Дотоодын гурилын хэрэгцээг 100 хувь хангана

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 30

Энэ оны ургацын урьдчилсан балансыг ҮХААЯ-ны Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга Б.Оргил танилцуулсан. Тэрээр “2014 онд улсын хэмжээгээр 315.6 мянган га-д үр тариа, үүнээс 293.4 мянган га-д буудай, 13.3 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 82.9 мянган га-д тосны ургамал, 14.5 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 434.5 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн  тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөвтэй байна. Энэ нь, нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломж бүрдэж байгаа юм.

Энэ жил дотоодын гурил төдийгүй төмсний хэрэгцээг давуулан хангах төлөвтэй байна” гэв. ҮХААЯ-ныхны урьдчилсан балансаар буудай тариалсан нийт талбайн 70 хувь нь аарцан болцын үедээ,  20 хувь нь эхэн үедээ,  10 орчим хувь нь сүүн болцын төгсгөлдөө байгаа аж. Харин ургац хураалтад 1100 комбайн, 624 жатка, 220 үтрэм, 120 гаруй төмс хураах комбайн ажиллана. Өөрөөр хэлбэл, техникийн бэлэн байдал 90 гаруй хувьтай байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top