Агаарын хилээ хэсэгчилэн хаахаар боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 28

Алан хядах ажиллагаанаас сэрэмжилж Норвегийн эрх баригчид Берген хотын дээгүүрх агаарын орон зайгаа хэсэгчлэн хаахаар шийдвэрлэжээ. Түүнээс гадна хил орчмынхоо хяналт шалгалтыг чангатгахаар болсон байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Сирийн хэт даврагчдын бүлэглэл алан хядах ажиллагаа явуулж болзошгүй гэсэн мэдээлэл хүлээн авснаас үүдэлтэй аж. Ийм мэдээлэл авсан учраас аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ нь зөвхөн бага оврын хувийн нисэх онгоцнуудад л хамаатай гэнэ. Түүнээс Берген хотын нисэх буудал тогтсон хуваарийн дагуу хэвийн ажиллаж байгаа. Алан хядагчидтай холбоотой мэдээллээс үүдэн ганц Бергенд ч биш Осло болон Тронхейм хотод ч тодорхой арга хэмжээ авчээ. Тухайлбал, эдгээр хотууд дахь Еврейн музейнүүдийг түр хугацаагаар хаасан байна. Норвегийн тусгай албаныхан “Баруунд халддага үйлдэх зорилготой бүлэг Сириэс гарсан. Алан хядагчдын дунд яригдаж буйгаар халддагын гол цэг нь Норвеги байж болзошгүй” гэсэн мэдээлэл хүлээж авчээ. Тиймээс ойрын хугацаанд хэмээн төлөвлөгдсөн эл халдлагыг гаргуулахгүй байхын төлөө тус улсын тусгай албаныхан бүхий л хүчээрээ ажиллаж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top