Коммент: Гологдсон хүүхэд шиг болсон Түлэнхийн төв

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 10

Хоёр засаг дамжсан Түлэнхийн төвийн барилга ирэх жил ч баригдахгүй нь тодорхой боллоо. Ихэнхдээ бага насны хүүхдүүд эмчлүүлдэг энэ эмнэлгийн барилгыг ашиглалтад орохыг хүлээсэн иргэд олон. Гэтэл энэ асуудлаар хэвлэлийнхэн л мэр сэр бичиж байгаа болохоос УИХ-ын гишүүд, эрх баригчдаас дуугарах хүн гарын таван хуруунаас ч бага байна. 2012 оноос хойш яригдсан ч нэг мөр шийдэгдээгүй, асуудал дагуулсаар байгаа Түлэнхийн төвийн тухай комментуудыг Zindaa.mn онцоллоо.

  • Аргаа барсан Түлэнхийн төвийн удирдлагууд барилгынхан, компаниудаас энэ байшинг нурааж, цэвэрлэж өгөхийг гуйсан. Харин Монголоор дүүрэн байдаг “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг аж ахуй нэгж”, “Шилдгийн шилдэг” гэх сүржин өргөмжлөлт барилгын компаниудаас нэг нь ч “туслая” гэж дуугараагүй юм. Эсрэгээрээ тэдгээр компаниудад “Түлэнхийн төвийн газрыг аваагүйд баярлалаа” гэж хэлэх ёстой ч юм болов уу.

                                                                                                          www.news.mn. 2013.02.20

  • Шинээр баригдах барилгыг дулаанаар хангах боломжгүй гэсэн хариуг өгсөн тул үүн дээр гацчихаад байна. Гэтэл эмнэлгийн хашаанд олон хувийн орон сууц, оффисын барилга баригдаад дулаан цахилгааны асуудал нь ч шийдэгдсэн байхад улсын эмнэлгийн дулааны асуудал болохоор шийдэгдэлгүй үлддэг юм байна. Манайд нэг муухай зуршил байна. Энэ сайхан эмнэлгийн газрыг тэр чигээр нь аваад үлдэхгүй. Баахан орон сууцнууд баригдчихсан.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

  • “Нүд нь балай, чих нь дүлий” салбар болжээ… Эрүүл мэндийн яамныхан хуучин барилгын оронд долоон давхар цоо шинэ Түлэнхийн төвийн барилга сүндэрлүүлэх ам өгсөн юм. Харамсалтай нь өнөө­­дөр эл эмнэлгийн барилгын ажил эхлэх нь битгий хэл баригдах эсэх нь ч тодорхойгүй байна.

“Өглөөний сонин”. 2013.07.19

  • Балгас болсон барилга нь цагтаа алтан гарт эмч нар ажиллаж, осолдож, эндсэн иргэдийн эрхтэн, амь насыг аварч байсан байгууламж байлаа. Гэвч өдгөө Түлэнхийн төв түүх болон үлдэхэд тун ойрхон болжээ.

www.news.mn. 2013.10.15

  • Түлэнхийн эмнэлгийг яаралтай бариач ээ, дарга нар аа! Хүүхэд түлэгдээд эмнэлэгт очоод хэвтэхэд яг дайнд нэрвэгдсэн мэт сэтгэгдэл төрж байж билээ. Хүүхэд түлэгдчихсэн, очсон эмнэлэг нь ор байхгүй, коридорт нэг гудас олж ирээд хэвтээд эх хүний хувьд шоконд орсон. Ядаж хүүхэд нь өвдсөн ч эмнэлэг шиг эмнэлэг намайг угтаж авсан бол сар бүр татвараа төлдөг Монгол улсын иргэний хувьд Сомалид байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй байсан байх.

 www.zindaa.mn. 2014.09.03

  • Монголдоо ганцхан байдаг Түлэнхийн төв нэр төдийхөн эмнэлэг болоод удаж байна. Ер нь бол төр засаг иргэдийг ямар нэг байдлаар, санамсар болгоомжгүйгээр ч хамаагүй түлэгдэх, хөлдөхийг хориглочихлоо, энэ үйлдлээрээ. Түлэнхийн төв, газар нь, төсөвлөсөн мөнгө нь ч газрын гаваар оров бололтой. Юутай харамсалтай, иргэд минь юутай өрөвдөлтэй.

www.mminfo.mn. 2014.09.08

  • Өнгөрсөн оны долдугаар сард шинэ Түлэнхийн төвийн зураг төсөл бэлэн болсон.. Гэтэл тэр өдрөөс хойш хуучин эмнэлгийн нэг тоосгыг ч нураагаагүйгээр барахгүй хуучин эмнэлэг өнөөдөр "архичдын ариун цэврийн өрөө" болчихоод байгааг албаны хүн анзаараагүй бололтой.

www.mass.mn. 2014.04.15

  • “ЭЗТ” ХХК Түлэнхийн төвийн зураг төслийг боловсруулж, шугамын ажил хийж байсан аж. Гэтэл яагаад ингэж хийж буй ажил хойшилж, царцаасан барилгын тоонд орох болсон нь салбарын сайд Н.Удвалын санаачлагагүй байдалтай холбоотой байж болох.

www.factnews.mn. 2014.05.21

  • ЭМЯ-ны дэд сайд Ж.Амарсанаагаас нэгэн сэт­гүүлч “Түлэнхийн төвийн газар хэн нэгний өмч болчих вий” гэхэд тэрбээр “Ард иргэд Түлэнхийн төвд санаа зовох зүйл байхгүй. Удахгүй сайхан эмнэлэг сүндэрлэн босох болно” гэх хариулт өгч байсан ч өдгөө энэ амлалт биелэлээ олсонгүй.

 “Өглөөний сонин”. 2014.05.20

  • Анх 8.1 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр баталж, ажлыг нь эхлүүлэхээр болсон ч энэ онд 21 тэрбум төгрөг болж барилгын ажлын зардал гурван жилийн дотор гурав дахин өссөн ч өнөөг хүртэл таг хэвээрээ байгаа нь хачирхалтай... Мэдээж Түлэнхийн төвийн газар бол хотын “А” зэрэглэлийн газар уч­раас олон эрх мэдэлт­ний арааны шүлсийг гоо­жуулж өдгөө “Царцаасан барилга”-ын тоонд оруулж санхүү­жил­тийг нь зогсоосон гэсэн үг.

 “Өглөөний сонин”. 2014.05.20

  • Хэрвээ Түлэнхийн төвийн байрыг яаралтай шийдвэрлэхгүй бол энэ байдал дахин цааш 4-5 жил үргэлжлэх магадлал өндөр байна... Монгол Улс газрын баялгаараа дэлхийд 10-т  ордог гэж байгаа боловч одоогийн байгаа эмнэлгийн байдал маш хүнд байна.  Дэлхийд хамгийн сүүлийн байранд орох дүр зураг харагдаж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

  • Түлэнхийн төвөөр ордоггүй дарга нар, төр засгийн удирдлагуудад түлэгдэж, хөлдөх асуудал тулгардаггүй учраас энэ эмнэлгийг бүр мөсөн мартаж орхисон бололтой юм.  Төр засаг анхаардаггүй энэ эмнэлгийг “түргэн баригдчихаасай” гээд өвдөж зовсон, өвчиндөө шаналсан хэдэн хүн хүлээж сууна.

www.polit.mn. 2014.05.05

  • Хэдийгээр нэг захиргаатай ч тусдаа ажиллаж байсан хоёр эмнэлэг нэгдсэн нь ачаалал үүсэхэд нөлөөллөх нь тодорхой. Ийм хүнд байдлыг удаан үргэлжлүүлэхгүйн тулд Түлэнхийн төвийн шинэ барилгын ажлыг даруйхан эхлүүлэх хэрэгтэй байна.

www.24tsag.mn. 2014.06.03

  • ... хуучин барилгыг нь нураах компанийг хүртэл сонгочихсон байсан. Гэтэл засаг солигдлоо. Ерөнхий сайд “Энэ бол авлигажсан төсөв байна, хаслаа” гээд царцаачихсан. 2015 оны төсөвт суулгах нь ч эргэлзээтэй. Засаг солигдсоноос иргэд, өвчтөнүүд хохирч байна.

“Өнөөдөр сонин”. 2014.10.15

  • Түлэнхийн төв, төрөх тасгаа барихын оронд Төрийн яам тамгаа өргөтгөх төсөв оруулах гээд зүтгүүлж байгаа юм.

@khukhtumur. 2014.10.24

  • Хэрвээ би ЭМЯ-ны сайд асан Хүрэлбаатар байсан бол гэртээ нууж байсан мөнгөөрөө Түлэнхийн төв барьчих байсан.

@ganbatu 2014.10.24

  • Би Э.Бат-Үүл байсан бол хогийн уут, нэг наст цэцэгт зарцуулах мөнгөөр Түлэнхийн төв, Төрөх эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг барьчих байж.

@ebmbe. 2014.10.24

  • Хэрвээ би С.Баяр, Сү.Батболдын аль нэг нь байсан бол төсвөөс 14 тэрбумыг авч намын байр барихгүйгээр Түлэнхийн төв барих байсан.

 @BaljaaEB 2014.10.24

  • Энэ хоёр бие биеэ түлсэн 2 эмэгтэй цаагуураа манайд Түлэнхийн төв хэрэгтэй байгааг сануулсан гэлтэй... .

@pmardai 2014.10.24

  • Түлэнхийн төвөө барихгүй, Төрийн ордноо засна. Түлэнхийн төвийн нийт өртөг 26 тэрбум төгрөг. Гэвч ирэх жил ердөө тавхан тэрбум төгрөгийг зориулах юм байна. Ингэснээр энэ төв ирэх жил ашиглалтад орохгүй болох нь.

 “Зууны мэдээ” сонин. 2014.10.24

  • Түлэнхийн төв, хүүхдийн эмнэлгийг заавал төрийн оролцоотой шийдэх юм уу? Нийслэл шийдэхэд яагаад байдаг юм?

/@magnai21. 2014.10.28/

 Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uyngaa(202.55.183.178) 2014 оны 11 сарын 10

heden gaigui kontent orj ehelsen ingeel bhgui bolj dee huurhii 2.3 udriin nastai saitaar yh ch bilee.

0  |  0
Top