С.Баярсайхан: Програм хангамжийн салбарыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын нарийн менежмент хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 12

Монголын програм хангамж үйлдвэрлэгчид ирээдүйн хөгжлөө тодорхойлох зорилготойгоор хоёрдугаар чуулганаа хийлээ. Програм хангамжийн салбар нь Монголд харьцангуй сүүлд хөгжиж буй шинэ салбар. Тэр ч утгаараа энэ салбарт хууль, эрх зүйн орчин, оюуны өмчийн үнэлгээг боловсронгуй болгох, зах зээл дэхь програм хангамжийн өнөөгийн эрэлт хэрэгцээ болон мэдээллийн технологи, програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд дотоодын програм хангамжийн компаниудыг түлхүү оролцуулах, тэдгээрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг олон улсад өрсөлдөхүйц түвшинд хүргэх, бодлогын дэмжлэг үзүүлэх зэрэг шийдвэл зохих олон асуудлууд байдаг байна. Үүний дээр санхүү, хөрөнгө оруулалтын асуудал томоохон байр суурь эзэлдэг аж. Гэтэл програм хангамж үйлдвэрлэх нь гутал үйлдвэрлэхээс тэс өөр, хүний нүдэнд төдийлэн харагдаад байдаггүй учир банкнаас зээл хүсэх, хөрөнгө оруулалт бий болгох тал дээр бэрхшээл тулгардаг  тухай чуулганд оролцогчид дуу нэгтэй онцлов.  Тухайлбал, үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёр бие биеэ олохгүй төөрөлдөх явдал  их байдаг байна. Тиймээс хөрөнгө оруулалтын орчинг сайжруулан,  төрийг хувийн хэвшлийнхэнтэй, мөн хувийн хэвшлийнхнийг хооронд нь холбох, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх гарцыг чуулганаас хайн ярилцаж санал санаачлагуудыг гаргаж байлаа.

С.Баярсайхан: Програм хангамжийн салбарыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын нарийн менежмент хэрэгтэй

Чуулганаар хөндсөн олон асуудлуудаас санхүү хөрөнгө оруулалтын сэдвийг онцлон “Олуулаа хөгжил”  ТББ-ын гүйцэтгэх захирал  С.Баярсайхантай ярилцлаа.

- Програм хангамж үйлдвэрлэлийн бизнесийг бий болгохын тулд гарааны хөрөнгийг яаж босгох ёстой юм бэ?

-Эхлээд санаагаа олох хэрэгтэй. Харин дараа нь санаан дээрээ тулгуурлаад өөртэйгөө ижил зорилготой хүнийг олох хэрэгтэй.  Яагаад гэвэл, энэ төрлийн бизнесийг ганцаараа хийх амаргүй. Монголд доод тал нь хоёр хүн нийлж гарааны бизнесийг хийвэл зүгээр. Хөрөнгө оруулалтыг эхлээд найз нөхөд, аав ээж, хамаатан садангаасаа хандив цуглуулах замаар эхлэх хэрэгтэй. Харин дараа нь гаднаас хөрөнгө оруулалт хайх нь чухал.

Тэр нь энэ салбарыг мэддэг Монголын тэргүүн баячууд байвал зүгээр. Тийм хөрөнгө оруулагчдыг монголд бий болгох шаардлагатай байгаа юм. Тэгэж байж тодорхой санаагаа биет болгох боломж програм хангамж үйлдвэрлэгчдэд бүрдэнэ.  Үүний дараагаар тэд хөрөнгө оруулалтын санд хандах жишээтэй. Харамсалтай нь хөрөнгө оруулалтын сан гэдэг зүйл монголын програм хангамжийн салбарт байдаггүй. 

-Монгол Улсын төр оюундаа хөрөнгө оруулалт хийхгүй байна. Програм хангамж үйлдвэрлэлийн салбарт  хийж буй хөрөнгө оруулалт нь маш бага байна гэх шүүмж гарч байна л даа. Ер нь энэ салбарыг төрөөс ямар хэмжээнд дэмжих  ёстой юм бэ?

-Манай Засгийн газар болон холбогдох яам тамгын газраас програм хангамжийн зах зээлийг дотогшоо хумих биш гадагшаа тэлэх бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт байхгүй бол програм хангамжийн  бүтээгдэхүүн болоод өөр ямар ч зүйлийг бий болгож чадахгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын тогтолцоог, санхүүгийн олон механизмуудыг бий болгохгүй бол бид өнөөдөр энд чуулган хийгээд яриад маргааш үр дүн гарна гэвэл худлаа. 

Мөн Монголд онлайн бизнесийг хөгжүүлэхийн тулд татварын хөнгөлөлт, НӨАТ-аас чөлөөлөх ёстой.  Энэ тохиолдолд мөнгөтэй хүмүүс  яг саяын ярьсан шиг  онлайн бизнест болзолгүйгээр хөрөнгө оруулалт хийдэг болно.  Ер нь шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь хүчтэй хөдлөөд, залуучууд нь бүлэг үүсгээд  байнгын дуугарч төрийн чихэнд үгээ хүргээд байвал өнөөх дэмжлэг гээд байгаа мөнгөө татаж авах боломжтой.

-Нөгөө талаар  та энэ салбарыг ойлгодог хүмүүс  шийдвэр гаргах түвшинд очих ёстой гэж хэлэх гээд байна уу? 

-Яг тийм. Тэгэж байж энэ салбар урагш  явна.  Хөрөнгө оруулалтын орчин энэ салбарт байхгүй л бол тендер хүлээсэн хэдэн компаниуд байх нь үнэхээр утгагүй.  Одоо энд байгаа залуучууд ихэнх нь тендерээр л босч ирэх гэсэн ойлголттой яваа.  Улсаас их хэмжээний мөнгө аваад л энэ салбар гоё болчих юм шиг бодоод байгаа. Гэтэл үүнд асар их  менежмент, зохион байгуулалтын өөрчлөлт хийх хэрэгтэй.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top