Гурван хүний амиар тоглосон “Нийслэл Өргөө” ХК, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг АТГ шалгана

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 22

“Нийслэл Өргөө” ХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлаас болж дөрвөн иргэн амиа алдлаа

Чингэлтэй дүүргийн IV хороонд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар барьж буй Цахим архивын барилгаас гурван хүн унаж амиа алдсан хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан. Осол гарах үед талийгаачдад хамгаалалтын дуулга малгай, бусад шаардагдах хамгаалах хэрэгслэл олгоогүй байсан нь ослын гол шалтгаан болоод байна. Амь насаа алдсан талийгаач Дундговь аймгийн харъяат 28 настай Т, Өвөрхангай аймгийн харъяат 28 настай Б, Өвөрхангай аймгийн харъяат 30 настай А нар байжээ. Мөн өндөрт ажиллахад хамгийн их шаардлагатай зүйл болох хамгаалалтын бүсээр хангаагүй байсан тогтоогдоод байна. Барилга угсралтын ажлыг цас, бороотой үед гүйцэтгэхийг хориглодог зүйл заалтыг зөрчсөн аж. Ийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс болж нэг дор гурван иргэн амиа алдлаа. Өмнө нь Нийслэл Өргөө ХК-ийн Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны хойно баригдсан барилгаас 37 настай иргэн унаж амь насаа алдсан. Талийгаач тус барилгын тагтны  өрлөг хийж байсан бөгөөд бетон нурсны 10 давхараас унаж амь насаа алдаж байжээ. Ийн хөдөлмөрийн аюулгүй байдлаас болж тус компанийн барилгаас дөрвөн иргэн амиа алдаа.

Төрөөс тендэр завшигч “Нийслэл Өргөө” ХК тус барилгын ажлыг өөр компанид дамалжээ

 

Тус компанийн захирал Б.Ганзоригийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд цагдан хориод хэдэн сар саатуулж хориод л өнгөрсөн. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т “ Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх”, ЭХ-ийн 174.2-т “Чанар муутай барилга бариулах, ашиглалтад оруулах”, Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр 2-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл ангиудаар шалгаж байсан юм. Үүнээс гадна тус компани төрөөс авсан тендэрээ бусдад дамалдагаараа алдартай. Гурван хүний амь нас хохироосон тус барилга дээр мөн л туслан гүйцэтгэгчээр “Тэгшрэх” “Хишиг хангай” гэсэн компаниуд ажиллаж байсан аж. Талийгаач Б,Т,А нар нь “Тэгшрэх” компанийн ажилчид байсан нь тогтоогджээ. Уг нь бол тендэрт ялж авсан барилгаа тус компани бусдад дамлахгүй өөрөө гүйцэтгэх хуулийн заалттай байдаг .

Цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Болдбаатар хэлэхдээ “Нийслэл Өргөө” ХК, “Тэгшрэх” ХХК-ийн баримт бичигт үзлэг хийхэд тус 2 компанийн хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болоогүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг мөрдөх хамтарсан гэрээ үйлдээгүй бөгөөд талийгаач нарт ажилд туслан гүйцэтгэгч “Тэгшрэх” ХХК-ийн инженерүүд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй болох нь одоогоор тогтоогдсон” гэлээ. Тухайн барилгын осолд эрүүийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ хэргийн шалгаж дуустал тус барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байна.

Барилга баригдах явцад орон сууц болон өөрчлөгдсөн

Тус барилыг анх Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны цахим архивын зориулалтаар баригдах барилга хэмээн 10 давхар барилгын зураг төсөл гарч, барилга эхлүүлэх зөвшөөрлөө авсан аж. Гэтэл барилга баригдах явцдаа архивын барилга нь нийгмийн хамгааллын орон сууц болон хувирч 14 давхар барилга болжээ. Барилгын үйл ажиллагаа эрхлэгч компаниуд давхар ихэсгэж барих мөн зориулалтыг нь өөрчилж барих тохиолдол их гардаг. Энэ асуудал дээр хяналт тавьж ажилладаг байгууллага байгаа нь тодорхойгүй.

 

“Нийслэл Өргөө” ХК-д мэргэжлийн байгууллага нөлөөлөхгүй

НМХГ өмнө дөрвөн сард шалгалт хийж дээрх зөрчил дутагдал илэрч, зөрчлөө арилгахыг удаа дараа сануулж байсан аж. Мөн зургадугаар сард тус компанийг сургалтанд хамрагдахыг урьсан боловч сургалтанд хамрагдаагүй гэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд “Нийслэл Өргөө” НМХГ-ын шалгалт, тавьсан шаардлагыг үл тоосон байна. Тус баригын үйл ажиллагааг хоёр хоногийн өмнөөс зогсоох шийдвэр гаргаад байгаа. НМХГ-ын дэд дарга М.Баасандорж хэлэхдээ “Нийслэл Өргөө” ХК-ийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах эсэхийг  харъяа байгууллагад нь уламжлахаа мэдэгдлээ. Энэ мэтчилэн тавьсан шаардлага биелүүлдэггүй байсан нь олон хүний амь насаар тоглоход хүргэлээ. Мэргэжлийн хяналтаас “Нийслэл өргөө” болоод Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яамыг АТГ-аар шалгуулахаа мэдэгдсэн. Учир нь 2011, 2013 онд “Нийслэл өргөө” компанийн барилгаас хүн унаж амиа алдсан хэрэг гарч байсан. Энэ мэт хүний амь эрсэдсэн зөрчилтэйгээс гадна багагүй асуудалтай компанийг  тендерт шалгаруулсан Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яам, "Нийслэл өргөө" хоёрын  асуудлуудаар НМХГ-аас  АТГ-т хандахаар болоод байна.

                                                                                                                                                               Үргэжлэл бий Б.Сэлэнгэ

 



Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яанаа(183.177.98.82) 2014 оны 07 сарын 24

зөв

0  |  0
1950(182.160.37.19) 2014 оны 07 сарын 22

эрдэнэ бгд ” н нутаг дэвсгэрт - нийгмийн хамгааллын яамны эргэн тойрон туждаа байр барьж мөнгө угааж байна.

0  |  0
Top