Шуурхай удирдлагын төв үүдээ нээлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 23

2011 онд МУ-ын Эрүүл мэндийн яамны зүгээс шуурхай удирдлагын төвийг байгуулахаар ДЭМБ-д хүсэлт гаргажээ. Хүсэлтийн дагуу ДЭМБ-ын санхүүжилтээр Эрүүл мэндийн яамны дэргэд Олон улсын эрүүл мэндийн дүрэм, шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх стратегийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал, халдварт өвчний дэгдэлт, цар тахал, гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээг шуурхай удирдан зохион байгуулах, шийдвэр гаргагчдыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, салбарын болон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн үүрэгтэй Шуурхай удирдлагын төвийг байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ. ДЭМБ-ын бүсийн төвд Шуурхай удирдлагын төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монголоос дөрвөн тархвар судлагч мэргэжилтнийг тус төвд сургаж дадлагажуулсан байна.

ЭМЯ-ны шуурхай удирдлагын төв нь аудио, видео, илтгэх зэрэг интерактив мэдээлэл харилцаа холбооны орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүс, 21 аймаг, харьяа байгууллагууд, ДЭМБ, АНУ-ын Өвчин Судлалын Төв болон бусад хамтрагч талуудтай холбогдох боломжтой аж. Мөн цаг үеийн мэдээг хүлээж авах кабелийн телевиз, цахилгааны нөөц эх үүсвэр, агааржуулалт, дуу шуугианаас тусгаарласан зориулалтын хана, утасгүй интернет сүлжээнд холбогджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top