Дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 12

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Онолын тэнхмийн эрхлэгч, эдийн засагчД.Лхагвадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Таньд энэ өдрийн мэнд хүргье. Манай улсын валютын орох урсгал сүүлийн жилүүдэд огцом буурсан. Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2 тэрбум орчим ам.доллараар буураад байна. Энэ нь манай эдийн засагт яаж нөлөөлж байна вэ?

 


Таны хэлсэнчлэн, өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2 тэрбум орчим ам.доллараар, экспортын орлого 800 сая ам.доллараар буурсан байгаа. Энэ нь хамгийн түрүүнд төлбөрийн тэнцэл дээр ирэх дарамтыг нэмэгдүүлж байна. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь дотоодын валютын захад хомсдол үүсч төгрөгийн ханш сулрах дарамтыг бий болгосон. Үүнээс шалтгаалан төгрөгийн бодит ханш 2012 оны эхэн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар сулраад байна.


Уул уурхайн салбар нийт орлогын дунджаар 25 хувийг үйлдвэрлэдэг, нийт экспортын орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг болсны дээр 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын 84 хувийг энэ салбарт оруулжээ. Энэ нь эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлсөн хэдий ч эдийн засгийг ганцхан салбараас хэт хамааралтай, эмзэг, мэдрэмтгий болгож байна. 2011 оны сүүлээс эхэлсэн нүүрс, зэс, алт зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн бууралтаас манай уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлого тасралтгүй буурсан. Энэ нь ч уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буурахад нөлөөлж гадаад валютын ханш чангарах, улсын төсвийн орлого буурах гэх мэт үзэгдлүүдийг дагуулсан.   

 


Эдийн засгийн хүнд байдлыг зарим эдийн засагчид олон жилийн төлбөрийн тэнцлийн алдагдалтайхолбон тайлбарлаж байна? Таны хувьд үүнтэй санал нэг байна уу?

 


Бид мэдэж байгаа. Төлбөрийн тэнцлийн өндөр алдагдалтай олон жил явж байна гэдэг нь биднийолжбайгаавалютынорлого,биднийгадагшньтөлдөгвалютынхаана ч хүрдэггүйгэсэнүг.Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл улам бүр нэмэгдсэн. Энэ нь барилга, худалдааны салбарт эерэг нөлөө үзүүлсэн хэдий ч бусад салбарууд болох ялангуяа хөдөө аж ахуй болон боловсруулах салбарыг шахах нөлөө үзүүлж байгаатай холбоотой. Валютын дотогшлох урсгал их байсан жилүүдэд ч импорт нь экспортоос илүү өсөлттэй байсан. Энгийн үгээр хэлбэл уул уурхайн орлого маань өсөлттэй байсан ч автомашин, тавилга, цахилгаан хэрэгсэл, барилгын материал гэх мэтийн барааны импорт улам нэмэгдсэн.


Хэдийгээр эдийн засгийн өсөлтийн хурд саарсан боловч 2013 онд 11.6 хувь, 2014 оны эхний улиралд 7.4 хувь байгаа нь эдийн засгийг бүхэлд нь муудсан гэж хэлэх үндэслэлгүй юм. Харин одоогийн үүссэн нөхцөл байдал нь бидэнд эдийн засгийн бүтэц сүүлийн 10 гаруй жилийн турш буруу системээр явж байжээ гэдгийг ойлгуулж, бусад салбараа хөгжүүлж эдийн засгийн илүү сайн бүтэцтэй болох боломжийг олгож байна.


Ер нь гадаад секторын нөхцөл байдал сайжрах хандлага ажиглагдаж байна уу?

 


Статистикаас харахад ажиглагдаж байна. Энэ нь зарим уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ он гарсаар өсөж эхэлсэнтэй холбоотой байх. Гэхдээ энэ өсөлт хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй. Мөн хэзээ нэг цагт бас буурна. Иймд энэ эерэг хандлагыг зөв ойлгож ашиглах хэрэгтэй. Товч хэлэхэд энэ эерэг хандлагыг дагаад орж ирсэн валютыг бүгдийг импортод зарцуулалгүй дотооддоо авч үлдэх хэрэгтэй. Энэ нь нөгөө өмнө дурдсан Хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн салбар зэрэг бусад салбаруудын гадаад худалдааны нөхцөлийг сайн байлгахад мөн тустай.


Валютын орох урсгал муу байгаа нь ханшид нөлөөлж байгаад олон хүмүүс бухимдалтай байгаа. Гэвч нөгөө талаар ам.долларын ханш чангарч байгаа нь дотоодын үйлдвэрлэл хөгжих орон зайг бий болгож байгаа гэж зарим эдийн засагчид хэлж байна.


Би яг ийм бодолтой байна. Бид дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх ёстой. Үүнийгээ борлуулах чадвартай байх ёстой. Жишээлбэл бид өөрсдийн зэсийн хүдрээрээ дэлхийн стандартад нийцсэн цэвэр зэс, зэс утас, зэс хоолойноос эхлээд үйлдвэрлэж чаддаг болох хэрэгтэй. Бид өөрсдийн малаас дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх хэрэгтэй. Дэлхийн хүн ам өсөж, амьдралын нөхцөл нь тасралтгүй дээшилж байгаа учраас хүнс болон бусад бүтээгдэхүүний эрэлт байнга нэмэгдэж байгаагийн зэрэгцээ нөөц улам хомс болж байна. Ийм нөхцөлд өөрийн түүхий эд гэдэг том давуу тал.


Гэхдээ гадаадаас авдаг түүхий эдээр ч бид бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Заавал дотоодын түүхий эдээр үйлдвэрлэнэ гэсэн үг биш л дээ. Жишээ нь, энгийн хоол болох пиццаг Монголд үйлдвэрлэхэд л бид бяслаг, улаан лоолийн сүмс зэрэг нилээн олон орцыг нь гадаадаас авч байна. Дээрх жишээн дээр дэлхийн стандартад гэдэг үг гарлаа. Энэ маш чухал ойлголт. Бид ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэдгээ ойлгуулж байж, мөн өрсөлдөхүйц үнээр худалдаж байж юмаа зарна. Өрсөлдөхүйц үнээр худалдахын тулд өрсөлдөхүйц технологи ашиглахын зэрэгцээ, техникийн болон эдийн засгийн үр ашигтай аргаар үйлдвэрлэх хэрэгтэй.


Энэ бүгдийг бий болгоход цаг хугацаа хэрэгтэй гэдгийг дахин хэлье. График дээр нэг цэгээс нөгөө цэг рүү шилжихтэй адил амархан биш. Наад зах нь ажиллах боловсон хүчин. Шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх боловсролын тогтолцоог бий болгох хэрэгтэй. Энэ тогтолцоо нь зөв хүмүүжилтэй хүн бэлтгэхээс эхлээд шаардлагатай мэдлэгийг эзэмшүүлэх хугацааг шаардана.Гэхдээ дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой бөгөөд эдийн засаг болон нийгмийн асуудлуудыг нь шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай учраас энэ нөхцөл байдал үүссэн дээр тууштай эхлэх хэрэгтэй.


Уул уурхайн салбар нь их орлогыг олж байгаа ч гэсэн өндөр капитал эрчимжсэн салбар учраас хөдөлмөр шингээх чадвар муу. Иймд орлогын ялгааг ихэсгэж улмаар ядуурал, хүний хөгжил гэх мэт нийгмийн сөрөг асуудлуудийг нэмэгдүүлж байна. Энэ нь эргээд үйлдвэрлэл хөгжихэд хөдөлмөрийн чанар талаасаа буцаад сөргөөр нөлөөлж байна. Иймд монголчууд бид бүгдээрээ юм үйлдвэрлэдэг болохын тулд ажиллах хэрэгтэй.


Ярилцсанд баярлалаа.
Э.Сонор

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top