“Toyota” ирэх сараас устөрөгчөөр ажилладаг машин худалдаална

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 19

“Toyota” ирэх сараас агаар бохирдуулдаггүй, устөрөгчөөр ажилладаг машин худалдаанд гаргана хэмээн мэдээллээ. Машины үйлдвэрлэлийн зах зээлд дэлхийд тэргүүлэгч компанийн мэдээлснээр спорт загварын, дөрвөн хаалгатай "Toyota Mirai" машиныг устөрөгчийн хийгээр ажилладагаар бүтээжээ. Энэхүү машиныг Японд ирэх 12 сарын 15-аас, АНУ болон Европийн орнуудад 2015 оны дундуур худалдаанд гарах аж.

Тус компанийн дэд захирал Мицухиса Катогийн хэлснээр "Mirai" устөрөгчөөр ажилладаг машины татвар нэмэгдээгүй үнэ нь 57600 ам.доллар байна гэжээ. Мөн шатахууны хоёр цистерн бүрэн дүүрсэн үеэд 650-700 км газрыг туулах юм байна.

Харин мэргэжилтнүүд "Toyota Mirai" хэт өндөр үнэтэйгээс гадна хэрэглэгчийн хувьд шатахуун олох нь маш том асуудал болж байгаа тул компанийн хувьд маш том эрсдэл хэмээн үзэж байна. Учир нь дэлхий дээр устөрөгчийн хий олгодог станц маш цөөн байдаг аж. Япон улсад ийм станц ердөө 30 орчим байдаг бөгөөд устөрөгч нь газ болон шатахуунаас үнэтэй байдаг байна.  

“Toyota” компани эхний жилдээ энэ машинаас нийт 700 ширхэгийг худалдаалахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний 400 ширхэгийг нь японд борлуулах юм байна. Мөн энэ машиныг авах 200 гаруй урьдчилсан захиалга ирсэн бөгөөд ихэнхи нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг буруулах зорилго тавьж буй засгийн газрын байгууллагууд байсан гэлээ. Компани цаашдаа жил бүр 1000 "Toyota Mirai" борлуулна хэмээн төлөвлөжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top