12 настай охин шинэ нээлт хийж, загас судлаачдыг алмайруулав

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 24

АНУ-ын Хойд Каролина мужийн нэгэн дунд сургуулийн зургадугаар ангийн сурагч, 12 настай Лорин Аррингтон далай тэнгисийн жижиг загаснуудаас хамгийн догшин ширүүн авиртай гэгддэг арслан загасыг цэнгэг усанд амьдрах чадвартай болохыг нь тогтоож, мэргэжлийн хүмүүсийг алмайруулаад байна.

Лорин Аррингтон арслан загасыг далайн устай аквариумд хоёр долоо хоног байлгахдаа өдөр бүр усыг нь бага багаар цэвэршүүлж усны давсжилтыг хэмжиж байсан гэнэ. Харин хоёр долоо хоногийн дараа аквариумын усны давсжилт тавхан хувьтай байхад арслан загасны ааш авир, өнгө зүс нь хэвийн байхыг ажигласан тэрбээр туршилтынхаа талаар аавдаа хэлж, аав нь мужийнхаа их сургуулийн экологийн тэнхмийнхэнд ханджээ. Уг туршилтыг онцгой хэмээн үнэлсэн тус сургуулийнхан Лориний “бүтээл”-ийг “Environmental Biology of Fishes” (Загасны хүрээлэн буй орчны биологи” сэтгүүлд хэвлүүлсэн байна.

Арслан загас араатны хааны зогдрыг санагдуулам гоёмсог сэрвээтэй тул ийм нэртэй болжээ. Зогдор нь үнэн хэрэгтээ 18 ир бүхий хорт тэмтрүүлүүд бөгөөд тэндээс нь жижиг амьтдыг хөнөөх, хүний амьсгалыг боох чадалтай хор ялгардаг. Энэ загас Энэтхэгийн болон Номхон далайд элбэг. Харин саяхнаас АНУ, Латин Америкийн зарим хэсэгт нутагшуулж эхэлсэн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top