Жирэмсэн үеийн стресс урагт хор нөлөөтэй

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 17

Тийм. Жирэмсний хугацаанд стресс, сэтгэл гутралын байдалтай байхыг бяцхан үрдээ ямар нэгэн хортой зүйлийг уулгаж байгаатай адилтган үзэж болно. Жирэмсэн эх сэтгэл гутралын байдалтай байх үед түүний цусанд кортизол мэтийн дааврууд ялгарч эхлэдэг. Эдгээр нь ургийн бүрэлдэн бий болж байгаа эрхтэн тогтолцоонуудад ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг.

Сэтгэл санааны тогтворгүй байдалтай байгаа эмэгтэйчүүд жирэмсий эхний гурван сарын хугацаанд зулбах эрсдэл өндөр байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Мөн жирэмсэн байхдаа сэтгэл санаа тогтворгүй, стресстэй байсан эхийн хүүхэд ууртай, зан аашны өөрчлөлттэй болох магадлал өндөр байдаг.

Хэдийгээр хүүхдийн зан төрхийн хөгжилд удамшлын нөлөө чухал хамааралтай байдаг боловч бүрэлдэн бий болсон цагаас хойших үеийн эцэг эхийн хайр, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нэгэн адил үүрэгтэй гэдгийг санаарай. Хүүхэд төрсний дараагаар тархины хөгжил үргэлжлэн явагдахын зэрэгцээ төрөхийн өмнөх сэтгэцийн нөлөөлөлд дасан зохицож шинэ зан ааш сурж чаддаг ажээ. Иймд та жирэмсэн байхдаа аль болох стрессдэж уурлалгүй сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээгээрэй.

Хэрэв сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэл гутрал зэрэг нь танд тохиолдож байгаа таагүй асуудлуудын нэг болж байвал энэ талаараа эмч болон гэр бүлийнхэн, дотны найз нөхөдтэйгээ ярилцаарай. Танд хөнгөн эсвэл дунд зэргийн сэтгэл гутрал байгаа бол психотерапи буюу сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Хэдийгээр сэтгэц нөлөөт эмүүд нь ургийн өсөлт хөгжилтөнд таагүй нөлөө үзүүлдэг боловч шаардлагатай үед эмчийн заавраар хэрэглэж болдог. Мэдээж энэ шийдвэрийг гаргахад таны сэтгэцийн урдын байдал болон сэтгэц гутралын хүнд хөнгөний байдал нөлөөлөх болно.

Сэтгэл санааны таагүй байдал, сэтгэл гутралыг эмчлэхгүй байх нь таныг болон таны хүүхдэд ноцтой эрсдэл үүсгэж болзошгүй. Энэ асуудал нь жирэмсэн байх үеэс гадна төрсний дараа үргэлжилж шинэ төрсөн бяцхан үртэйгээ тогтоох нандин харилцаа, хүүхдээ хайрлах сэтгэл, эх хүний баяр баясгаланг мэдрэхэд саад болдог гэдгийг санаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top