Ямар мэргэжил хамгийн ирээдүйтэй вэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 15

Өнгөрсөн онд их, дээд сургуулиудаас хамгийн их эрэлттэй нь төрийн өмчийн сургуулиуд байна. Төгсөж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь дээрх сургуульд элсэх хүсэлтэй байгаа нь судалгаанаас харагдлаа. Тэр хэрээрээ хамгийн өндөр оноотой, сайн сурлагатай хүүхдүүд дээрх сургуулиудад элсчээ. Эхний байруудад МУИС, СЭЗДС, ШУТИС, ЭМШУИС, ХҮДС оржээ. Дунджаар 700-800 оноотой хүүхдүүд эдгээр сургуулийн босгыг давах эрхээ авчээ.

Мэргэжил сонгоно гэдэг мэдээж амаргүй даваа. Би юу сонирхдог, юу чаддаг, юу ашигтай, төгсөөд гарахад аль нь арай ахиу цалинтай вэ гээд бодох харьцуулах зүйл олон. Тэгээд ч тэр олон мэргэжлээс хүссэнээ сонгож авна гэдэг хормын төдийд шийдчих асуудал биш. Дэлхий дээр шинжлэх ухааны онолоор олгож байгаа 330 гаруй төрлийн мэргэжил байдгаас манай улсад 100 гаруй мэргэжлийг олгож байна.

АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн албанаас ТОП 100 мэргэжлийг нэрлэсэн байна. Үүнээс хамгийн шилдэгт тооцогдож байгаа 7 мэргэжлийн талаарх мэдээллийг дор сийрүүлье.

1. Анагаах ухаан

2. Өндөр настнуудад үйлчлэх үйлчилгээний салбар

3. Багш, сурган хүмүүжүүлэгчид

4. Компьютерийн салбар

5. Инженер

6. Аялал жуулчлалын салбар

7. Спорт, чийрэгжүүлэх клубын мэргэжилтэн

Харин Монголд шаардлагатай мэргэжлүүдийг өөрийн өнцгөөс авч үзвэл доорх дараалал үүсэх болов уу.

1. Хөдөө, аж ахуйн салбар /Агрономч, менежер гэх мэт/

2. Анагаах ухаан

3. Багшлах боловсон хүчин

4. Техник-Компьютерийн мэргэжилтэн

5. Уул уурхайн нарийн мэргэжилтэн, инженер

6. Гадаад харилцааны мэргэжилтэн

7. Нарийн мэргэжлийн ажилтан /цахилгаанчин, токарьчин, замын ажилтан, гагнуурчин, оёдолчин, гэх мэт /

Илүүдэлтэй мэргэжил гэж манай нийгэмд нийтээрээ ярилцдаг доорхи мэргэжлүүдээр өнөөдөр олон залуучууд сурч байна.

1. Хуульч

2. Хэрэглээний эдийн засагч

3. Нягтлан бодогч, санхүүч

4. Түүхч, философич, улс төр судлаач

5. Сэтгүүлч, нийгэм судлаач гэх мэт Дээрх мэргэжлүүдэд төрөөс олгох зээл, буцалтгүй тусламжийн хэмжээг жил бүр багасгаж байгаа ба техник, технологийн мэргэжилтнүүдэд түлхүү олгож байгаа дүр зураг ажиглагдаж байна.

Харин шаардлагатай мэргэжлийг сайн эзэмшиж буй оюутнуудад сурлагын чанарыг үнэлэн тэтгэлэг, цалин олгох асуудлыг БСШУЯ, Сургалтын төрийн сан сүүлийн жилүүдэд хөндөн тавьдаг болсон. Багш хичээл заадаг, эмч хүн эмчилдэг, менежер хүмүүсийг удирддаг, шүүгч хүмүүсийг шүүдэг, бизнесмен компани удирдаж их мөнгө олдог гэх мэтийн мэдээлэл дунд явсаар нэг л өдөр чухал шийдвэрээ гаргах үе дөхөж ирдэг. Тэр мэдээлэл хайдаг, гэвч цаг давчуу, дээр нь иймэрхүү мэдээлэл нь түүнд амар олдохгүй. Бас түүнд өөрийгөө чухам ямар авьяастай, юунд сонирхолтойгоо мэдэх хэрэгтэй болдог. Гэтэл түүнд энэ талаар бодож үзэх, нээхийг хичээх хугацаа бага үлдсэн байдаг.

Онолын хувьд аливаа шийдвэр гаргах процесс нь

1. Шийдвэрлэх асуудалтай тулгарах,

2. Хэрэгтэй мэдээлэл цуглуулах,

3. Мэдээлэлдээ тулгуурлан анализ хийх,

4. Бусад (гэрийнхэн, найз нөхөд, ном сонин, телевиз)-тай болон тэдэнд байгаа мэдээлэлтэйгээ өөрийнхийгөө харьцуулах, санал солилцох

5. Шийдвэр гаргах,

6. Үр дүнд сэтгэл ханамжгүй байвал дахин 2-р шатанд очих гэсэн үндсэн 6 шатанд хуваадаг.

Тэгвэл ирээдүйн мэргэжлээ сонгохын босгонд ирсэн сурагчдыг бодоод үзье. Тэд өөрийн дур сонирхолтой мэргэжлээ тогтоож чадаагүй гэж таамаглая. Шийдвэр гаргах процессийн 2, 3-р шатанд энэ талаарх мэдээлэл олж авах боломж муу гэдгийг дээр өгүүлсэн тэгээд мэдээлэл байхгүй бол ихэнх хүмүүс шууд 4-р шатанд шилжиж, нийтээрээ дагаж мөрдөж буй жишигтэй харьцуулах мэдээлэл ч байхгүй болохоор зүгээр тэр чигээр нь нийт мэргэжлүүдэд дэс дараалал тогтоодог.

Өөрөөр хэлбэл зүгээр л бусдад буй мэдээлэл, гэрийнхэн болон найз нараас сонссон, хүмүүсийн магтсан, сонин хэвлэлээс уншсан зүйлдээ шүүн тунгааж үзэлгүй шууд итгэж хүлээн авдаг. Тэгвэл тэр нийгэмд тогтоод байгаа “сайхан“ ажил мэргэжлийн дэс дараалал гэж юу вэ? Алдар нэр, эд хөрөнгө нь хэрвээ чи энэ ертөнцөд ганцаараа байсан бол чамд ямар ач холбогдолтой вэ? Харин бүлэг хүмүүсийн дунд орвол эдгээр нь ажил мэргэжлүүдийг дэс дугаарлах үзүүлэлтүүд болдог. Бизнесмен, улс төрч эсвэл дарга, хуульч, эмч, программист зэрэг мэргэжлүүд энэхүү дэс дараалалд дээгүүр байр эзэлнэ. Бүгд л чадах ядахаараа эдгээр мэргэжлийн төлөө өрсөлдөцгөөнө. Гэхдээ бодит амьдралд эдгээр ажлын байр цөөн байдаг.

Юунд сонирхолтой байснаа мэдэхгүй байсан ч энэ мэргэжилд хүрч чадаагүйнхээ төлөө насан туршдаа харамсаж явах нэгэн байхад тэр их өрсөлдөөнийг даван үүнд хүрсэн ч сэтгэлдээ юунд сонирхолтойгоо мэдэхгүй байсандаа насны эцэст харамсах нэгэн ч байх. Бусдын сайхан гэсэн зүйл рүү дайрч эзэлсээр эцэст нь миний сайхан гэж боддог зүйл яг юу вэ гээд санааширч суух болдог. Ялагчгүй өрсөлдөөн гэж ч хэлж болох юм. Тэднийг нийтийн жишгийг бүү дага гэж заахаас илүү өөрийгөө танин мэдэхэд нь тусалж, цаг бололцоо, анхаарлаар хангах шаардлагатай. Мэргэжилд хандах хандлага хүүхэд насанд 3-4 удаа өөрчлөгдөж, солигдож болдог.

Тийм учраас зарим үед юу хүсээд байгаадаа өөртөө эргэлзэх үе олон байдаг үүнд дараах хүрээлэл, хүчин зүйлс нэлээд нөлөөлдөг. Мэргэжил сонгоход хүн 4 замын бэлчир дээр ирж зогсдог.

1. Хувийн сэтгэл зүйн хүчин зүйл /өөрийн сонирхол хүсэл, эрмэлзлэл/

2. Найз нөхөд, хамт олны нөлөөлөл, даган дууриалт

3. Гэр бүл, ээж аавын хүсэлт, шаардлага

4. Нийгмийн хэрэгцээ гэсэн сонголтуудтай нүүр тулдаг. Бид хойч үедээ ажил мэргэжлийн талаарх мэдээлэл өгөх, сонголт хийхэд нь туслаж, байнга анхаарлыг нь энэ тал дээр хандуулах ёстой.

Гэхдээ энэ зөвхөн эцэг эхчүүдэд хамаатай зүйл биш. Тэдний хувьд ч мэдэхгүй зүйл олон гэдгийг дээр өгүүлсэн. Одоо сурагчид тоо, гадаад хэл, хими физикт их цаг зарцуулдаг болсон. Ирээдүйн мэргэжлийнхээ талаар бодох нь тэдний хувьд амьдралд хааяа нэг хэрэглэх үү үгүй юү интеграл, матрицаас илүү чухал төдийгүй бодитой зүйл юм. Оюутан болдог. Дөрвөн жил сурчихаад, их л мундаг дипломтой мэргэжилтэн гараад ирдэг. Ажил олддоггүй. Олдсон нэгнийх нь цалин нь чамлагдаад байдаг. Эсвэл ажил дээр гарахаараа гологдоод эхэлдэг. Тэгээд сургуулийн сургалтын чанар муу байсан гэж гомдоллож эхэлдэг нь хэвийн үзэгдэл. Тэр гологдлуудын эгнээг өргөтгөхгүй байхыг зорих хэрэгтэй. Олон сонголт бий. Уул уурхай, барилга, программ хангамж, нийтийн хоол гээд эрэлт ихтэй мэргэжил эзэмшихээр сурч байгаа оюутнууд төгсөх курсдээ аль хэдийнэ ажлын байраа олчихсон байдаг тухай мэргэжилтний яриаг та лав анзаарсан байх. Ийм эрэлттэй мэргэжлийг сонгосон хүн хэзээ ч алзахгүй. Ядаж л төгсөөд хаана ажиллах вэ гэж толгой өвдөхгүй шүү дээ.

Тэгээд ч сурч байх хугацаандаа үйлдвэрлэлийн дадлагаа сайн хийсэн оюутнуудыг ажил олгогчид төгсөөд байгууллагадаа ажиллахыг урьдаг. Бас хичээлийн заваараа ч ажиллачих боломж гаргаж өгдөг. Тэр ч байтугай сургалтын төлбөрийг нь төлөхдөө ч гар татдаггүй. Тэгэхээр өөрөө хичээж чадвал өчнөөн олон боломж байдаг юм байна аа гэдгийг дүү нар минь болгоогоорой. Судалгаагаар инженер, программистууд болон байгалийн ухааны мэргэжилтнүүдэд сайн цалинтай ажил амархан олддог бол нийгмийн ухааныхан харьцангуй удаан хугацаанд ажил хайх хэрэгтэй болдог. Эдийн засгийнхан тэр бүр мэргэжлээрээ ажиллах боломжгүй бүр жолооч болох тохиолдол ч байдаг. Урлагийн салбарыг сонгож суралцагчдын тоотой хэд нь мэргэжлээрээ ажиллах боломжтой болдог ажээ. Инженер, программистууд, санхүүчдийн ихэнх нь бүтэн цагийн ажилтай болсон байхад сэтгэл зүйч, судлаачид цагийн ажил хийж байна.

Олон улсын хөдөлмөрийн зах зээлээс харахад эдийн засаг, математик, байгалийн ухааны мэргэжлүүд арай л илүү эрэлттэй. Хамгийн сонирхолтой шинэ мэргэжил нано технологи, агаарын тээврийн салбар. Сайн бэлтгэгдсэн мэргэжилтэн хаа сайгүй эрэлт ихтэй. Нэртэй сурган хүмүүжүүлэгч нарын хэлснээр ажил мэргэжилээ сонгох, юунд дуртайгаа мэдэх тусгай арга, програм гэж байдаггүй цорын ганц арга нь энэ талаар бодож үзэх цагыг багаас нь хангалттай олгож, олон зүйлийг туршлагаар мэдэж авах боломжоор хангах хэрэгтэй байдаг байна. Энэ бол их цаг шаарддаг, шийдэхэд оюун санааны их чармайлт ордог сонголт. Ерөнхий боловсролын сургуульд ажил мэргэжлийн талаарх тусгай хичээл оруулж, сурагчдын анхаарлыг өөрийгөө танихад нь хандуулах цаг болжээ. Төгсөөд ажилгүйчүүдийн эгнээнд орогсод, ажилдаа сэтгэл ханамжгүй хүмүүс дунд одоогийн боловсролын тогтолцооны золиос бологсод олон. Хэн ямар мэргэжилтэй вэ? гэдэг нь түүний цалинг тодорхойлдог зүйл биш хэн өөрийн ажлаа сайн хийж байна вэ? гэдэг нь л тодорхойлдог. Ажлаа сайн хийхэд тухайн ажилдаа дур сонирхолтой байх их нөлөөтэй.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүүхэд(202.55.188.113) 2024 оны 02 сарын 24

Тэхээр байгалын ухаан илүү гэсэн үг юм байна тэ

0  |  0
Алемгүль(202.55.188.109) 2022 оны 06 сарын 27

Шүдний эмчээр сурахад анагаах хэцүү гэж хэлдэг дээ хххэ

2  |  0
Айдана(66.181.161.112) 2024 оны 01 сарын 18

ямар мэргэжил сураж болох бэ Турк улсад

5  |  1
Srantsetseg(66.181.161.94) 2024 оны 03 сарын 17

Bi hicheeldee dund zeregl surdag ymar mergejlel awbal boloh boloo

17  |  6
ypaнбайгаль(66.181.161.110) 2023 оны 10 сарын 11

Маш гоё мэргэжил байлаа

8  |  4
ANKHAA(139.5.218.249) 2023 оны 10 сарын 11

GAIHALTAI

6  |  3
Нямхүү сурагч(202.126.89.234) 2024 оны 03 сарын 27

Үнэн2 ямар мэргэжил сонгохон өөрийн хүсэл тэд амьдралд анх удаа хөл гишгэх гэж бга жирийн л нэг сурагч хүүхдүүд

20  |  5
eej(182.160.6.230) 2023 оны 10 сарын 11

yaag unen,ene talaar huhhduuded uneheer ih medeelel heregtei bnaa

13  |  0
Top