Зуны дугуйнаас л нэг боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 30

Намрын налгар өдрүүд дуусч жавар тачигнасан өвлийн улирал айлчлан ирлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон цаснаар жолооч нар төдийгүй замын арчилгаа цэвэрлэгээ хариуцсан дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газар, "Улаанбаатар зам арчлалт" компаний үйл ажиллагааны бэлэн байдал, шуурхай ажиллагааг шалгасан гэнэтийн шалгалт боллоо. Энэхүү байгаль эх биднээс авсан “цастай замаар хэрхэн аюулгүй зорчих бэлтгэлтэй байна вэ” гэсэн шалгалтад бид бүгд муу дүн авлаа.

Энэ шалгалтыг жил бүрийн өвөл 20-30 удаа өгдөг гэдгийг дулааны улиралд дассан жолооч, замын арчилгаа хариуцсан байгууллагууд мэддэгч жил бүр л бүдэрсээр байна. Замын цагдаагийн газраас өвөл боллоо, зам хальтиргаатай байна зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солиорой гэж анхааруулдаг боловч бидний хэнэггүй зангаас болж зам тээврийн осол аваарь олон арваараа шил дараалан гарсаар л байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн замын цагдаагийн газарт зам тээврийн осол гэмтлийн 770 дуудлага мэдээлэл иргэдээс ирүүлсний 651 тохиолдол нь хоёр машин хоорондоо мөргөлдсөн дуудлага бол 18 зам тээврийн хэргийн улмаас 19 хүн гэмтэж, 1 хүний амь нас үрэгдсэн осол бүртгэгдсэн байна.

Энэ тоон үзүүлэлтүүд нь энгийн өдрүүдийнхтэй харицуулахад 50%-иар өссөн үзүүлэлт гэдгийг замын цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа тул өвлөөс урьтаж жолооч та өвлийн дугуйгаа сольж тавих, автомашиныхаа өвлийн бэлтгэлийг ханган ажиллах талаар анхаарна уу.

Мөн замын арчилалт хариуцсан байгууллагууд ч цаг агаарын нөхцөл байдалдаа үнэлэлт өгч элс, давс, цас мөс хайлуулагч бодис, тусгай цас цэвэрлэх машин техник зэргээ сайтар бэлтгэн шуурхай үйл ажиллагааг хангаж ажиллах шаардлагатайг энд дурьдах илүүц буй за.

Харамч хүний хоёр дахин илүүг төлдөг гэдэг зүйр үгийн адил хальтиргаатай замд зуны дугуйтай хөдөлгөөнд оролцлоо л бол бусдын амь нас, эрүүл мэнд, өөрийн болон өрөөлийн эд хөрөнгө машин тэргийг сүйтгэснийхээ дараа дугуйнаас л нэг боллоо гэж халаглаж, харамсаж суухгүйн тулд жолооч та урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваарай.
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top