МАХН-ын дараагийн Дэд сайд хэн бэ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 15

МАХН-д дарга Н.Энхбаярынхаа ачаар олны танил болж, улмаар УИХ-ын гишүүн, Дэд сайд болтлоо "суга дэвшсэн" өмгөөлөгчид бий. Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөгийн төрийн түшээгийн суудал дээр тухлаж байгаагийн нэг шалтгаан нь Н.Энхбаяр. Түүний холбогдсон хэрэг нь яах аргагүй томоохон гэмт хэргүүдийн нэг бөгөөд манай улс түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчдөө ял оноосон юм. Н.Энхбаярын хэрэг дээр манай улсын урдаа барьдаг хуульчдын нэг болох С.Нарангэрэл тэргүүтэй Б.Оюунбилэг, О.Баасанхүү нарын нэр бүхий өмгөөлөгчид хууль зүйн дэмжлэг үзүүлж байлаа. Гэсэн хэдий ч энэ дундаас сугарч гарч ирсэн хүн бол О.Баасанхүү. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “О.Баасанхүү гэгч этгээд бол Н.Энхбаярын оймсонд хавчуулагдан төрд үсэрч орж ирсэн нэгэн” гэж хэлсэн байдаг.

 

Харин дараагийнх нь Э.Эрдэнэжамьяан. МАХН хэмээх гал тогооноос “ундалж” ирсэн тэрбээр Хууль зүйн сайд хэмээх томоохон албан тушаалыг бараг "шагнал"-аар авчихсан. Гэвч тэрбээр суудал дээрээ зүгээр сууж чадаагүй. Н.Энхбаярын хэрэгтэй холбогдуулан түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслахынх нь ах Б.Хуяг нарыг Олон улсын цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжилж байх үед захидал бичиж, хэрэгт ямар ч холбогдолгүй, эрэн сурвалжлах ажиллагаагаа зогсоохыг хүссэн. Харин үүнийг нь АТГ мэдсэнийхээ дараа хэрэг үүсгэн шалгасаны эцэст өнгөрсөн долоо түүний улс төрийн албан тушаал хаших эрхийг нь хоёр жилээр хасах өмнөх шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээв. МАХН дахин Дэд сайдын эрэлд гарч, хүнээ ч товложээ. МАХН-ыхан нарийн бичгийн дарга З.Батбаярыг Хууль зүйн дэд сайдад нэр дэвшүүлэхээр болсон бололтой.

 

 МАХН МАН-аас өрх тусгаарлаж, сонгуулийн өмнөх нь намдаа байсан залуучуудыг нэгдэхийг уриалсан билээ. Бараг долоо хоног бүр МАН-ын гишүүн байсан залуус МАХН-д нэгдэж, гишүүнчлэлээ сэргээж байсан. Энэ үеэр улс төрийн намын харьяаллаас түдгэлзээд төрийн албанд ажиллаж байсан МАХН-ын гишүүд, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид ч байсан. Тэдний дунд Усны газрын дэд дарга байсан З.Батбаяр, НИТХ-ын төлөөлөгч асан П.Хангал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч байсан О.Даваасүрэн нарын хүмүүс байсан юм. Шинэхэн боловсон хүчнээр хүрээгээ тэлсэн тус намыхан хамтарч Засгийн газар байгуулахаар болоход Н.Энхбаярын хүү Э.Батшугараас эхлээд дээд тушаалын хүмүүс нь бүгд төрийн өндөр дээд албан тушаалд очицгоосон. Тус намын арын албанд үлдсэн хүмүүсийн нэг нь Усны газрын дэд дарга асан З.Батбаяр юм. Намыхан нарийн бичгийн даргын албан тушаалыг хаших болсон тэрбээр өнгөрсөн жил сонгуулийн автомат машинтай холбоотой хэвлэлийн хурал хийсэнийхээ дараа баривчлагдаж байсан удаатай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ervvvv (188.64.247.13) 2014 оны 09 сарын 15

am ni ervvndee oirhon hvmvvs yamar ih olshirch bnaaaa

0  |  0
Top