Засгийн газрын ээлжит хуралдаан

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 19

Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

- Ирэх сарын 9-нд Улаанбаатар хотод болох Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын XII хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг баталлаа. Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Финландын хэсгийг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Гадаад эдийн засгийн харилцаа хариуцсан орлогч Матти Анттонен нар тэргүүлнэ. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад Финланд улсаас техник, технологи, санхүүгийн дэмжлэг авах, ойн аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаа бугын цус сэлбэх, тоо толгойг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахад энэ хуралдааны зорилго чиглэнэ. Мөн Монгол Улс Хойт туйлын зөвлөлд (Arctic Council) ажиглагч гишүүнээр элсэх асуудалд Финландын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэх юм.

- Энэ сарын 22-23-ны өдрүүдэд Минск хотод болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын II хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг баталлаа. Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Беларусийн хэсгийг Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородников нар тэргүүлнэ. Хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн 2013 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлсэн ажлын биелэлтийг хэлэлцэнэ. Хоёр талын хамтарсан үйлдвэр байгуулах тухай Беларусийн талаас тавьсан саналыг ажил хэрэг болгох, Беларусь улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй монгол иргэдийн ачаа тээвэртэй холбоотой бэрхшээлийг арилгах, хоёр орны бизнесийн байгууллага, хувийн хэвшил хоорондын харилцааг өргөжүүлэхэд энэ хуралдаан чухал ач холбогдолтой.

- Монгол Улсаас Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэгийн дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Шагдарын Батцэцэгийг томиллоо. Тэрбээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм. Энэ бүс нутгийн улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг /Association of Southeast Asian Nations/ буюу АСЕАН-ы бүсийн чуулганд манай улс 1998 онд оролцож, 2005 онд Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд нэгдэн орсон ба цаашид АСЕАН-тай яриа хэлэлцээний түнш болох зорилт тавьж байна. АСЕАН-ы дэргэд сууж байсан Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдоржийг өнгөрөгч 4 дүгээр сард эгүүлэн татсан юм.

- “Барилгын материалын чанарт тавих лабориторийн хяналтыг өргөжүүлэх хөтөлбөр” баталлаа. Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, явц, үр дүнг жил бүрийн II улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

- Эрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компанид 2015 онд шаардлагатай байгаа эрчим хүчний алдагдлын татаасын санхүүжилтийн тооцоог хянаж, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт даалгалаа.

- Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн тэтгэлэгт 2014 онд батлагдсан зардлаас дэлхийн шилдэг 100 их сургуульд суралцахаар шалгарсан суралцагчдын сургалтын төлбөрийн зээлийн санхүүжилтэд Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын “Төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшуулал” эдийн засгийн ангиллаас “Эргэж төлөгдөх зээл”-ийн ангилал хооронд шилжүүлэхийг Сангийн сайд Ч. Улаанд зөвшөөрлөө.

- НҮБ-ын “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай” конвенцийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын ээлжит 8, 9 дүгээр тайлан илтгэлийг хэлэлцээд, НҮБ-ын конвенцийн хороонд хүргүүлэхээр тогтлоо. Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн байдлын талаарх товч танилцуулга, эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхах аливаа үйлдлийг хориглосон хууль, тогтоомж, түүний дагуу авсан арга хэмжээнүүд, улс төр, нийгмийн амьдралд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш оролцох боломжийг хангасан байдал, боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдлын хэрэгжилт, эмэггэйчүүд, эрэгтэйчүүдийн иргэний харилцаан дахь адил тэгш байх эрхийн хэрэгжилт зэрэг мэдээллийг илтгэлд багтаажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дагдан(202.179.15.49) 2014 оны 09 сарын 21

Иш чааваас эдийн засаг сүйрээд байхад энэ хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудууд ч гэж чааваас гэж халаглахаас өөр хэлэх муу үг алга

0  |  0
Top