Хамгаалалтад авсан газарт зөвшөөрөлгүй буухыг хоригложээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 22

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор НИТХ-аас 52 байршилд 15 309 га бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэхээр тогтоосон. Эдгээр газруудыг хамгаалалтад авч, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэсэгчилсэн төлөвлөлт хийж, албан ёсоор хаягжуулж байгаа юм. Мөн иргэд, аж ахуйн нэгжийг уг байршлуудын газарт үйл ажиллагаа явуулах, зохих зөвшөөрөлгүй эзэмшихийг хориглосон. Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газраас “НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр хамгаалалтад авсан газрыг зохих зөвшөөрөлгүйгээр эзэмших, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Төрийн өмчид зөвшөөрөлгүй халдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн бичиг бүхий самбаруудыг байршуулж, буусан айлуудад мэдэгдэл хүргүүлэн, албадан чөлөөлөх хүртэл арга хэмжээ аван ажиллаж байгаа юм байна. Албадан нүүлгэхдээ бүх зардлыг тухайн иргэн, аж ахуй нэгжээс гаргуулдаг журамтай.

НИТХ-аас баталсан 52 байршлаас эхний ээлжинд наймдугаар сараас эхлэн “Газар өмчлөлийн цахим систем”-ийг ашиглан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд 909 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын аманд 4189 иргэнд, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгойд 869 иргэнд, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэгт 7504 иргэнд, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт 1483 иргэнд газар өмчлүүлэх ажлыг эхлүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.117.4) 2014 оны 07 сарын 22

энгийн ард иргэдэд л үйлчилдэг хууль юм даа яг энэ шигээ тэр туулийн хөвөөгөөр байшин барилга барицан тэр дархан цаацтай газар бууцан бас зүгээр ч байхгүй туул голруу шээс баасаа хийгээд бузарлаад байгаа хүмүүсд яаагаад хууль үйлчилдэггүй юм болдоо хөөрхий

0  |  0
Top