В.Нэргүй: Хайрын сайхан бүхнийг сэтгэлдээ хадгалах юмсан гэж боддог

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 21

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч В.Нэргүйтэй ярилцлаа. Тэрбээр удахгүй МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Ууганбаяртай хамтарсан тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барих гэж байгаа юм.

-Удахгүй тоглолтоо хийх гэж байгаа болохоор зав муухан байгаа байх. Тоглолтын бэлтгэл ажил хэр явж байна. Тоглолтынхоо тухай сонирхуулахгүй юу?

-Санзайгалсангийн Ууганбаяр гэж Дорноговь аймгийн Алтанширээт сумын харьяат яруу найрагч залуу бий. Бид хоёр оюутан цагаас эхэлж нөхөрлөсөн. Миний С.Ууганбаярт зориулж бичсэн Монгол гээд дуу байдаг юм. Яагаад Монгол гэж нэрлэсэн гэхээр би хангайн хүүхэд, Ууганаа маань говийн хүүхэд. Бид хоёрыг нийлүүлэхээр Монгол бүтэн болдог болов уу гэдэг утгаар ингэж нэрлэсэн юм. Бид  маш олон жил нөхөрлөлөө л дөө. Ер нь нэгэн үеийн яруу найрагчид, нэг тогооноос хамт хоол идэж, зовлон жаргалаа хуваалцаж өдийг хүрсэн уран бүтээлчид бол яах аргагүй  “Шинэ мянганыхан” гэдэг тодорхойлолтонд багтаж явдаг. Тэгээд энэ бүгдээс Ууганаатайгаа нийлээд  “Хайрын цэцэрлэг” гэдэг уран бүтээлийн цэнгүүн хийх гэж байна. Яагаад “Хайрын цэцэрлэг” гэж нэрлэсэн бэ гэхээр миний хамгийн сүүлд гаргасан шүлгийн номыг “Хайрын зүг” гэдэг, харин Ууганаагийн ном “Тавилангийн цэцэрлэг” нэртэй. Тэгээд хоёр номоо нийлүүлээд “Хайрын цэцэрлэг” гэж нэрлэсэн. Тоглолтын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан байгаа.

-Тоглолтонд хичнээн уран бүтээлч ирэх вэ?

-Тоглолтод Ардын уран кохиолч Д.Цоодол, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Зангад зэрэг нийт 17 уран бүтээлч оролцоно. Бид хоёрын  төлөө зүрх сэтгэлээ зориулж, бид хоёрын хорь гаруй жил ноцолдсон уран бүтээлийн тайланг монголын ард түмэндээ нэгэн үдэш хүргэх гэж байгаад уран бүтээлч найз нартаа баярлаж байгаагаа хэлэх нь зөв байх. Урьд өмнө нь миний хувьд бие даасан уран бүтээл хийж байгаагүй. Өнгөрсөн жил Ууганаа, Ганзул бид гурвын ном нэг зэрэг гарч, номынхоо баярыг хамтдаа хийж байсан сайхан тохиолдол бол байдаг. Тоглолтын зорилго гэвэл би ямар хэмжээний яруу найрагч вэ гэдгээсээ илүү би ямар найз нөхөдтэй, ямар хүрээлэлтэй, намайг ямар хүмүүс сонсдог юм бэ гэдгийг өөрөө олж харах. Нөгөө талаасаа би нэг ийм юм хийсэн шүү гэдгээ тодорхой хэмжээгээр ард түмэндээ тайлагнах зорилготойгоор андтайгаа хамт энэ их том ажлыг эхлүүлээд явж байна даа.

-Тоглолт хэдэн удаа тоглогдох вэ?

-“Хайрын цэцэрлэг” тоглолт энэ сарын 27нд Тусгаар тогтнолын ордонд ганцхан тоглоно. Дараа нь Дархан, Багануур хотод бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг нэг тоглоно. Нийтдээ гурван л удаа тоглогдоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн сүүлд өөрийнхөө өссөн нутаг Төв аймгийн Баянхангай сумандаа нэг тоглох бодолтой байгаа.  

-Урд өмнө нь бие даасан тоглолт хийж байгаагүй гэсэн. Нийт хичнээн ном өлгийдөн авч байна. Анхны номын нээлт хэрхэн болж өнгөрч байв?

-Номын тухайд хүүхдийн номоо оруулаад одоо бараг 50-иад номтой болж байна. Яг яруу найргийн ном гэвэл гурван ном гаргаад байна. Миний анхны ном 2007 оны зургаадугаар сарын 27-нд төрсөн өдрөөр минь “Гэрэлт-Эх” гэсэн нэртэйгээр гарч байсан.  Тэр “Гэрэлт-Эх”  номын нээлт маш санаандгүйгээр үнэхээр гайхамшигтай гоё болж байсан юм. Анхныхаа номыг Ууганаатайгаа явж авчихаад дүүгийндээ ирээд байж байтал хөдөөнөөс хоёр дүү маань хүрч ирж таарсан. Тэгээд яахав ахынхаа анхны ном гээд л бөөн баяр болоод, би ч бас нилээд баярлачихсан найзтайгаа ганц нэг зуу татаад суулаа. Дүү нар ч баярлаж гүйлдээд намайг найзтайгаа анхныхаа номыг угааж байхад хооронд ярилцаад ахынхаа номын нээлтийг хийе гэсэн шийдвэр гаргасан байсан. Тэгээд бүр хийх хийхдээ нутагтаа очиж хийнэ гэж шийдсэн байсан. Ингээд миний таван дүү хурдан морины бай шагнал бэлтгээд наадамд зориулж уясан морьдын их сунгаа тааруулж гурван насны морь уралдуулж байлаа. Яг тэр үед Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Соёл-Эрдэнэ” нэвтрүүлгийн хамт олон нэвтрүүлгээ бэлтгэж явж таарсан юм. Тэгээд миний номын нээлтийн бүтэн бичлэгийг хийж байлаа гээд анхны номын хурим хэзээ ч мартагдахааргүй, дурсамж дүүрэн өнгөрч байсан юм.

-Морь гэснээс моринд дургүй монгол хүн, тэр дундаа эр хүн гэж байдаггүй байх. Таны хувьд хурдан морь сонирхоно биз?

-Би 15 жил наадмын морьдын уралдаан сурвалжилсан. Багадаа хурдан морь унадаг байлаа. Морийг маш их хүндэлж хайрлаж явдаг. Даанч нэг сул тал гэвэл морь гараанаас гарангуут л хоёр нүдний нулимс асгарчихдаг. Тэр морьд яаж уралдсан. Ямар морь яаж барианд орсон гээд бүх зүйлсийг миний нүд нулимсны цаанаас л бүдэг бадаг хардаг. Нэг жил харин хязаалан морины уралдаан сурвалжлах гээд очтол нэг хүүхэд яг гараан дээр морьд эргэнгүүт мориноосоо уначихсан. Нөгөө хүүхэдтэйгээ хамт сандраад, нүднийхээ нулимсыг бөмбөрүүлээд, мориныхоо дүрсийг камераар бичиж явлаа. Уралдаан ч дуусч, би ч ажил дээрээ очоод нөгөө бичсэн дүрсээ үзэх гэтэл камераа асаалгүй өөрөө баахан дурандаад явж байсан байдаг байна шүү. Тэр асуудлаас болж ажлаасаа хөөгдөж байсан. Би морийг тэгж л их хайрлаж хүндэлж явдаг. Монголынхоо уран гартай сийлбэр хийдэг залуусынхаа сийлсэн морьдыг ч цуглуулдаг. Жижиг том гээд төрөл бүрээрээ байгаа гэж хэлэхэд болно.

-Моринд их хайртай, хүндэлж явдаг юм чинь таны шүлгүүд дотор морины тухай шүлэг нэлээд байдаг байх даа?

- Үгүй. Би морины тухай шүлэг бичих гэж хэд хэдэн удаа оролдож байсан. Ерөөсөө сэтгэлд хүртэл сайхан болж байгаагүй. Нэг жил миний дүү морь уяж,  уясан морь нь тэр жилдээ түрүүлж байсан юм. Тэр дүүгийнхээ моринд зориулж нэг шүлэг бичиж өгч байсан юм байна. Ганцхан хувь бичээд өгч байсан. Одоо надад байдаггүй юм. Гэхдээ хүний бичсэн шүлгүүдийг их уншдаг. Тухайлбал, яруу найрагч А.Эрдэнэ-Очир ахын “Ганган хар” гэж сайхан шүлэг байдаг даа.

-Тэгвэл таны шүлгүүд голцуу юуны тухай өгүүлдэг юм бэ?

- Хайр. Хайрын тухай маш олон шүлэг зохиосон байдаг. Сүүлийн хэдэн жилээс л би  аав ээж, нутаг усны тухай шүлэг бичдэг болоод байна. Гэхдээ би хайрын шүлэг бичихдээ намайг орхиоч, хайрт минь баяртай гэх мэтчилэн хар бараан хайрын тухай ганц ч удаа бичиж байгаагүй. Яагаад гэвэл, хайр гэдэг зүйл өөрөө маш гэгээн нандин, цагаан зүйл байдаг гэж бодож явдаг учраас тэр чигээр нь хадгалах юмсан гэж боддог.

-Танд уран бүтээлээ туурвихад орчин хэр их нөлөөлдөг вэ. Ямар орчинд шүлгээ бичдэг вэ?

-Би өөрөө шүлгүүдээ маш их хүндэтгэдэг. Тийм ч учраас шүлэг бичмээр санагдсан үедээ хамгийн түрүүнд гараа угааж арц уугиулаад, дээл өмсч суугаад бичдэг. Орчин гэвэл монгол гэрт шүлэг бичих дуртай. Хүмүүс нэг их сайн анзаардаггүй байх. Эр хүн хоймортоо хөлөө завилаад сууж байгаа дүр зураг монгол гэрээс өөр хаана ч зохицохгүй юм шиг санагддаг. Тиймээс монгол гэрт шүлгээ бичих их дуртай. Түүнээс гадуур явж байхдаа ч юм уу, эсвэл яг одоо чамтай ярилцаад сууж байхдаа шүлэг бичмээр санагдаад бичвэл дараа нь надад ерөөсөө таалагдахгүй. Заавал нэг зүйл дутуу юм шиг санагдаад байдаг юм.

-Сүүлийн үед уран зохиол шүүмжлэгчид маш олон болсон байна. Жишээ нь гэвэл нийтийн дууны шүлэг утгаа алдаж, мөхөлдөө хүрч ч гэдэг юм уу. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ. Үнэхээр нийтийн дууны шүлэг утгаа алдаж байна уу?

-Хэн нэгэн шүүмжилж байна гэдэг бол тэр уран бүтээл тухайн хүнд, хувь хүнийх нь зүгээс таалагдахгүй байна гэж боддог. Ер нь бол хэн ч шүүмжилдэг. Гэхдээ уран бүтээлийг шүүмжилнэ гэдэг нэг талаасаа өрөөсгөл зүйл юм болов уу. Миний бодлоор муу яруу найрагч гэж байж болох байх. Харин  муу уран бүтээл, шүлэг гэж байдаггүй болов уу гэж боддог. Ер нь уран бүтээлийн сайн мууг цаг хугацаа аяндаа хэлээд өгнө.

-Хамгийн анх хэзээ ямар шүлэг бичиж байсан бэ?

-Би түрүүн хэлсэнчлэн хөдөөний хүүхэд шүүдээ. Завхан аймгийн Алдархаан сумын хүн. Харин багадаа Төв аймгийн Баянхангай суманд ирсэн. Анхны шүлэг гэвэл дөрөвдүгээр ангидаа багшдаа зориулж Багш гэдэг шүлэг бичиж байсан. Түүнээс хойш бага сага шүлэг оролдож эхэлсэн ч наймдугаар анги төгстөлөө дунд нь хоёр жил бүр шүлэг оролдохоо больсон байсан. Наймдугаар ангиа төгсөөд тракторын ТМС-д хуваарилагдаж байсан. Хүүхэд ч байсан сахилгагүй дэггүй ч байж, ТМС-дээ сурч байгаад багштайгаа муудалцаж сургуулиасаа хөөгдөж билээ. Тэгээд яахав сургуулиасаа хөөгдсөн хүн чинь мал маллаж амьдрахаас өөр ямар ч аргагүй болж хөдөө гэртээ харьсан. Харин тэр үед надад аз тохиож хэдэн шүлэг оролддог байсныхаа хүчинд их сургуульд орсон юм. Шүлэг бичдэггүй байсан бол би өнөөдөр хөдөөний нэг малчин эр л байх байсан гэж бодож явдаг. Одоо бол шүлэг бид хоёрыг хэн ч салгаж чадахгүй, цаг хугацаа ч салгаж чадахгүй байх. Бид хоёр бие биедээ дэндүү их дурласан. Магадгүй явж явж би шүлгэндээ хаягдах байх.

-Анхныхаа шүлгийг уншиж өгөх боломж бий юу?

-Одоо сайн санахгүй байна. Ер нь би өөрийнхөө шүлгүүдийг цээжилдэггүй. Яахав цээжилж болох байх л даа. Гэхдээ бичсэн шүлгээ цээжилчихвэл дараа дараагийн бичих шүлгүүд цээжилсэн шүлгийн хэв маягтай адилхан болчих гээд, нэг хайрцаганд орох гээд байдаг юм болов уу гэж боддог.

-Та айлын хэдэн хүүхдийн хэд дэх нь вэ?

-Би эхээсээ наймуулаа. Дээрээсээ гурав дахь нь. Манайх зургаан хүү хоёр охинтой айл.

- Гэр бүлийн аз жаргал, халуун дулаан уур амьсгалыг хамгийн түрүүнд юунаас мэдэрдэг вэ?

- Ах дүүгийн хувьд хүндлэлээс эхэлдэг. Хүндлэл нь сүүлдээ хайр болж хувирдаг. Бид бүгд хоорондоо хоёр хоёр насны зөрүүтэй. Хүүхэд ахуйдаа хоорондоо зодолдож, ноцолдож, олдсон чихрээ булаацалдаж өссөн. Хүний ухаан гэдэг бас их сонин юм. Бид 12 нас хүртлээ бие биеийгээ чи гэж дууддаг байсан. Харин 12 нас хүрсэн хойноо ах эгч нарыгаа хүндлэх ухаан суугаад бүгд та гэж дууддаг болсон. Тэгээд өсч томроод амьдралын жамаар өөр өөр зүгт явсан ч гэсэн хэн нэгэнд нь асуудал тулгарлаа гэхэд маш хурдан тусалж дэмждэг. Нэг сонин зүйл гэвэл нэгэнд нь асуудал тулгарлаа гэхэд яг өөрийнхөө дээдэх юм уу доодохтойгоо л ярьдаг. Зөвхөн тэр хоёрт л илүү амь байгаад байдаг юм болов уу гэж анзаарагддаг. Гэр бүлийн аз жаргал гэвэл ерөөсөө л бие биеэ хүндлэх хүндлэл юм л даа. Энэ хүндлэл нь цаашид явсаар бат бөх хайрын холбоос байдаг. Бие биеийгээ хүндэлж чадсан гэр бүлд л хайр оршин тогтнодог гэж боддог.

-Тэгвэл анх өрх толгойлоод, айл гэрийн эзэн болоод суух ямар байв?

-Тэр их хэцүү байсан. Яагаад гэхээр айлын хүүхдийг авч суучихаад яаж жаргаанаа л гэж айж байсан. Би жаргаана гэж амлаагүй л дээ. Гэхдээ л миний ганц айж байсан зүйл тэр байсан. Эхэндээ ч их гоё байсан л даа. Хоёулаа хөтлөлцөөд гүйж явсан бол гэнэт гурвуулаа болох бүр ямар гээч... Хүүхэд гэдэг бол ерөөсөө хайраас л төрж, ургаж, цэцэглэдэг. Хамгийн түрүүнд бодогдож байсан зүйл юу байсан гэхээр зовоохгүй л амьдаръя гэж бодогдсон. Эмэгтэй хүн гэдэг их эмзэг нандин зүйл. Тийм болохоор тэр нандин зүйл дээрээ ирэхдээ ажил дээрээ бухимдсан бол тэр бухимдлаа хаалганыхаа гадна тайлж орхичихоод ордог байх л хамгийн түрүүний зүйл. Нэг хүнийг хувцаслаад, эрхлүүлээд явж байтал гурвуулаа болоод ирэхээр бүр гоё аз жаргал байсан. Хамгийн түрүүнд аз жаргалыг мэдэрч, ханийгаа жаргалтай байлгах зүйл бол өөрөөсөө харамлаж, ханийгаа халамжлах байдаг. Тэгэхгүй өөрөөсөө харамлаж чадахгүй, ханьдаа нааж чадахгүй байж халамжлах тухай ярих утгагүй асуудал. Тиймээс эхлээд өөрөөсөө харамлаж ханьдаа нааж чадаж байвал хань чинь эргүүлээд өөрөөсөө харамлаж чамд нааж сурна гэсэн үг. Энэ л гэр бүлийн амар амгалан, халуун дулаан уур амьсгал шүү дээ.

-Анх аав болж байсан тэр сайхан дурсамжаа эргээд нэг дурсаач?

-Би чинь их орой гэр бүлтэй болсон. 34 хүртэлээ ганц бие явсан, миний хань надаас арав гаруй дүү юм. Ханийгаа жирэмсэн болоод удаагүй байхад нь утаанаас хол байлгах гээд Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явуулсан. Тэгээд тэнд байж байгаад охиноо төрүүлсэн. Хань минь төрөх гээд эмнэлэг рүү орчихсон би хадам аав ээжтэйгээ хүлээгээд зогсож байтал гэнэт манай эхнэр залгаад “Хоёулаа ямар хүүхэдтэй болсон гэнэ” гээд асуудаг юм байна. Би ч гайхаад л мэдэхгүй чи өөрөө төрөх гээд орсон биз дээ гээд л эмчээс очиж асууж байж охинтой болсон гэдгээ мэдэж байсан. Тэгээд л өөрөө яаж гарч гүйснээ мэдэхгүй, яаж дэлгүүрт очиж юм авсанаа ч санадаггүй юм.

Тэгж их баярлаж байсан. Харин тэр үед төрөхийн үүдэнд залуу хүүхэн хоёр уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би гайхаад очоод асуутал хоёр настай хүүхдийнх нь хөл хөгжихөө больсон. Монголд эмчлүүлэх боломжгүй гэсэн хариу гарсан гээд уйлаад сууж байсан. Тэгээд л би тэр хоёрт та хоёр битгий санаа зов. Би хүүхдийг чинь эмчилгээнд явуулж өгнө гэж амалсан. Эхнэрээ эмнэлгээс гаргаж аавындаа 17000 мянган төгрөгтэй орхичихоод, өөрт байсан хэдэн төгрөгөө аваад хот руу ирсэн. Тэгээд нөхөдтэйгээ уулзаад хандивын тоглолт хийхээр болоод буцаж Хархоринд очоод тоглолтоо хийж байлаа. Тэгж тэр хоёрт тусалсан. Түүнээс нэлээд олонд хандивын тоглолт зохион байгуулж, бусдад чадах ядахаараа л тусалж явлаа даа. Манай эхнэр одоо надад хааяа уурлахаараа “Чи өөрийнхөө хүүхдийг төрж байхад хүний хүүхдийн төлөө явж байсан биз дээ” гэдэг юм. /инээв/

-Анхны хүүхэд төрөхөд нэр өгнө гэдэг том асуудал тулгардаг. Таны хувьд охиныхоо нэрийг өөрөө өгсөн үү?

-Үгүй. Уг нь өөрөө нэр өгнө гээд бэлдчихсэн байсан. Оюу-Сэцэн гэдэг нэр өгнө гээд л бөөн баяр болж байлаа. Гэтэл хамаатан садан, ах дүү нараас 50 гаруй нэр ирээд сугалахаар болсон. Будаан дотор нөгөө нэрсээ хийж байгаад л шигшиж байгаад нэг нэр сугалаад гаргаад ирсэн чинь миний бичсэн нэр биш Энхцэцэг гэдэг нэр гараад ирсэн.  Миний уур хүрээд “Үгүй ээ би ийм муухай нэр өгөхгүй” гээд гүрийгээд. Муухай нэр гэдгийн учир нь дунд сургуульд байхад манай сургуульд Энхцэцэг гээд тааруухан сурлагатай охин байсан юм. Шууд л тэр нүдэнд харагдаад “үгүй” гээд л зүтгэсэн. Тэгсэн манай хадам аав ээж хоёр намайг аргадаад “Миний хүү тэгвэл дахиад сугалчих” гэдэг юм байна. Би ч тэгье. Хамгийн сүүлд гарч ирсэн нэрийг нь өгье гээд бүгдийг нь гаргаж дуусгаад хамгийн сүүлд үлдсэн ганцыг нь гаргаад ирсэн чинь дахиад л Энхцэцэг гэдэг нэр гараад ирдэг байгаа. Би ч бүр уурлаад ааваасаа асууна гээд аав руугаа залгаад асуусан чинь “Миний хүү цэцэг-тэй л нэр өгөөрэй. Эмэгтэй хүнд тийм нэр их сайн байдаг” гэж хэлсэн. Тэгээд яахав тэр үедээ аавдаа за гэж хэлчихээд үгэнд нь оролгүй охиныхоо баруун чихэнд Оюу-Сэцэн гэж гурав шивнэчихээд унтаад өглөө. Маргааш өглөө нь боссон чинь хадам ээж байдаггүй. Гайхаад асуусан чинь “өө ээж нь охиныхоо гэрчилгээг аваад явж байна” гэдэг юм байна. Би ч тэгэхээр нь өөрөө очиж аваад өөрийнхөө нэрийг өгнө гээд бодсон байсан болохоор дотроо жаахан дургүй “та тэгээд хэн гэж нэр өгөв” гээд асуусан чинь “нөгөө Энхцэцэг гэдэг нэрээр нь авчихлаа” гэдэг байгаа. Тэгээд л охин маань Энхцэцэг гэдэг нэртэй болчихсон доо. Одоо бодоод байхад энэ нэр миний охинд заяагдсан нэр юм шиг санагддаг. Охин минь эрүүл саруул сайхан л өсч байна.  

-Та ээжийгээ хамгийн ихээр хэзээ баярлуулж байсан бэ?

-Сайн хэлж мэдэхгүй байна. Магадгүй гэр бүлтэй болоход л хамгийн их баярлаж байсан байх. Яагаад гэхээр ээж минь надаас “Миний хүү гэр бүлтэй бол. Эсвэл ядаж гэр бүлтэй болдоггүй юмаа гэхэд хүүхэд төрүүлж өг” гэж маш олон удаа гуйж байсан юм.

-Тэгвэл таны хамгийн эмзэглэж явдаг зүйл юу вэ?

-Эмэгтэй хүнийг хайрлаж чаддаггүй нийгэмд амьдарч байгаадаа жаахан эмзэглэдэг. Би ч өөрөө эмэгтэй хүнийг дутуу хайрладаг байх. Энгэрээс нь цагаан сүү урсдаг эх хүн хог түүгээд гудамжинд зогсч байгааг харах бүртээ эмзэглэдэг.

-Ярилцсанд баярлалаа. Таны тоглолтонд чинь болоод цаашдын уран бүтээлд чинь амжилт хүсье.

- Баярлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top