Гадаадын иргэн зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийж байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 29

БНСУ-ын “Миндиллэ” эмнэлгийн эмч И Чүн Гүг гэгч “Аллерги мед” эмнэлэгт өрөө түрээслэн манай улсад зөвшөөрөлгүйгээр есөн хүнд үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын улсын байцаагч нар илрүүлж таслан зогсоолоо.

И Чүн Гүг нь үзлэгийн үнэ хэмээн хүн тус бүрээс 30 мянган төгрөг авч байсан бөгөөд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа нь тодорхойгүй эм, эмнэлгийн  хэрэгслээр үйлчилж байжээ.

Тэрбээр манай улсад жуулчны 90 хоногийн визээр амралтын өдрүүдэд орж ирсэн байна. Түүнд эмчлэх, сувилах үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны зөвшөөрөл, эмч гэж нотлох диплом, бусад шаардлагатай баримт бичиг байгаагүй нь шалгалтаар илэрлээ. Улсын байцаагчид бүрэн бүтэн байдал нь алдагдсан, хаяг шошгоны зөрчилтэй тариур, тарилга, шивүүрийн зүү зэргийг хурааж холбогдох хуулийн дагуу 1 920 000 төгрөгөөр торголоо.

“Миндиллэ” эмнэлгийн танилцуулгаас үзвэл өндөр давтамжийн массаж, өөх задлах зүү, ардын эм ашиглан тураах эмчилгээ хийдэг, залуужуулах үйлчилгээ үзүүлэхдээ ардын эмчилгээний зүү хэрэглэдэг бөгөөд нүүр болон биеийн арьсанд уурагтай утас суулгаж чангаруулах зэрэг үйлчилгээ явуулдаг байна.  

Гадаадын иргэд, тэр дундаа БНСУ-ын эмч нар манай улсад жуулчны визээр амралтын өдрүүдэд 2-3 хоногийн хугацаатай ирж үзлэг, оношлогоо, эмчилгээ хийх тохиолдол цөөнгүй гарч байна. Иймээс манай иргэд гадаадын эмч нарт хандах бол Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авсан эсэх, тухайн хүнийг эмч гэдгийг нотлох баримт бичиг байгаа эсэхийг нягталж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.193.7) 2014 оны 09 сарын 01

Ter solongos geed bgaa emch nar ayultai namaig solongost yavj bhad zvgeer l tvts sig l tsetseglesen busness yum bilee

0  |  0
Малчин(112.72.13.67) 2014 оны 08 сарын 31

Харин гадаадынхан чинь бараг мафийн зохион байгуулалтанд орсон Монголын эмч нэртэй малын эмч нарын хажууд жинхэнэ мэргэжлийн хүмүүс байгаа байх шүү.

0  |  0
эмч(202.126.89.168) 2014 оны 08 сарын 29

Дүнжингаравт нэг хятад байгаа шүү,тэр ер нь эмч хүн мөнүү,. Зөвшөөрөл энэ тэр нь байгаа юмуу гэж мэргэжлийн хяналтынхан шалгах хэрэгтэй байна

0  |  0
Top