Хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхийн долоо хоног эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 02

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн холбооноос анх “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох” дэлхийн 7 хоногийн компанит ажлыг “Хүүхдэд ээлтэй эмнэлгийг дэмжье” уриан дор тэмдэглэж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрч, жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон.

Монгол улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр ирсэн.

Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээлийн юм. Монгол Улсын засгийн газраас 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласан нь нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг сайжруулахад чухал алхам боллоо. Нярай хүүхдийг зөв хооллох нь тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт хөгжил улмаар амьдрах чадварыг сайжруулна. Нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт 1 цагийн дотор ангир уургийг амлуулах, төрсний дараа эхний 6 сар эхийн сүүгээр дагнан хооллох гэдгийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Учир нь 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхэд нь хооллоогүй хүүхдээс амьдрах чадвар нь 14 дахин илүү байдаг байна. Хүүхдийг төрөнгүүт эхний 1 цагийн дотор ангир уургаар амлуулах нь нялхасын эндэгдлийг 45% бууруулах боломжтой. Үүний зэрэгцээ 6-23 сар хүртлээ үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллосон хүүхэд суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2,8 дахин бага байдаг бол эхийн сүүгээр хооллоогүй хүүхдийн нас барах магадлал нь 6-11 сартайд 56% , 12-23 сартайд 23%-иар тус тус өсдөг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top