С.Пүрэв: Уул уурхайгаас нэг их наяд гаруй төгрөг төвлөрүүлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 17

Ирэх оны төсөв орлогыг бодитой биелүүлж, татварын орчинг тогтвортой байлгаж, хэмнэлтийн горимд шилжсэн төсөв болсон тухай төсөв батлагчид хэлж буй. Өнөөдөр Сангийн яамнаас 2015 оны төсвийн тухай мэдээлэл хийхдээ ч энэ тухай онцоллоо. Сангийн дэд сайд С.Пүрэвээс зарим асуултад хариулт авлаа. 

-Ирэх оны төсвийг хэмнэлтийн горимд шилжсэн төсөв хэмээн тодотгож байгаа. Үүнээс гадна ямар онцлогтой төсөв болов?

-Ирэх оны төсвийн онцлог нь тэвчиж болох зардлыг танах ч гол баялаг үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг үргэлжлүүлэх, нийгмийн суурь үйлчилгээ болох сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, бүтээн байгуулалтыг хийх, цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх зардлыг тусгасан. Мөн 2015 онд инфляцийн түвшинг 7.0 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүнээр илэрхийлэгдэх эдийн засгийн өсөлтийг 7.1 хувь байхаар төсөвт тооцсон бөгөөд үүнтэй уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэхэд зориулж 500 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

-Ирэх онд уул уурхайн салбараас нэг их наяд, 126 тэрбум төгрөгийн  орлого төвлөрүүлэхээр улсын төсөвт тусгасан гэж мэдэгдлээ. Юуг, ямар хэмжээгээр экспортод гаргахаар төлөвлөсөн бэ? 

- Төсвийн орлого бүрдүүлэгч гол нэр төрлийн эрдэс баялаг болох зэс, нүүрсний олон улсын зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс төсөвт учирч болзошгүй эрсдлийг бууруулах зорилгоор тэнцвэржүүлсэн үнэ, зах зээлийн үнийн зөрүүгээс үүсэх орлогыг Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлнэ. Экспортын хувь хэмжээгээр авч үзэхэд, 19.8 сая тонн нүүрс, 5 сая тонн төмрийн хүдэр, 1,409.2 мянган тонн зэсийн баяжмал, 10 тонн алт экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Эдгээрэс дээрх орлогыг бүрдүүлэх юм.

-Төсвийн тэвчиж болох зардлыг танана гэж яриад байгаа. Харин тэвчиж болох гэдэгт ямар зардлууд багтаж, хэчнээх хувиар буурах вэ? 

-Тэвчиж болох зардлууд гэдэгт чиг үүргийн онцлогийг харгалзан Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, Гадаад харилцааны яамнаас бусад Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хувьд 2014 оны түвшингээс 50 хувиар бууруулна. Мөн бүтэц, чиг үүргийн давхардлыг бууруулахаар ажилтны орон тоог бууруулах, Бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгахын тулд төрийн албаны нийт 345 дэд, орлогч, зөвлөх, гэрээт ажилтныг цомхотгоно.

-Төсвийн орлогын боломжит их үүсвэрүүдийг хэрхэн бий болгох вэ?

-Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах замаар төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа. Засгийн газраас орлогын нэр төрөл бүрд шинжилгээ хийж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, татварын бааз суурь, хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ, олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарласан ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний үнийн таамаглал зэргийг нарийвчлан судалж учирч болзошгүй эрсдлийг харгалзан тооцсон.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top