Олон улсын оюутны спортын холбооны удирдах зөвлөл Монголд хуралдана

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 22

Дэлхийн спортын томоохон байгууллагын нэг болох Олон Улсын Оюутны Спортын Холбоо-ОУОСХ (FISU) нь энэ сарын  26-28-ны өдрүүдэд Монгол Улсад  анх удаа Удирдах зөвлөлийн хурлаа зохион байгуулах гэж  байна. Тус хуралд ОУОСХ-ны ерөнхийлөгч Францын иргэн К.Галльен, тэргүүндэд Ерөнхийлөгч ОХУ-ын иргэн О.Матыцин, дэд Ерөнхийлөгч Шведийн С.Берг, Бразилийн Л.Кабрал, БНХАУ-ын Ш.Занг, Швейцарийн Л.Эдэр, Гүйцэтгэх хорооны гишүүдийн ахлагч, ИхБританий иргэн А.Одел, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал, Бельгийн иргэн Э.Сайнтронд нар оролцох юм байна.

Швейцарийн Лозаннь, Бельгийн Брюссель хотноо төвтэй ОУОСХ нь 1949 онд байгуулагдсанаас хойш эгнээндээ дэлхийн 167 орныг нэгтгэжээ. Тус холбоо нь дэлхийн 200 орчим орны 12,500 гаруй  оюутан залуус оролцдог оюутны спортын өвөлзуны“Универсиад”наадмыг 1959 оноос2 жилд 1 удаа зохион байгуулдаг төдийгүй 100 гаруй орны 6000 оюутан тамирчдыг хамруулдаг оюутны ДАШТэмцээнийг спортын 30 төрлөөр явуулдаг олон улсын спортын нөлөө бүхий  томоохон байгууллага юм.

ОУОСХолбоонд Монгол Улсын Оюутны Спортын Холбооны ерөнхийлөгч  Д.Баясгалан гишүүнээр ажилладаг бөгөөд 2003 оноос тус байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн, 2007 оноос хойш 8 дахь жилдээ ОУОСХ-ны Ерөнхий санхүүч бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
 
Монгол улс 2033 онд оюутны спортын “Универсиад” наадмыг зохион байгуулах хүсэлт тавина
Энэ сарын 26-28-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа дэлхийн спортын нөлөө бүхий томоохон байгууллага болох Олон Улсын Оюутны Спортын Холбооны Удирдах зөвлөл хуралдах гэж байна. Энэхүү арга хэмжээний нээлтийн ёслолд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл оролцож үг хэлэх бол тус холбооны удирдлагууд БШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл нартай албан ёсны уулзалт хийх юм.

Энэ үеэр манай улсын зүгээс 2033 оны дэлхийн оюутны спортын зуны“Универсиад”наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлт тавихаар төлөвлөж байна.
Үүнтэй холбоотойгоор Монголын спортын болон боловсролын салбарын холбогдох байгууллагууд ОУОСХолбоо тэр дундаа “Универсиад”-ыг зохион байгуулагч нартай эртнээс хамтран ажиллах, туршлага судлах, наадамд бэлтгэх зэрэг ажлыг хэтийн төлөвлөгөө, зорилтондоо тусган ажиллах юм.

Ингэснээр Монгол улс  ОУОСХ-той нягт хамтран ажиллах бөгөөд“Универсиад-2033” наадмыг угтаж, спортын олон төрлөөр Оюутны ДАШТэмцээн, Азийн Оюутны Спортын Наадам зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулах гэх мэт олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Монгол улс  “Универсиад-2033” наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж эрхийг авч чадсан тохиолдолд,  хүн төрөлхөтөний спортын их баяр наадам болох 2040 оны Олимпий гэх орондоо зохион байгуулах эрхтэй болох боломж нээгдэх юм.

Учир нь дэлхийн томоохон хотууд эхлээд оюутны  “Универсиад” наадмыг зохион байгуулж “шалгалтаа өгөөд”дараань олимпийн наадам явуулах эрхээ авдаг тогтсон жишигтэй байдаг.  Хөрш хоёр орны жишээг авч үзэхэд: Орос улс 1973 онд Москва хотноо зуны “Универсиад”-ыг зохион байгуулсны дараа  1980 оны олимпийн эрхийг авч байсан бол манай өмнөд хөрш  2001 онд Бээжин хотноо оюутны Универсиад наадмыг зохион байгуулсны дараа 2008 онд  Олимпийн наадмын эрхийг авсан түүхтэй.

Тиймээс дэлхийн оюутны “Универсиад” наадам нь олимпийн наадмыг зохиох хотын хувьд томоохон сорилт, шалгалт болж, олон улсын спортын хамтын нийгэмлэгийн өмнө олимпийн наадмыг явуулж чадах бэлтгэлтэй болохоо нотлон харуулах итгэлийг дэлхий нийтэд төрүүлдэг арга хэмжээ юм. Ийнхүү Монголчууд ОУОСХ-ны Удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо хуралдахтай зэрэгцэн 2033 оны оюутны “Универсиад” наадмын бэлтгэлээ хангаж эхлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top