Хуучин барилгуудыг дэс дараатайгаар дахин төлөвлөлтөд оруулна

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 17

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б. Бадралаар ахлуулсан ажлын хэсэг нь 1950-60-аад онд баригдсан орон сууцны барилгуудын чанар, аюулгүй байдалд үзлэг шалгалт зохион байгууллаа. Шалгалтын хүрээнд эдгээр барилгуудын үндсэн эрсдлийг тогтоож, мэргэжлийн чиглэлийн дүгнэлт гарган, болзошгүй аюултай үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн болгоомжгүй байдлаас үүсэх эрсдэл, эмзэг байдлыг бууруулах цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт гарган  мэргэжил арга зүйн зааварчилгаа зөвлөгөө өгсөн байна. Шалгалтад нийт 76 барилга хамрагдсан бөгөөд дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ.
 Барилга байгууламж инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацаа дууссан. Барилгын дээврийн хөндийд хог, тоосонцор, шувууны сангас хуримтлагдсан, дээврийн хучилтанд реклам, сурталчилгааны самбарыг тооцоо судалгааг үндэслэхгүйгээр байрлуулсан, орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн нь чанар аюулгүй байдалд нөлөөлж газар хөдлөлтөнд тэсвэргүй болгосон байна. Мөн цахилгааны ачааллыг нэмэгдүүлсэн, аюулгүй байдал хангагдаагүй байгаа нь гамшгийн нөхцөл байдал үүссэн үед оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд эрсдэл учруулах нөхцалийг бүрдүүлсэн байна гэж үзжээ. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай 1950, 1960 онд баригдсан, ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгуудыг дахин төлөвлөлтөнд оруулан буулгаж, шинээр барилгажуулах ажлыг дэс дараатай гүйцэтгэх шаардлагатай гэж дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулан цаашид хийх ажлын төлөвлөгөөг гаргах үүргийг холбогдох газруудад  өглөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top