Олох мөнгөний сураг, суваг хаана байна вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Төр толхилцоонтой байгаа ч 2015 оны төсвөө ямартай ч хуулийн хугацаанд нь баталчихсан. Оргүйгээс охинтой гэдэг шиг. Гэхдээ энэ төсвийг дахин дахин тодотгох шаардлага бий гэдгийг хууль тогтоогчид маань бас байн байн сануулдаг. Энэ нь түргэн шүүрхий болсон шүү гэдгийг л хэлээд байгаа хэрэг. Санасанд хүрээгүй  бол сайжруулж засах нь зүй. Харин энд нэг л зүйл хэцүүхэн байгаа. Тэр нь ирэх оны төсвийн орлогоо яаж бүрдүүлэх вэ гэдэг нь өөрөө асуудал болчихоод байна.  Энэ жилийнх шиг хэдэн зуун тэрбумаар тасарвал яах вэ. УИХ дахь олонхийн бүлгийн дарга төсвийн орлогыг бүрдүүлэх баталгаа байхгүй гэдгийг онцолсон. Ирэх жилийн төсвийг хоёр жилийн өмнөх шиг өөдрөг төсөөллөөр батлаагүй. Бодит хөрсөн дээр буулгах гэж нэлээдгүй чармайсан.

Төлөвлөж байгаагаар монголчуудад 2015 оны хувьд наад зах нь 4.7 их наяд төгрөг хэрэгтэй. Гэхдээ олно гэдэг, тэр дундаа мөнгө олно гэдэг бүр хэцүү.  Гадаад дотоод хүчин зүйл  тийм ч таатай биш байгаа.  Шуудхан хэлэхэд Монголын төсвийн орлогын бүрдэлт өмнөд хөршийн эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамаардаг. Учир нь Монгол Улс 2013 оны байдлаар экспортын бүтээгдэхүүний 87 хувийг БНХАУ-д гаргасан гэх мэдээлэл байна. Энэ нь дотоодын эдийн засаг нэг улсын эрэлтээс шууд хамааралтай болчихсоныг харуулж байгаа юм.  Урд хөрш руу урсч байгаа экспорт гэдэг маань үндсэндээ уул уурхайн бүтээгдэхүүн шүү дээ.  

Монгол Улс 2013 оны байдлаар экспортын бүтээгдэхүүний 87 хувийг БНХАУ-д гаргасан

Уул уурхай бол Монголын төсвийн хамгийн том эх ундрага болдог. Тухайлбал,  2015 онд бид 1.126 тэрбум төгрөгийн орлогыг энэ салбараасаа олохоор төсөвтөө суулгаж өгсөн.  Нийт төсвийн гуравны нэг нь гэсэн үг. Төлөвлөж байгаагаар 2015 онд  19.8 сая тн нүүрс, 5.0 сая тн төмрийн хүдэр, 1409.2 мянган тн зэсийн баяжмал, 10 тн алт  экспортлоно.   Төсөвт нүүрсний үнийг тонныг нь 50-60 ам.доллараар төсөөлж суулгасан. Гэтэл өнөөгийн байдлаар уурхай дээрээ 35 ам.доллараас хэтрэхгүй байгаа гэнэ.  Нэгэн цагт буюу 2011 онд тн нь 180 ам.доллараас давж байсан манай коксжих нүүрсний үнэ байнга буурч ирэх жил гэхэд 77 ам.доллар байх төлөвтэй аж.  Нэг сайхан нартай өдөр нүүрсний нэмэгдэггүй л юм бол төсвийн орлого дахь өөдрөг төсөөлөл  сэрүүн зүүд хэвээр байсаар 2016 онтой золгож мэдэх л юм. Хүсэхэд хясах гэдэг шиг Австрали Хятадын зах зээлд нүүрсээ татваргүйгээр нийлүүлэхээр болж байгаа нь Монголын нүүрсний  экспортын урсгалд тээг болж мэдэх юм.  

Төлөвлөж байгаагаар 2015 онд 19.8 сая тн нүүрс, 5.0 сая тн төмрийн хүдэр, 1409.2 мянган тн зэсийн баяжмал, 10 тн алт экспортлоно

Экспортын гол бүтээгдэхүүн зэсийн баяжмалын үнэ  2015 онд мөн л уруудах хандлагатай байгаа бөгөөд тн нь 6533 орчим ам.доллар байна гэсэн прогнозыг Блүмбергээс гаргасан.  Харин ирэх жилийн тухайд бол алтны үнэ ялимгүй өсөлттэй байна гэсэн таамгийг мөн агентлагаас гаргаад байгаа бөгөөд тэдний тооцоолсноор нэг унци алт 1303 ам. доллар байх төлөвтэй.

Манай улс 10 тн алт гадаад зах зээлд борлуулна.  Валютын нөөц шавхагдаж байгаа болохоор л арга буюу алтаа худалдах гэж байгаа байх. Тэгснээс алтны нөөцөө нэмэгдүүлэх, ингэснээрээ валютын ханшийн өсөлтийг хязгаарлах тухай сануулга ямагт л чих дэлсэж байдаг сан.  Өөр нэг экспорт буюу төмрийн хүдрийн тухайд гэвэл БНХАУ-д гангийн хэрэглээний өсөлт буурч байгаа болохоор үнэ өснө гэж харвал бас л  учир дутагдалтай  болох байх.

Төсвийн орлогын бүрдэлтэд чухал нөлөөтэй гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Тухайлбал, 2013 онд өмнөх жилээсээ 50 гаруй  хувь буурсан гэх мэдээлэл байдаг.  Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилт одоо хүртэл шийдэгдээгүй хэвээр байна.  Ийнхүү Монгол руу урсах хөрөнгө мөнгөний урсгал улам татарсаар байгаа нь төсвийн орлого тасрах нэг шалтгаан  болж мэднэ.  Орлогын бүрдүүлэлт энэ мэтээр хомсдохын хэрээр татвар төлөгчид тэр дундаа үндэсний баялаг бүтээгчиддээ найдах хамгийн боломжит гарц бий. Эдүгээ Монголд 80 гаруй мянган аж ахуйн нэгж, 800 мянга орчим татвар төлөгч иргэн байгаа гэсэн статистик байна.  Гэхдээ энэ баазыг өргөтгөх, хаалгыг нь бариулчихгүй  байх боломж, бодлого  төрд бас бий.

Төсвийн орлого энэ мэтчилэн тасраад байгаа хэрнээ өөр нэг урвуу хамаарал  эрхтэн дархтнуудын дунд байдаг нь хачирхалтай. Тодруулбал, гадаадын компанийн 100 сая ам.долларын төлөөгүй татварыг чөлөөлчихдөг, татварын байцаагчид өөрсөддөө 6,6 тэрбум төгрөг, тэр дундаа нэг дүүргийн татварын албаны дарга нь татвараар  хуримтлагдсан  мөнгөнөөс 200 сая төгрөгийг шагнал болгоод өгчихдөг бол  Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга тэргүүтэй хэсэг цагаан захтнуудыг нийгмийн даатгал, халамжийн хөрөнгөөс хуурамч нэрээр мөнгө завшсан тухай хэрэг мандаж эхлээд байгааг дурдаж болох юм.

П.Булган

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(112.72.11.112) 2014 оны 11 сарын 20

ter tatvariin uriig 50 huvilay gedeg ih zuv sanaa shvv.

0  |  0
Top