Ц.Оюунгэрэл:Бүлэг дээр Р.Амаржаргал гишүүнийг ганцааранг нь нэр дэвшүүлсэн учир сонголтгүй байсан

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 18

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АН өнгөрсөн долоо хоногт болсон бүлгийн хурлаараа УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг 100 хувь дэмжиж Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Гэтэл хэдхэн хоногийн дараа ҮЗХ-ны хурлаар Ч.Сайханбилэгийг дэвшүүлэн бүлгийн хурлаараа ч дэмжлээ. Та ҮЗХ-ны хурлаар хэнд саналаа өгсөн бэ. Энэ хэр зөв зүйтэй үйлдэл гэж үзэж байна вэ?

-Өмнөх бүлгийн хурлаар бид ҮЗХ-д хэнийг оруулах вэ гэдэг дээр санал өгсөн. Уг нь ҮЗХ-д намын дарга дараагийн Ерөнхий сайд болох хүнийг санал болгох ёстой байдаг. Гэтэл ҮЗХ-ны эхний хурлаас АН-ын бүлэг хүн нэр дэвшүүл гэсэн шийдвэр гаргасан. Урьд өмнө нь ийм зүйл болж байгаагүй. Бүлэг дээр Р.Амаржаргал гишүүнийг ганцааранг нь нэр дэвшүүлсэн учраас сонголтгүй байсан. Сая Ч.Сайханбилэг гишүүнийг оруулж ирэн ҮЗХ-ны хурал сонголттой болсон. Сонголттой байсан учраас өрсөлдөөнтэй байсан. Тиймээс нууцаар санал хураасан. Тухайн үед хэн нь мөрийн хөтөлбөрөө сайн таниулж, илүү итгэл төрүүлж чадсан нь их санал авсан гэж бодож байна. ҮЗХ-ноос Ч.Сайханбилэгийг дэмж гэсэн шийдвэр гарсан учраас бүлэг намыхаа шийдвэрийг дэмжиж байгаа. Энэ байж болох асуудал.

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайд боллоо гэхэд улс орныг энэ хүнд байдлаас гаргаж чадах болов уу?

-Чадаасай гэж хүсч байна. Аль болох хурдан Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа бүрдүүлж, ажлаа жигдрүүлээсэй гэж бодож байна. Энэ ажилд нь аль болох тусалж дэмжээд, гишүүнийхээ хувьд саад болохгүй байх юмсан гэж бодож байгаа.

-Шинэ байгуулагдах Засгийн газрын сайдууд хуучин хэвээрээ давхар дээлтэй байх ёстой юу, эсвэл дан дээлтэй байсан нь дээр гэж бодож байна уу. Дан, давхар дээлний талаар таны байр суурь ямар байгаа бол?

-Үүн дээр тодорхой байр суурь алга. Олон намууд зохицож Засгийн газрыг аль болох түргэн байгуулахын тулд заавал аль нэг тал руугаа туйлшралгүйгээр шийдвэр гаргаж чадна гэж бодож байна.

Би бүх хувилбар нээлттэй байгаасай гэж бодож байна

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас бусад сайд "дан дээлтэй" байх ёстой. Мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй та санал нийлж байна уу?

-Байж болох л хувилбар. Хэрвээ энэ шийдвэрийг шинэ Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөөд, ийм байдлаар Засгийн газраа оруулан батлуулаад, түргэн байгуулна гэж бодож байвал байж болох хувилбар. Гэхдээ би бүх хувилбар нээлттэй байгаасай гэж бодож байна.

-Ирэх оны төсвийг түргэн түүхий, Ерөнхий сайд, Сангийн сайдгүй баталлаа гэсэн шүүмжлэл их байна. Ирэх оны төсөв хэр батлагдсан гэж үзэж байна вэ?

-Ирэх жилийн төсөв их хатуу болсон. Магадгүй парламентын түүхэнд популизмээс нэлээн ухарсан, газар дээрээ буусан төсөв батлагдсан. Манай яамны хувьд ч нэлээд их зүйлийг хасуулсан. Хэдийгээр төсөв танагдсан ч ажил хийж болохоор төсөв батлагдлаа гэж үзэж байгаа. Бид байгаа төсвийнхөө хэмжээнд эрчтэй ажиллана.

-Төсвийн тодотгол он гараад хийгдэх ёстой юу?

-Төсвийн тодотгол бол орлого өөрчлөгдсөн тохиолдолд хийгддэг. Орлого өөрчлөгдөхгүй бол нэмэгдэж төсөв батлагддаггүй. Харин орлого  буурахаар төлөв ажиглагдвал төсөв буурахаар тодотгол хийгдэж магадгүй. Тиймээс эдийн засаг хурдан сэргээсэй, орлого нэмэгдээсэй, улсын төсөв нэмэгдэж, тодотгол нь эерэг байгаасай гэсэн хүлээлт байна.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
до(119.40.97.108) 2014 оны 11 сарын 18

оюунгэрэл одоо болио

0  |  0
hun(103.26.192.146) 2014 оны 11 сарын 18

ene gich.ii yuga hu.tsaad bgaa yum

0  |  0
Top