Газраа өмчлөх бол өнөөдөр амжиж өргөдлөө өгөөрэй

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 30

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор НИТХ-аас гаргасан 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх  шийдвэрийн дагуу  Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах газруудад газар өмчлөлийн ажлыг цахим хэлбэрээр явуулж энэ наймдугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгосон. Түүнээс хойш сонгогдсон иргэд харъяа дүүрэгтээ хандсаар байгаа юм. Цахим системээр сонгогдсон ч харъяа дүүрэгтэй хандаж амжаагүй иргэд хугацаа дуусахаас өмнө өргөдлөө харъяа дүүрэгтээ өгөхгүй бол сонгогдсон эрхийг хүчингүйд тооцох болно гэдгийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас анхааруулж байна. Тиймээс НӨХГ-ын дүүргүүдийн Өмч, газрын харилцааны алба өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ныг дуустал өргөдөл хүлээн авахаар боллоо. Сонгогдсон ч өөрийн биеэр ирж амжихгүй буюу гадаад, дотоодруу явсан иргэд өөрийгөө төлөөлж чадахуйц хүнээр өргөдлөө хүргүүлэх бүрэн боломжтой гэнэ.

Цахим системээр бүртгэсэн газар өмчлөлийн асуудал багагүй шүүмжлэл дагуулаад байгаа. Гадаад хүмүүс бүртгүүлсэн гэх мэдээлэл цахим системийн бүртгэл хакердуулсан байж болзошгүй эсэхийг шалгана гэдгийг албаны хүмүүс мэдэгдсэн.

СХД-ийн Соёондын аманд сонгогдсон иргэд тус дүүргийн 62-р сургууль, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгойд сонгогдсон иргэд Хан-уул соёлын ордонд, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд сонгогдсон иргэд Чулуун овоонд байрлах иргэний танхимд, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэгт сонгогдсон иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт сонгогдсон иргэд Хангай цогцолборт очиж өргөдлөө өгнө. Сонгогдсон иргэд харъяа дүүрэгтээ өргөдлөө өгөх гэж очихдоо иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний эх хувь, нотариатаар батлуулсан хуулбарын хамт авч ирэхийг Нийслэлийн газрын албанаас сануулж байна.

Ямар ч байсан иргэдээ газар өмчлүүлэх  эхний  ээлжийн ажил ийнхүү өнөөдөр өндөрлөх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top