Ц.Өнөрбаян: Шагналт байранд ихэвчлэн хөдөө орон нутгийнхан шалгардаг

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 22

Монгол бичгээр хэвлэгдэн гардаг “Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан энэ жил 18 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Монгол эх орныхоо өнцөг булан бүрээс шилдэг сайхан бичигтнүүдийг тодруулдаг энэхүү уралдаан нь жил ирэх тусам өргөжин тэлж, 21 аймгийн сурагч, сонирхогчид оролцдог болжээ. Ингээд тус уралдааны талаар МУБИС-ийн Монгол хэл судлалын тэнхимийн эрхлэгч Ц.Өнөрбаянгаас тодрууллаа.

-          Уг уралдаанд хэдэн жил шүүгчээр ажиллаж байна. Уралдааны ач холбогдлын талаар яриач?

-          “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг анх зохиогдож эхлэх үеэс нь шүүгчийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Монгол бичгийн сургалтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд энэ уралдаан ихээхэн түлхэц болж байгаа юм. “Хүмүүн бичиг” сонин манай улсад монгол бичгээр гардаг цорын ганц сонин. Энэхүү сонинг манай улсын ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчид захиалж уншдаг болсон. Энэ нь монгол бичгийг дэлгэрүүлэх үйлсэд маш том хувь нэмэр оруулж байгаа хэрэг гэж бодож байна. Нөгөө талаасаа зөвхөн сурагчид биш, сонирхогчдын хүрээнд, нийт ард түмний хүрээнд нээлттэй зохион байгуулагддагаараа онцлог уралдаан юм.

Монгол бичиг гэдэг бол монголчуудын оюуны соёлын гайхамшигт бүтээл, өмч юм. Тэгэхээр энэхүү өмчөө эзэмших, хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгвэл энэ уралдааныг зохион байгуулдаг болсоноос хойш монгол бичгийг сонирхох, хувиараа судлах, суралцах хүмүүсийн тоо маш их өссөн. Мөн дунд сургуулийн монгол бичгийн багш нарын заах ур чадвар, монгол бичгийг эзэмших ур чадвар их өндөр болсон. Энэ бүхэн бүгд уралдааны үр өгөөж гэж дүгнэдэг.

-Уралдааны шалгаруулалтыг хэдэн насны ангиллаар явуулж байгаа вэ?

-          Ерөнхийд нь 1-7-р анги, 8-11 анги, насанд хүрэгчид гэж ангилж байгаа. Гэхдээ дээр нь нэмэгдээд уран бичлэг, монгол бичгийн багш нар, 12 дугаар ангийн сурагчид гэж тус тусад нь шалгаруулалт хийнэ. Энэ нь уралдааныг зохион байгуулагчаас гаргаж байгаа шагналын сантай холбоотой. Тодруулж хэлбэл 12 дугаар ангийнхныг тусад нь шалгаруулж МУИС, МУБИС-д шалгалтгүй элсэн орох эрх, суралцах хугацааны төлбөрөөс хөнгөлөх, харин насанд хүрэгч, сонирхогчдыг гадны орон руу явуулах гэх мэтээр тус тусдаа онцлог бүхий шагналын сантай юм.

-          Уралдаанд оролцогчдын хүрээллийн хувьд хаана хаанаас оролцож байна. Аль аймгийн хүмүүс илүү түлхүү оролцдог вэ?

-          Эхлээд зохион байгуулж байхад их цөөхөн аймгаас оролцдог байсан. Харин сүүлийн жилүүдэд оролцогчдын тоо маш их нэмэгдэж 21 аймгаас оролцдог болсон. Оролцогчийн хүрээлэл гэвэл Улаанбаатар хотын сурагчдаас илүүтэй хөдөө орон нутгийн багш сурагчид их оролцдог болсон. Шагналт байранд орж байгаа хүмүүс ч мөн адил ихэвчлэн хөдөө орон нутгаас шалгардаг.

 

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр болгох нуууц(112.72.11.67) 2014 оны 10 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top