Чуулганы хуралдааны дуу, дүрсийг шууд хуулбарлан дамжуулах боломжтой болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 25

Улсын Их Хурлын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн протоколын дагуу БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Цахим парламент” төслийн нээлт энэ сарын 29-ний өдөр болох гэж байна. Уг төслийн хүрээнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын санал хураалт, микрофоны систем, чуулганы хуралдааны танхимуудын дүрс бичлэгийн төхөөрөмжүүдийг шинэчилж, LED дэлгэцээр тоногложээ. Түүнчлэн парламентын сэтгүүлчдийн өрөөг шинэчилж шаардлагатай техник хэрэгслээр тоноглосноор парламентын сэтгүүлчид төрийн ордонд мэдээ, сурвалжлага бэлтгэх, дамжуулах, чуулганы үйл ажиллагааг ажиглах зориулалт бүхий, чуулганы хуралдааны дуу, дүрс бичлэгийг хуулбарлаж авах техникийн боломжоор хангагдсан тусгай өрөөтэй болж байгаа юм.

Канад, Франц, Австрали, Швед, Польш зэрэг орнуудын парламентын сэтгүүлчид дээрхийн адил чуулганы хуралдааны дүрс, дуу бичлэгийг шууд хуулбарлан авах, парламентын ордонд мэдээ сурвалжлага бэлтгэх дамжуулах техникийн боломж бүхий өрөөнөөс мэдээ, сурвалжлагаа шуурхай дамжуулан ажилладаг юм байна.

Францын Үндэсний Ассамблей парламентын сэтгүүлчдийн үйл ажиллагааг түргэн шуурхай, чирэгдэлгүй байлгахын тулд Үндэсний Ассамблейн ордонд ярилцлага авах өрөө, интернэтийн өрөө,  харилцаа холбооны өрөө, радио, нэвтрүүлгийн өрөө гаргаж өгснөөр хэвлэл мэдээллийн ажилтнууд эдгээр өрөөнүүдийг ашиглан мэдээ, мэдээллээ олон нийтэд хүргэх үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Канадын парламентын хуралдааны талаарх мэдээллийг тус орны иргэд кабелийн телевизийн тусламжтайгаар авдаг байна. Түүнчлэн телевизээр парламентын хуралдааны дэлгэрэнгүй болон товчилсон тайлан, түүнчлэн тусгай бичлэгийг ашиглан мэдээлийг хүргэдэг ажээ.

Парламентын танхимд телевизийн камер байрлуулснаар хуралдаан харьцангуй дэгтэй, дэглэмтэй болно гэж зарим нь үзэж байсан бол телевизийн дурангийн өмнө депутатууд биеэ барьж улмаар санал бодлоо илэн далангүй, чөлөөтэй илэрхийлэх боломж нь хязгаарлагдана гэсэн болгоомжлол ч байсан байна. Гэхдээ ихэнх депутатуудын дунд хуралдааны дэггүй байдал нь үзэгчдэд нааштай биш сэтгэгдэл төрүүлнэ гэсэн санаа давамгайлах хандлагатай байжээ.

Канадын депутатуудын дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд хуралдааны танхимд телевизийн камер нэвтэрснээр депутатуудад нааштай нөлөө үзүүлнэ гэж 57.1 хувь нь хэлсэн бол гуравны нэг нь сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Нааштай нөлөө гэснийг тодруулсан асуултад санал асуулгад оролцогсдын 25.2 хувь нь хуралдааны ирц бүрдэхэд сайнаар нөлөөлнө гэж хариулсан бол, 33 хувь нь депутатууд хэлэх үгээ сайн бэлтгэх болно гэжээ.

Шведийн Рикстаг буюу парламент сэтгүүлчдэд зориулж бүх талын мэдээлэл өгөх зорилгоор тэдний ажилладаг өрөөг орчин үеийн техник, төхөөрөмжөөр тоногложээ. Ингэснээр сэтгүүлчид өөрсдөд нь зориулсан тусгай байр эсвэл ажлын өрөөндөө телевизийн дэлгэцнээс хуралдааны явцыг ажиглах боломжоор хангагдсан байна.

Тэгвэл Австрали Улсын Парламентын ордонд хоёр танхим бүхий телевизийн студитэй. Мөн хуралдааныг шууд дамжуулах удирдлагын өрөөнүүдтэй бөгөөд мэргэжлийн инженер, техникийн ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж. Уг шууд нэвтрүүлгүүд нь орон даяар телевизийн сувгуудаар цацагддаг байна.

Польшийн Сеймийн Тамгын газар нь үйл ажиллагааны журмын дагуу өөрийн мэдээллийн системээрээ дамжуулан мэдээллээ түгээдэг аж. Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах товчоо нь Сеймын үйл ажиллагаа болон холбогдох бусад баримт бичгүүдийн талаарх мэдээллийг олон нийтэд түгээхдээ өөрийн албан ёсны вэбсайтад байрлуулах буюу сэтгүүлчдэд дамжуулах байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Хэрэв тус товчооноос өгсөн мэдээлэл  нь хангалттай бус гэж үзэж байвал сэтгүүлчид ямар мэдээлэл хүсч байгаагаа нарийвчлан тодорхойлж өгдөг юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top