Боом өвчин хүнээс хүнд халдварлахгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 18

Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг Цагаан өтөг гэх газар энэ сарын 10-ны өдөр 54 настай иргэн Л-д боом өвчний шинж тэмдэг илэрсэн тухай мэдээ ОБЕГ-т иржээ. Тус өвчтөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Онцгой байдлын албан хаагчид өвчтөнөөс дээж аван аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторид шинжлүүлэхэд боом өвчин мөн болох нь тогтоогдсон байна. Иймээс боом өвчин илэрсэн сумд Засаг даргын захирамжаар хорио тогтоогоод байгаа юм байна.

Энэхүү “Боом” өвчиний талаар ОБЕГ-ын мэргэжилтэн Д.Хонгороос тодруулахад “Боом өвчин нь савханцараар үүсгэгддэг, газрын хөрсөнд 30 жил амьдрах чадвартай өвчин. Халдварлах шалтгаан нь гэвэл өвчтэй малтай шууд харьцсанаас, мөн газар шорооноос халдварлах магадлалтай байдаг. Хамгийн  гол нь энэхүү боом өвчин нь хүнээс хүнд халдварладаггүй” гэсэн юм. Мөн уг өвчин нь сар гаруй хугацаанд эдгэрдэг бөгөөд арьсны хэлбэрээр өвчилсөн үед биеийн ил газар нүүр толгой гарын арьсанд эхлээд хүрэн улаан толбо бий болох, дараа нь гүвдрүүтэж арьсны түвшингөөс дээш товойж, цэврүү үүсэх, цэврүү нь эхний үед тунгалаг, дараа нь цусархаг, хүрэн ягаан шингэнээр дүүрдэг байна. Уг нь цэврүү нь хагарч тав тогтох ба өнгө нь харлаж хэмжээ нь томорч боомын хатиг үүсдэг байна. Хар тав нь их хатуу, хотгор барзгар гадаргуутай, ямар ч өвчингүйгээрээ онцлог гэнэ. Биеиин халуун 5-6 хоног 38-40 хүрдэг байна.  

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top