ДАШТ-нд оролцох эрчүүдийн баг Ташкентыг зорилоо

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 03

Энэ сарын 8-14-ний өдрүүдэд Узбек улсын нийслэл Ташкент хотын “Gymnastics Palace” спортын цогцолборт болох насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрэгтэй чөлөөт бөхийн баг нислээ.

Багийн бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер Эрдэнэбатын Бэхбаяр /57 кг/, Энхсайханы Ням-Очир /61 кг/, Гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран /65 кг/, олон улсын хэмжээний мастер Батчулууны Анхбаяр /70 кг/, Пүрэвжавын Өнөрбат /74 кг/, ОргодолынҮйтүмэн /86 кг/, Доржхандын Хүдэрбулга /96 кг/, Жаргалсайханы Чулуунбат /125 кг/ нар багтсан байна.

Дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нар, эмчээр Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч Ч.Насанбат явлаа.

МЧБХ-ноос өнгөрсөн баасан гаригт ДАШТ-нд оролцох багийн бүрэлдэхүүнд японы “Asics” пүүсийн иж бүрэн хувцас олгож жигдрүүлсэн.

Өнгөрсөн жил Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-нд Гавьяат тамирчин Г.Мандахнаран 65 кг-ын жинд хүрэл медаль хүртэж эрэгтэй баг 19 оноогоор наймдугаар байр эзэлж Дэлхийн цомын төлөө эрэгтэй багуудын тэмцээнд оролцох эрх авч байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top