О.Баасанхүү: Би Д.Дондог гишүүнийг өрөвдөж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 28

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-БНХАУ-ын төрийн тэргүүний айлчлалын улс төр, эдийн засгийн үр ашгийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Хоёр хөршийн төрийн тэргүүн манай улсад айлчилж байгаад баяртай байгаа. Ялангуяа БНХАУ-ын төрийн тэргүүний айлчлалаар транзит тээврийн гэрээ хэлэлцээрийг амжилттай хийж чадсанд онцгой ач холбогдол өгч байгаа. Бид малтмалын зах зээл ганцхан худалдан авагчтай хэвээрээ байх юм бол монопол зах зээл үүсэх магадлалтай. Гэтэл зах зээл гэдэг өөрөө олон худалдан авагчтай байж үр ашгаа өгөх боломжтой болдог. Тэр ч утгаараа энэхүү транзит тээврийн гэрээ хэлэлцээрийг хийсэн нь маш сайн. Мэдээж гэрээ хэлэлцээрт улс орны эрх ашгийг тэргүүнд тавьсан байх гэж бодож байна. Айлчлал явагдсаны дараа үр дүнг баталгаажуулах хэрэгтэй байдаг.

 -Ирэх долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин айлчлах гэж байгаа энэ үеэр ямар асуудлыг хэлэлцэх бол? 

-Би Монгол, Орос хүмүүсийг цусаараа гагнагдсан гэж хувьдаа бодож явдаг. Тэр ч утгаараа хоёр орны нөхөрлөлийн харьцаа зү­гээр нэг аман бус цусан холбоо­гоор бэхлэгдсэн. Саяхан үүний баталгаа болох Халх голын 75 жилийн ой боллоо. Тиймээс ч энэ нөхөрсөг харилцаагаа улам тодотгож өгөх хэрэгтэй. Сэтгүүлчид буруу ойлголт өгсөн юм болов уу ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовын “Монголчуудын хүлээсэн гэрээ хэлцлүүд хийгдэх үү гэвэл тийм гэж хариулья” гэсэн гарчигтай ярилцлагыг гарчиглаж байхдаа их л гайхаж байлаа. Энэ удаагийн айлчлалаар хоёр улсад зорчих визний асуудлаас өөр чухал хэлэлцэх асуудлууд байна. Гэхдээ энэ удаагийн айлчлалаар хэлэлцэх үү гэдэг нь эргэлзээтэй. Уг нь ОХУ-тай эрчим хүч, уран, төмөр зам, хийн хоолой гэх мэт чухал асуудлуудыг хэлэлцэх шаардлага байгаа. Бидний хайнга зан­гаас болсон уу эсвэл тухайн үеийн нөхцөл байдал болоогүй юу хийн хоолойг өөрийнхөө орноор дамжуулах боломжийг алдсан. Энэ бол бидний хувьд сургамж авах ёстой зүйлсийн нэг. Түүнээс гадна ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалаас гарах үр дүнг сайн бэлдэх ёстой.
-Засгийн газраас зарласан “Эзэн-100” хөтөлбөрийн үр дүнг улстөрч хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ? 
-Улстөрчид тэр дундаа улс төр мэддэг гэж ярих дуртай Баабар мэтийн хүмүүсийн телевизээр ярьж байхыг нь харсан. Тэгэхээр бид “Эзэн 100” юм уу Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр юм уу гэдгийг ялгаж салгах ёстой. Бид МАНАН-гийн төрийг байгуулсан уу гэвэл байгуулсан. Тэр үед Монгол Улс эдийн засгийн тааламжтай буюу мөнгөтэй бай­сан. Харамсалтай нь тэр мөнгийг эмнэлэг, сургууль барих нэрийдлээр төлөвлөгдөөгүй өргүй зардал ихээр гаргасан. 2012 онд Засгийн газрыг авахад мөнгөгүй болсон байсан. Тиймээс нэн тэргүүнд мөнгө олох шаардлага гарсан. Мөнгийг хоёр аргаар л олдог. Нэгдүгээрт нь гадны хөрөнгө оруулалт. Хоёрдугаарт, зээл тусламжаар л олох боломжтой. Өөр аргыг би хувьдаа мэдэхгүй юм байна. Тэгэхээр тухайн үед гадны хөрөнгө оруулалт зогсонги байдалд орчихсон байсан. Ялан­гуяа “Оюутолгой”, “Тавантолгой”-той хийсэн гэрээ хэлэлцээрүүд хариуц­лагагүй хандсан. Энэ Засгийн газар тэр бүх алдаатай гэрээ хэлэлцээрүүдийн хор урш­гийг амссан гэж хэлж болно. Үүнийг өөрчлөх, сайжруулах шаард­лага гарсан. Энэ Засгийн газарт хамгийн их шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн нэг нь бол би. Гэхдээ болоод байгаа буюу болох гэж байгаа нөхцөл байдал асуудалд популизм хийх маягаар биш баримттай ярих ёстой. Тэгэхээр Ардчилсан намын даргын золиосонд ард түмнийг тавихыг хүсэхгүй байна. Үнэнийг хэлэхэд 2017 онд Ерөнхийлөгч болох нэг амбицтай жижигхэн залуугийн тоглоомонд Монгол Улсыг өгөхийг зөвшөөрөхгүй. Тэр утгаараа миний хувьд аливаа асуудлыг баримттай харахыг хүсэж байна. МАХН-ын гишүүд Засгийн газарт ажиллаж байгаагийн хувьд үүсээд буй эдийн засгийн нөхцөл болоод бодит байдлын талаар мэдээлэл сонсох болно гэж бодож байгаа.
-Ардчилсан намын фракц хоорондын зөрчилдөөнөөс үүдэн дараагийн Засгийн газрын гишүүдийн нэр яваад эхэллээ. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Би нэг л юм хэлье. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй юм даа. Үүнийг улстөрчдийн хэвлэлүүдээр явуулж байгаа бор шувуу гэж харж байна. Ардын нам, Ардчилсан намаас албан ёсоор мэдэгдэл хийгээгүй бай­на. Ийм үед МАНАН бий бол­но гэж дүгнэхэд эрт байна. Гэвч үр могойд итгэхэд хэцүү гэдэг үг бий. Түүнтэй адил намын дарга байсан хүнээ бор оймстой нь гозолзуулж шоронд хийчихээд араас нь доромжлоод явж байсан намын гишүүд эрх мэдлийн төлөө хэрхэн тэмцэж байгааг таахын аргагүй. УИХ-ын гишүүн байсан Д.Дондог гуайг хараад хувь хүний үүднээс өрөвдөж байгаа. Тэр мөнгийг Д.Дондог ганцаараа идээгүй л байх. Сонгуульд ашигласан гэдэг нь мэдээж гэр орон хувийнхаа зүйлд зарцуулаагүй болов уу. Энэ асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Тэгэхгүй ганц, хоёрхон хүнд хэрэг үүсгээд орхиж болохгүй. Би өмнө нь хэлж байсан одоо ч хэлж байна. Хэрэг угаах хэрэг бол хамгийн аймшигтай. МАНАН-гийн олигархууд бидний толгой дээр гарах гээд тэмүүлж байгааг ард түмэн хараад сэрэмжлэх хэрэгтэй. Өнөөдөр болно, болох гэж байна хэмээн дүгнэхэд эрт байна.
-Таныг намаасаа гарах гэж бай­гаа гэх яриа их гарах юм. Сая­хан хүртэл намаасаа гараад С.Ганбаатар гишүүний байгуулах гэж байгаа намд орох гэж байгаа гэх юм. Энэ үнэн юм уу. Ер нь яагаад ийм зүйл яригдаж байдаг юм бол? 
-Ардын намынхан Ерөнхийлөгч байсан, намын лидерүүдийн нэг байсан Н.Энхбаяр даргыг намаасаа хөөгөөд, хэвлэл мэдээллээр гүт­гээд, хатуухан хэлэхэд гудамжинд гаргасан. Тэр үед би нөхөр ёсны хувьд хамтдаа энэ намын төлөө зүтгэхээр шийдсэн. Энэ бол улс төрийн болоод түүхэн шийдвэр байсан. Би аливаа зүйлд урваж шарваад явдаггүй.
-Та Эрдэнэт яваад ирсэн гэсэн. Ямар ажлаар явсан юм бэ? 
-Одоо “Оюутолгой”-г харвал маш олон хувьцаа эзэмшигчтэй. Нэг талд нь Монгол, нөгөө талд нь гадаад гэж хэлж болох. Харин гадаадад байгаа нөхдүүд IPO хийгээд хоёр, гурван мянгаар нь хувьцаагаа нээлттэй зарж амжилтад хүрч байна. Эндээс би нэг дүгнэлтэд хүрсэн.
Ямар дүгнэлтэд? 
Яагаад 2.7 сая иргэнтэй хувьцаат компани байж болдоггүй юм бэ. Цагаан суваргаар жишээ авъя л даа. Цагаан суваргын ордыг төр авбал ав, харин 350 сая доллар өг. Тэгвэл төрд 350 сая доллар байхгүй гэнгүүт, бид 100 хувь авна гэж байгаа. Шууд утгаараа ийм л дээрэм болж байгаа байхгүй юу. Тэгтэл иргэд үүнийг хараад авч байгааг нь ч авахгүй гэж байгааг нь ч ойлгоогүй, өнөөдөр талх, мах ямар үнэтэй байна, сургууль цэцэрлэг юу болох вэ л гээд яриад байдаг. Монгол Улсын үндсэн хуулинд юу гэж заасан байдаг вэ гэвэл, газрын доорх баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалтад байна гэж. Тэгвэл ард түмэн баялагаа өөрсдийнхөө мэдэлд байлгах ёстой юм л даа. Ард түмэн хувьцаа эзэмшигч болж байж л мэдэлдээ байлгана. Хувьцаа эзэмшигч байвал хувиа ч тэгш хуваарилж хүртэнэ гэсэн үг. Хувьцаа эзэмшигч болвол энэ компани яагаад байгаа юм бол, юу болсон юм бол гэж асууна шүү дээ. Бид 90-ээд оны үед цэнхэр, ягаан тасалбар гээд өгч байхад энэ гутлын үйлдвэр яагаад дампуурчихсан юм бол, талх чихэр юу болчихсон юм бол, арьс ширний үйлдвэр яачихсан юм бол гээд л маш олон хүн санаа тавьж байсан. Одоо ч гэсэн нэхэл дагал хийдэг. Өөрөөр хэлбэл нэг удаа л ашиг өгсөн дөө, яачихав гээд. Яг тэрэн шиг өнөөдөр 34 хувь гэж байгаа бол, тэр 34 хувиа Монгол улсын 2.7 сая иргэдийн хувьцаат компани болгочихоо л гэж. Энэ бол хаалттай гэж нэрлэдэг гадагшаа, гадаад иргэнд зарахгүй. Үүнийг өөрийнх нь мэдэлд байлгана, өөрөө ТУЗ-ын гишүүнд оролцож байгаа хүнд санал өгдөг жишээтэй. Үүний жижиг моделийг Эрдэнэт үйлдвэр дээр хийж болох юм гэж би харж байгаа. Нөгөөдөх нь бол том модель, Оюутолгой, Таван толгой гээд л. Эрдэнэтийг өнөөдөр харвал 49, 51 буюу 51 нь Монголын тал, 49 нь Оросын тал. Оросын тал ч гэсэн Эрдэнэтийг хаалттай хувьцаат компани болгоё гэдгийг зөвшөөрнө гэж би бодож байна. Эрдэнэтэд бол хоёр янзын эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүс бий. Нэг хэсэг нь 90-ээд оны үед цэнхэр тасалбараа өгөөд үйлдвэрээ хувьчилж авъя, гутлын үйлдвэр, арьс ширний үйлдвэртэй адилаар хувьцаагаа өгөөд авъя гэсэн иргэд байсан. Нийт 10 мянга орчим иргэн. Тэгтэл түүний 4000 хүний хувьцаа нь тодорхой бус шалтгаанаар алга болчихсон. Тэгэхээр энэ хувьцааг одоо яах ёстой юм.
-Хаалттай хувьцаат компани гэхээр хэн нэг нь хувьчилна гэсэн хардлага байгаад байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ? 
-Тийм бишээ. Хувьцаат ком­пани гэдэг хувь эзэмшигч л гэсэн утгатай. Харин ч хэн нэгэн хувь хүн, хэн нэгэн олигархи үүнийг хувьчилж авахаас сэргийлж байгаа хэлбэр байхгүй юу. Ингэхийн тулд 6000 цэнхэр тасалбартай хүн ба төр. Ингээд нийт 51 хувийг хэд гэж үнэлэх юм. Хэрэв бид 51 гэвэл Оросын талд 49 хувь нь гэдэг нь тодорхой болоод гараад ирнэ. Оросын тал ч дуртай байна. Тэгээд бид өөрсдийнхөө 51 дотроосоо зургаан мянгыг нэг нь долоон мянга гэхээр хэдэн төгрөг болох уу тийм биз. Тухайн үеийн долоон мянган төгрөг гэвэл одоогийн 700 мянга болох уу долоон сая төгрөг болох уу, ямар ч байсан нэг үнэлгээ гарах байх. Энэ бол бас л жишгээр. Тэгээд л хаалттай хувьцаат компани болгоё гэж яриад байгаа юм. Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа жирийн ажилчид байна. Жирийн ажилчдын хувьд цалин л авдаг. Тэгвэл тэнд ажилчид байхгүй байлаа гэж төсөөлье, энэ үйлдвэр баялагаа авч чадах уу. Тэгэхээр тэр ажилчдыг урамшуулах ёстой. Ажилчид Эрдэ­нэт үйлдвэртээ ажиллаж байх хугацаандаа тодорхой нөхцөлтэй буюу “Түр хувьцаа эзэмшигч” гэсэн нэрээр хувьцаа эзэмшиж болох юм. Өөрөөр хэлбэл ажил хийж байгаа тохиолдолдоо хувьцаа эзэмшигч байна. Харин ажлаасаа гарсан тохиолдолд дараагийн хүн тухайн хувьцаан дээр нь үргэлжлүүлээд байж байна.
-Энэ нь юу гэсэн үг вэ? 
-Эрдэнэт үйлдвэрийг ашгаас ашиг хуваарилах ёстой, иргэд ч ажилчид нь хүртэх ёстой л гэж яриад байгаа юм. Хэрэв энэ модель амжилттай болвол бид 2.7 сая иргэндээ зориулсан буюу 2.7 сая иргэний хувьцаат компани байгуулж болно л гэсэн үг. Тэгвэл бид Тавантолгой, Оюутолгой болон бусад ордуудаа мэдэлдээ байлгах боломжтой болох юм л даа. Харин 34 өөр өгөх юм уу, 66 аар өгөх юм уу , 51 хувь болгох уу, үгүй юу гэдгээ шийдэх ёстой. Эс бөгөөс төрийн нэр барьсан хэсэг нөхдүүд бидний өмнөөс шийдээд л байна. Нодлин Оюутолгой гээд яриад явахад чинь хэн 51 хувийг авна, авахгүй гэж хүсээд байгаа юм бэ гээд бөөн асуудал үүсч байсан даа. Тэр битгий хэл С.Ганбаатарыг эдийн засгийн алуурчин гэж хэлэх нь холгүй яриад байна, энэ хүнээс болж хөрөнгө оруулалт зогссон ухааны юм яриад байна. Яг үнэндээ тийм биш л байхгүй юу. Уг нь бол С.Ганбаатарын зөв. Энэ хүн чинь Монгол УИХ-ын гишүүн учраас Монгол Улсын 2.7 сая иргэний өмнөөс ярьж байгаа байхгүй юу. Харамсалтай нь энэ нь бодитой хуульчилж өгөөгүй учраас лоббинд орчихсон гишүүдээс болоод ийм асуудал үүсч байгаа юм л даа. Хэрэв гурван сая иргэнтэй хувьцаат компани болгочих юм бол гурван сая иргэн хэлнэ шүү дээ. Бид нар үүнийг 51 хувь болгомоор байна, Канад, Австралитай ажилламаар байна, энэ хөрөнгө оруулалтыг нь оруулмаар байна гэж хэлнэ. Харамсалтай нь тийм төлөөлөл байхгүй учраас нэг хэсэг гишүүд нь лоббинд өртөөд нөгөө хэсэг гишүүдийгээ доромжлоод, тэрэн дээр нь гадаадынхан тоглолт хийгээд Монголд хөрөнгө оруулалт хийхэд хэцүү гэж яриад байгаа байхгүй юу. Гэтэл гурван сая иргэний төлөөллийг бид оруулж ирээд, тэдний хяналтыг тавиулаад, бид зардлаа хянаад, ашгаа тэнцүү хувааж болно шүү дээ. Монголоос өчнөөн баялаг гадагшаа гарч байгаа хэрнээ энэ цөөхөн ард түмэн яагаад ядуу амьдраад байгаа юм бэ. Бид нар нэгдэж чадна шүү дээ. Тэгэхээр зөв бодлогоор хийхийг хүсвэл нийт ард түмний хувьцаат компани байх ёстой, тэрний өмнө урьдчилсан байдлаар Засгийн газраас хаалттай хувьцаат компани байгуулахыг УИХ-ын тогтоолоор шийдүүлэх ёстой.
-Гишүүд хэр дэмжих бол? 
-Эх оронч гишүүд дэмжих байх гэж бодож байна. Энэ бол нэг цоо шинэ зүйл огт биш. Дэлхий дээр байдаг л жишиг. Иймэрхүү олон зуун сая хүний эзэмшилтэй хувьцаат компани байж л байдаг. Бодоод үзье л дээ , IPO хийгээд хувьцаагаа гадаадад зарлаа гэж бодъё, Канад ч Монгол ч хүн авч болно. Ингэж болоод байхад яагаад зөвхөн Монголчуудын хамтарсан хувьцаат компани байж болдоггүй юм бэ. Бид хувьцаа эзэмших эрхийг нь өгчихье л дөө. Газрын дээрх болон доорх баялагаа үнэлэх л байхгүй юу. Тэгэхгүй бол үнээ нь ямар ч үнэгүй болчихоод байна. Үнээний сүүг л яриад байгаа болохоос үнээг огт ярихгүй байна. Тэгэхээр бид үндсэн хуулиа хэрэгжүүлье гэвэл ингэж л хэрэгжүүлмээр байгаа юм.
-Н.Энхбаяр даргын хэргийг дахин сөхөж байгаа тухай яригдах боллоо. Ирэнгүүт нь баривчилж мэднэ ч гэсэн мэдээлэл бий. Энэ ямар учиртай юм бэ? 
-МАХН нэрээ авсан. Нэрээ авахдаа зүгээр нэг авчихаагүй, маш их тэмцэл хийж өлсөхөөс наагуур юм болж байгаад нэрээ авсан. Нэрээ авсны дараа улс төрийн дайралт ирсэн. Манай намын нөхдүүд намаасаа гарангуут намын байр байсан суурин дээр өөр шинэ байр, шинэ намд орсон. Нэгэнт түрээс юм чинь бид маргалдаад суух аргагүй болсон. Ингээд гудамжинд гарах дээрээ тулсан. Яг энэ үед намын гишүүдийг бүгдийг нь хаана ч хамаагүй нэг байр олооч гэсэн санал тавьсан. Тэгэхэд би хүртэл Н.Энхбаяр даргад хоёр гурван байрны санал тавьсан. Тэрэн шиг манай намын нөхдүүд ийм байр байна гэж хэлээд байр худалдаж авах хэрэг гарсан. Улс төрийн намын тухай хуулийн 18.2 гэж заалт бий. Хувь хүн нэг сая төгрөг, албан байгууллага 10 сая төгрөг хандив өргөж болно, өөр хандив өргөж болохгүй гэсэн заалт бий. Тэгэхээр бид намын нэрээр байр авчихвал намд мөнгө байхгүй учраас хэн нэгний хандиваар тэр байрыг авсан болно. Тэгэхээр 500 мянган долларын байр гэдэг чинь онц их хэмжээний хандив болчихож байгаа юм. Биднийг сонгуульд оруулахгүй гэсэн үг. Бид Ардын намын шатсан байран дээр 11 тэрбум төгрөг улсаас өгчихлөө, дээрээс нь МАК-ын Нямтайшир, Сайхансамбуу, Мөнх-Оргил нар асар их хэмжээний мөн­гө хандивлалаа гэж яригдаж бай­сан. Гэвч тэд асуудалгүй сон­гууль­даа оролцчихож байгаа. Харин манай намыг жижиг нам гээд улс төрийн шахалт хийгээд сонгуульд оролцуулахгүй байж чадах байсан. Тиймээс бид компанийн нэр дээр байдаг үлдсэн мөнгийг нь хүмүүстэй нь яриад төлье гэсэн. Ингээд 500 мянган долларыг нь Эскон буюу Н.Энхбаяр даргын дүүгийн компани өгсөн. Н.Энхбаяр дарга намын байр гэдэг утгаар хэлэлцээр бусад асуудалд оролцсон.
-Н.Энхбаяр гэдэг хүн оролцсон учраас эрүүгийн гэмт хэрэг болчихож байгаа хэрэг үү? 
-Намын байрыг булаах гээд байгаа юм уу, дээрэмдэх гээд байгаа юм уу. Иргэний маргааныг эрүүгийн болгож явах гээд байна. Ний нуугүй хэлэхэд би Н.Алтанхуяг Ерөнхий сайдад гомдож байна. Хууль зүйн сайд нь Х.Тэмүүжин, түүний найзууд нь прокурорт байна. Тэгэхээр энэ манай намын байрны асуудлыг зүгээр улс төрийн сонирхолоор шийдэх гээд байгаа юм. Н.Алтанхуяг намын даргын хувьд ийм улс төрийн асуудлыг дэвэргэхгүй байх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол МАНАН-ын хар савар одоо болтол арилаагүй байна. Тэрнээс биш Н.Энхбаяр гэдэг хүнд эрүүгийн гэмт хэрэг бол байхгүй.

Н.Баасандэмбэрэл

Улс төрийн тойм сонин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.106.168) 2014 оны 08 сарын 29

Э-гийнхээ эрдэмийг хэлэхгүй энд тэндэхийн цоорхой ухаад яаж залуу насыг барна даа?Сайн газар ухагч байсан бололтой?

0  |  0
mglhuu(203.194.115.94) 2014 оны 08 сарын 29

demjdeg shuu. amjilt husye. Mongol ulsiinhaa toloo sain ajillaarai.

0  |  0
zochin(202.70.46.200) 2014 оны 08 сарын 29

zob vrij

0  |  0
mongol(202.179.17.24) 2014 оны 08 сарын 28

baasanhvvd ataarhaj yawdag hvmvvs mash olon baidag bololtoi!!!zarim hvmvvs omdondoo dusaadag bololtoi dog

0  |  0
baj(124.158.78.121) 2014 оны 08 сарын 28

tiimuu.ain zoo zoo

0  |  0
helgii dada(202.131.229.98) 2014 оны 08 сарын 28

joom huu

0  |  0
эрхийн балай(202.55.180.99) 2014 оны 08 сарын 28

Энэ хүүг Балай бацаан гэж бодож явдаг.

0  |  0
Top