Си Зиньпин Чингисийн талбайд хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 21

Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаанд манай улсад айлчилж байгаа билээ. Яг одоо Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон тэргүүн хатагтай Х.Болормаа нар Си Зиньпин дарга болон гэргий Пөн Ли Юань нарыг албан ёсоор Чингисийн талбайд угтан авч байна. Тэрбээр Чингисийн талбайд хүндэтгэл үзүүлээд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. Тун удахгүй хоёр улсын ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээр хийх юм.

Хоёр тал энэхүү хэлэлцээрээс ихээхэн зүйлийг хүлээж байгаа. Монгол улсын тухайд транзит тээврийн асуудлыг шийдвэрлүүлэхэд гол анхаарлаа хандуулна.

Айлчлалын хамгийн гол гэрээ хэлэлцээрийг Монгол Улсын Зам, тээврийн яам эцэслэн шийдэх гэж байна. Хоёр улсын Засгийн газар нийтдээ 11 гэрээ хэлэлцээр хийж байгаагаас дөрөв нь Зам, тээврийн яаманд харъяалагдах бөгөөд энэ дунд олон жил яригдсан Хятад улстай хийх транзит тээврийг хөгжүүлэх гэрээ, хэлцэлд эцсийн байдлаар гарын үсэг зурах аж. Энэ нь манай улс далайд гарцгүй орон учраас дамжин өнгөрөх тээврийн асуудалд анхаарал хандуулж байгаагийн илрэл юм.

Манай улсын тухайд гуравдагч зах зээлд бүтээгдэхүүн экспортлохын тулд хойд, урд хоёр хөршөөрөө дамжуулан тээвэрлэхээс өөр гарцгүй юм. Тодруулбал, Монгол Улс энэ удаагийн гэрээ хэлэлцээрийн үр дүнд БНХАУ-ын 8 боомтыг ашиглах эрх авч байгаа нь эдийн засгийн хувьд урьд өмнө байгаагүй томоохон амжилт болж байна. Түүнчлэн транзит тээвэр, төмөр замын харилцаа, далайн боомттой холбоотой гэрээ хэлцлүүдэд гарын үсэг зурна. Дээрх чухал гэрээ хэлцлүүдийг хийснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт маш чухал хөрөнгө оруулалт болох юм.

 

Б.Анхням

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top