Өвлийн бэлтгэлдээ орлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 29

Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай хэлэлцээд энэ чиглэлээр Засгийн газрын тогтоол гарлаа. Өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжилтэд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт шуурхай шийдвэрлэж ажиллахыг Үйлдэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгалаа. Малчид, иргэд, аж ахуйн нэгжийн хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, аймаг, нийслэл, сум дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөц заавал бүрдүүлэх, малчин өрх бүрээр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ түлш, өвлийн хувцсаа бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээл бэлтгэн нөөцлөх зэргээр бэлтгэл хангуулах, ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авах, малчдад эрүүл мэндийн явуулын үйлчилгээ үзүүлэхэд аймаг, сумын эмнэлгийг бэлэн байлгах, баяр наадам, тэмдэглэлт ой олноор тохиож буй өнөө жил малчин, баг, сум, аймаг шат бүхэнд өвөлжилтийн бэлтгэлээ цалгардуулахгүй хангаж ажиллах зэргийг Засгийн газрын тогтоолоор үүрэг болголоо. Мөн зам, давааг өвөл хаврын улиралд байнгын нээлттэй байлгах, хүн хүч, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, техник тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн сайд А.Гансүхэд, энэ жилийн шинэ ургацаас үйлдвэрлэх малын тэжээлийн экспортлох хэмжээг 40 хувиас илүү гаргахгүй байхыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх нарт үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top