Ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 21

Өнөөдөр Халх голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Халхын голын дайнд оролцсон ахмад дайчин Ц.Чагай, Ш.Багаажав нарт хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Засаг дарга Д.Бадарсан Цэргийн штабын дарга хурандаа Л.Батаа болон Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар албаны бусад хүмүүс оролцож ахмад дайчдад Батлан хамгаалах яамны ойн медаль, гарын бэлэг, баярын ажиллагаанд оролцох урилга мөн дүүргээс тус бүр 5000000 төгрөг, алд цэнхэр хадгийн хамт гардуулж тэдний гэр бүл үр хүүхдүүдэд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүссэн юм.

Ойн хүрээнд дүүргийн зүгээс олон талт арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Халх голын байлдааны түүхэн ялалтын тухай эссэ бичлэг, уран зургийн уралдаан зохион байгуулж, энэ сарын 25-29-ний өдрүүдэд Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327, Хилийн цэргийн 0198, 0306 дугаар ангиудад тус дүүргээс татагдан алба хааж байгаа дайчдыг эргэх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top