Египетийн ерөнхийлөгч асан Мурсиг цаазаар авна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Египетийн прокурорын газар тус улсын Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсиг гадаад улсын талд тагнуул хийсэн хэрэгт буруутган цаазаар авахаар болжээ.

Мухаммед Мурситай хамтран зүтгэгч 35 хүнийг мөн ийм  хэрэгт буруутгаж байгаа юм. Прокурор Эмад эль-Шаравийн мэдэгдсэнээр Мурси ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа хамтран зүтгэгчидтэйгээ улсын чухал нууц баримтуудыг гадаадын тагнуулын байгууллагууд, үүн дотор Ираны тагнуулуудад шилжүүлж өгсөн гэнэ. Мөн тэднийг Египетэд бий болоод байсан нөхцөл байдлыг намжаахын тулд алан хядагч байгууллагуудтай хамтран ажилласан гэж буруутгаж байгаа аж.

Харин Мурси энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна. Шүүхийн дараагийн хуралдаан энэ сарын 26-нд болох юм.  

Мухаммед Мурси 2013 оны долдугаар сарын 3-нд олон нийтийн шаардлагаар Ерөнхийлөгчийн суудлаас огцорсон юм. Тус улсад Мурсигийн талынхныг буруутгаж, түүний “Лалын ахан дүүс” байгууллагын бараг бүх удирдагчийг оролцуулсан бөгөөд Мурсиг дэмжсэн 15 мянга гаруй хүнийг баривчлаад байгаа юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top