Үндэсний хөрөнгө оруулалтын банк Япон улс дахь төлөөлөгчийн газрынхаа үйл ажиллагааг өргөжүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 24

Монгол Япон улсын хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээний хэлэлцээр хийгдэж байгаа энэ цаг үед, банк санхүүгийн зах зээл дээр арилжааны банк болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хосолсон үйл ажиллагаа явуулдагаараа онцлогтой Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк (www.nibank.mn) нь Японы мэргэжлийн санхүү болон хуулийн фирмтэй хамтран үйл ажиллагаагаа өргөжүүлж буйтай холбогдон шинэ төлөөлөгчийн газрынхаа нээлтийн үйл ажиллагааг Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Япон улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр буюу 2014 оны 7-р сарын 22-ны өдөр Япон улсын Токио хотод зохион байгууллаа. Уг төлөөлөгчийн газрын нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Оюунчимэг, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баярсайхан, Гүйцэтгэх захирал П.Даваа, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Мицуй хуулийн фирмийн захирал Мицуй Такахиди, Сумитомо Мицуй банкны корпорацийн санхүүгийн байгууллагын тэргүүн дэд захирал Микихиро Фужи, дэд захирал Михва Ли зэрэг Монгол, Японы албаны хүмүүс болон бизнесийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

 

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь энэхүү төлөөлөгчийн  газраараа дамжуулан Монгол Япон улсын эдийн засгийн түншлэлийн гэрээнд тулгуурлан хоёр улсын хувийн хэвшлүүдийн хоорондын харилцааг улам сайжруулах, банк санхүүгийн зах зээлд хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол улсад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цар хүрээг өргөжүүлэх зорилгоор Япон улсын эдийн засаг, зах зээлийн орчинтой холбоотой мэдээ, мэдээлэл цуглуулах, Монгол улсын эдийн засгийн байдал, зах зээлийн хөгжлийн орчинд нэн чухал хэрэгцээтэй мэдээ мэдээлэл, тоо баримтаар Япон улс дахь харилцагчдыг хангах болон өөрийн санхүүгийн цогц шийдэл бүхий бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, зар сурталчилгааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой юм.

 

Top