 186 чиглэлд 2209 офицер, 2491 цагдаа үүрэг гүйцэтгэж, зөрчил гаргасан 1 615  хүнийг 9.804.000 мянган төгрөгөөр торгож, 31 гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоож ажиллажээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гадна орчинд 16 ширхэг теле хяналтын камерийг байрлуусан бол жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд 40 чиглэлд 81 оюутан цагдааг ажиллуулжээ.

Баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон  худагт  200 гаруй зам талбайн үйлчлэгч хоёр ээлжээр ажиллан  нийт 562 тн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top