Дильма Роуссефф: “Петробрас”-ын хэрэг Бразилийг бүхэлд нь өөрчилнө

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 17

Бразилийн Ерөнхийлөгч Дильма Роусефф тус улсын газрын тосны тэргүүлэх компани “Петробрас”-ын авлигын хэрэг Бразилийг бүхэлд нь өөрчилнө хэмээн мэдээллээ. Тэрээр өнгөрсөн баасан гарагт компанийн хэрэгт холбогдуулан 23 хүнийг авлига, мөнгө угаасан хэргээр баривчилснаас хойш анх удаагаа мэдэгдэл хийж байгаа юм.

Ерөнхийлөгч Дильма Роусефф “Петробрас” компанийн зөвлөлийн хороог 2003-2010 оны хугацаанд удирдаж байсан ч үүнийгээ билэг тэмдэг төдий хэрэг байсан гэсэн байна.

Тэрээр “Петробрасын авлигын хэрэг Бразилийн нийгэм болон төрийн, хувийн компаниудын харилцааг бүхэлд нь өөрчлөх болно” хэмээн хэлжээ. Мөн “Петробрас”-тай том хэмжээний гэрээ хийсэн бүхий л компаниудыг шалгана гэж мэдэгдсэн байна.

“Петробрас” бол Ази, Африк, Дундад Дорнодод ихээхэн нөлөөтэй, газрын тосны худалдаагаараа дэлхийд тэргүүлдэг том компани юм. Тус компанийн ихэнхи хувийг Бразилийн Засгийн газар эзэмшдэг аж.

“Петробрас”-ын гүйцэтгэх захирал асан Пауло Роберто Коста энэ оны эхээр компани нь эрх баригч Ажилчлын намын гишүүд багтсан улс төрчдөд олон сая долларыг өгсөн авлигын хэргийн тухай баталснаар шалгах ажиллагаа эхэлсэн юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top