Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 27

Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хоорондох Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Гаалийн ерөнхий газрыг төлөөлж дарга О.Ганбат болон Монгол Улс дахь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийг төлөөлж суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ричард Х.Чен нар 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Гаалийн ерөнхий газарт гарын үсэг зурлаа. Энэхүү Санамж бичиг нь Монгол Улсын гадаад худалдааг хөнгөвчлөх талаарх талуудын хамтран ажиллах сонирхолыг илэрхийлж байгаа юм. Тус Санамж бичигт дурдсан үйл ажиллагааг талууд хамтран хэрэгжүүлсний үр дүнд Гаалийн ерөнхий газар нь худалдаа эрхлэгчдэд учирч буй дарамтыг багасгах, бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх, эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх, мэдээллийн технологийг түлхүү ашиглах боломжтой болно. Түүнчлэн Гаалийн ерөнхий газар болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь Бизнесийг дэмжих санаачилга төслөөр дамжуулан Монгол Улсад гадаад худалдааг хөнгөвчлөхийн тулд энэ чиглэлээр шинэчлэлийн бүхий л процесст хувийн хэвшлийн оролцоог дэмжих зорилгоор төр хувийн хэвшлийн харилцан яриаг зохион байгуулна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Бизнесийг дэмжих санаачилга төсөл нь • Гаалийн байгууллагын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, • ил тод болгох, • гаалийн бүрдүүлэлтийн явцад худалдаа эрхлэгчдээс зарцуулдаг цаг хугацаа, зардлыг хэмнэх зорилгоор гаалийн үнийн мэдээллийн модулийг нэвтрүүлэх, • гаалийн цахим төлбөр тооцооны системийг хэрэгжүүлэх, шинээр нэвтрүүлсэн эрсдэлийн удирдлагын системийн тогтвортой үйл ажиллагааг хангах, • Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар, Эрсдэлийн удирдлагын хэлтэс, Мэдээллийн технологийн төвд техник туслалцаа үзүүлэх, боловсон хүчнийг нь мэргэшүүлэх сургалт зохион байгуулах зэрэг дэмжлэгийг Гаалийн ерөнхий газарт үзүүлнэ. Энэхүү Санамж бичиг нь гаалийн тухай хуулийг шинэчлэн найруулах, олон улсын техникийн туслалцаа үзүүлэх, Гаалийн байгууллагаас худалдааг хөнгөвчлөх талаар хэрэгжүүлж буй шинэчлэлийг урагшлуулахтай холбоотой дотоодын чадавхийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээнд Гаалийн ерөнхий газартай өрнүүлж буй хамтын ажиллагааны нэг хэсэг болон байгууллагдаж байна. 0J8A1370

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top