Хоёрдугаар амаржих газрын шугам сүлжээний хөрөнгийг шийднэ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 22

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний засварын ажлыг зохион байгуулах тухай” А/885 дугаар захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу  Нийслэлийн Хоёрдугаар амаржих газрын гадна инженерийн шугам сүлжээ, “Сэтгэмж” цогцолбор сургуулийн гадна дулааны шугам, 162 дугаар цэцэрлэгийн дотор цэвэр, бохир усны шугам, ариун цэврийн өрөөний засвар, Ургах наран хорооллын бохир усны шугам сүлжээ,  Жаргалант тосгоны инженерийн шугам сүлжээ, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна дулааны шугамын ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд эдгээр ажилд нийт  451 сая 151 мянган төгрөгийг төсөвлөжээ.
 
Уг хөрөнгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2014 онд санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тендерийн хэмнэлт болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2014 онд санхүүжихээр батлагдсан боловч хэрэгжүүлэх боломжгүй болсон төсөл, арга хэмжээний хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, нийслэлийн 2014 оны төсвийн тодотголд тусгуулан батлуулахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст  үүрэг болголоо. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж  ажиллахыг  Улаанбаатар  хотын Ерөнхий  менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top