Мөнгө зээлдүүлээд эргүүлж авч чадахгүй байх тохиолдолд

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 13

Танд найз нөхөд, ах дүү, хамаатан садандаа мөнгө зээлдүүлэн эргүүлж авч чадахгүй байх тохиолдол гарч байв уу? Хууль хяналтын байгууллагад хандвал «баримт нотолгоо байхгүй учир хүлээж авахгүй» гэсэн хариулт өгч мухардана. Их, бага ч бай мөнгөө хэн нэгэнд «зүгээр» өгчих нь таатай зүйл биш. Ийм байдалд орохоос сэргийлүүлэх үүднээс иргэн танд дараах зөвлөгөөг хүргэж байна.

            Дээрхтэй адил хүндрэлтэй нөхцөлд орохгүйн тулд та хэнд ч, хэдэн төгрөг ч зээлдүүлсэн заавал «Зээлийн гэрээ» байгуулж хэвших ёстой аж. Ах дүү, хамаатан садан гэж “найр” тавилгүй зээлдэгч, зээлдүүлэгчийн эрх, үүргийг тодорхой бичиж, мөнгө өгсөн, авснаа баталгаажуулан гарын үсэг зурж, хүчин төгөлдөр үйлдсэн, нотариатаар баталгаажуулсан гэрээтэй цагт хэнд ч залилуулахгүй байх боломжтой.

            Иргэний хуулийн 195.3-т гэрээний гол нөхцлийг «хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөл» гэж тайлбарласан байдаг. Гэрээнд талуудын эрх, үүрэг, гэрээ дуусгавар болох хугацаа, нөхцөл зөрчигдсөнөөс үүсэх маргааныг хэрхэн шийдвэрлэх тухай зайлшгүй тусгаж, харилцан тохиролцож, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

            Мөн дээр нь иргэд хоорондын эдийн засгийн харилцаа хэдий ч аливаа зээлийнхээ хариуд барьцаа авч, баталгаажуулсан байх нь өөрийгөө эрсдлээс  хамгаалах бүрэн чадвартай үлдэх юм.

            Тиймээс зээлдэгчид барьцаа авах хүсэлтээ илэрхийлж, тохиролцсоны үндсэн дээр «Барьцааны гэрээ» байгуулна. «Барьцааны гэрээ»-г бичгээр үйлдэж, хөдлөх эд хөрөнгөний гэрээг хүсвэл нотариатаар гэрчлүүлж, бүртгэх байгууллагад бүртгүүлж болно.

            Харин үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухайд Иргэний хуулийн 156.2-т «Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана» гэж заасан байдаг.

            Мөнгийг тань эргүүлж өгөхгүй буюу «Зээлийн гэрээ»-нд тусгасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд та зээлдэгчийн оршин суугаа газрынх нь эсвэл эд хөрөнгө нь байгаа тухайн газрын засаг захиргааны нэгжийн шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй. Нэхэмжлэлийн шаардлагаа хоёр хувь бичиж «Зээлийн гэрээ»-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсарган өгөх шаардлагатай.

            Монгол Улсын Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.1.2 дахь хэсэгт “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан учир энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гарган, шийдвэрлүүлэх эрх тань нээлттэй байна. Харин уг хугацааг «Зээлийн гэрээ»-ндээ заасан гэрээний үүрэг дуусгавар болох хугацаанаас хойш тооцно.

            Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Иймд «Зээлийн гэрээ»-ний үүргээ биелүүлэхгүй байгаа маргаан нь Эрүүгийн гэмт хэрэгт харьяалахгүй бөгөөд Иргэний хуулийн хүрээнд хохирлоо барагдуулна. Уг маргаан нь Эрүүгийн гэмт хэрэг биш тул Өршөөлийн хуульд хамаарахгүй.

Ямар тохиолдолд залилан мэхлэх гэмт хэрэг болох вэ?

Улсын дээд шүүхийн “Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаарх 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 тоот тогтоолын 6,7 дахь хэсэгт:

           Бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана” гэж тайлбарласан байдаг.

            Өөрөөр хэлбэл, урьдчилан төлөвлөж,зохион байгуулсан этгээд мөнгө, хөрөнгийг тань  салгасан бол энэ нь залилан мэхлэх гэмт хэрэг болж, Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдэнэ.

Эх сурвалж Монцамэ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Ганболд(103.26.193.3) 2014 оны 09 сарын 14

Цэцгэн дээр машинаа тавьсан жолооч машин барих эрхээ 2 жилээр хасуулдаг юм байна. Тэгвэл явган зорчигчийн зам дээр хөдөлгөөн хааж тавьсан жолооч, авто хөдөлгөөний осол гаргаад замын хажуугаар байрлуулсан ердийн болон никельдсэн хашлага төмөрийг дайрч устгасан жолооч, түүнийг сэргээх, нөхөн засуулах арга хэмжээ авч чаддаггүй замын цагдаа, тээврийн прокурорынхон яах вэ, тэд татвар төлөөгчдийн мөнгө хяналтгүй устаж байгааг мэдэж, төлүүлэх талаар бодож явдаг болов уу ...

0  |  0
Top