Мэдээллийн технологийн ”Оны хүн-2014” хэн бэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Мэдээлэл холбооны технологийн өнөөгийн хөгжил, ололт нь дэлхий даяар эдийн засаг, хүний нийгмийн хөгжлийг дэмжигч гол хүчин зүйл болж, бидний амьдралд салшгүй хэсэг болон улам ихээр нэвтэрсээр байгаа билээ. Энэ цаг үетэй уралдан “Монголын Хөгжлийн Гарц” (МХГ) төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр дөчгаруй жилийн түүхэн замнал бүхий мэдээллийн технологийг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн оруулсаар ч байгаа хувь хүнийг сонгон шалгаруулж, олон нийтэд таниулан алдаршуулах зорилгоор Мэдээллийн технологи (МТ)-ийн “ОНЫ ХҮН”шалгаруулалтыг арван нэгдэх жилдээ  зохион байгуулж байна.

Доорх есөн чиглэлийн номинацид холбогдох мэргэжлийн болон дэмжих үйл ажиллагааг 2014онд амжилттай явуулсан, явуулж буй хувь хүний нэрийг дэвшүүлэн шалгаруулна:

1. Манлайлагч- МТ-ийн салбарын ажил үйлчилгээ эрхэлдэг байгууллагын удирдах ажилтан.

2. Програм зохиогч- Компьютерийн бүх төвшний програм, мэдээллийн бааз, вэб хуудас  зохиогч.

3. Судлаач- Их, дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, бие даасан судлаач, эрдэмтэн.

4. Инженер- Микропроцессорын удирдлагатай тоног төхөөрөмж зохион бүтээгч-инженер, электроник, автоматжуулалт болон сүлжээний инженер.

5. Техникч- Админ, операторч, техникч, эрдэм шинжилгээний туслах ажилтан.

6. Анхдагч- МТ-ийн салбарыг Монголд үүсч хөгжихөд хувь нэмрээ оруулсан, анх удаа МТ-ийн техник, технологи нэвтрүүлсэн хувь хүн, зохион байгуулагч(Энэ номинацид он хамаарахгүй)

7. Бизнесмэн-дэмжигч- МТ-ийн бус салбарт МТ-ийг хамгийн үр дүнтэй нэвтрүүлдэг ажил хэрэгч хүн.

8. Түшээ-дэмжигч- МТ-ийг хамгийн сайн дэмждэг төрийн ажилтан, албан хаагч, УИХ-ын гишүүн.

9. Гадаад-дэмжигч- МТ-ийг хамгийн сайн дэмждэг гадаад улсын иргэн, олон улсын байгууллагын ажилтан.

Шалгаруулалт: Оны хүнийг шалгаруулах үйл ажиллагаа нэр дэвшүүлэх, урьдчилсан сонгон шалгаруулалт, төгсгөлийн сонгон шалгаруулалт гэсэн гурван үе шатаар явагдана. Ажлын албанд хүлээн авсан огноог баримтлан хугацаанаас хоцорсон тодорхойлолт, саналыг сонгон шалгаруулалтанд оруулахгүй.

Нэр дэвшүүлэх: 2014 оны 11-р сарын 3-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд нээлттэй явуулна. Байгууллага, хувь хүн нэр дэвшүүлж байгаа хүнийхээ талаар тухайн номинацид тохирсон тодорхойлолтын маягтыг бөглөж ажлын албанд албан бичгээр буюу э-шуудангаар ирүүлнэ. Маягтыг www.mongolia-gateway.mn/itprize хаягаар хандаж авна уу.

Урьдчилсан сонгон шалгаруулалт: Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш 5 хоногт багтаан шагнал санаачлагчдын хороо ажлын албанд ирсэн тодорхойлолтыг үндэслэн номинаци тус бүрт 5 хүртэлх нэр дэвшигчийн нэр бүхий жагсаалтыг гаргана. Санаачлагчдын хороо нь тодорхойлолттой холбогдох нэмэлт тайлбар, шаардлагатай нотолгоог нэр дэвшигчээс гаргуулж авч болно.

Төгсгөлийн сонгон шалгаруулалт: Төгсгөлийн сонгон шалгаруулалтанд оролцох нэр дэвшигчдийн нэр, товч тодорхойлолтыг үндэслэн холбогдох байгууллагуудын мэргэжлийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй шалгаруулах комиссын саналыг 70%, олон нийтийн саналыг 30%-иар тус тус үнэлэн эцсийн дүнг гаргана. Номинаци тус бүрт зөвхөн эхний байр эзэлсэн хүнийг шалгаруулна.

Олон нийтийн санал хураалт: Төгсгөлийн сонгон шалгаруулалтанд оролцох нэр дэвшигчдийн талаархи мэдээллийг Интернэтэд байрлуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласнаас хойш 15 хоногийн дотор олон нийтийн саналыг ажлын албанд электрон буюу ердийн шуудангаар хүлээн авна. Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүн тухайн номинациар зөвхөн нэг удаа санал өгөх эрхтэй. Байгууллагын саналыг арван хүний саналтай тэнцүүлэн тооцно.

Шагнал: “Оны хүн”-д цом, гэрчилгээ олгоно.

Ажлын албаны хаяг:Монголын Хөгжлийн Гарц ТББ, Улаанбаатар 14201, СБД, Их сургуулийн гудамж 2/3, Хурд хотхон, 10А-38 тоот, Утас/ Факс: 319367, 99030648Э-шуудан: info@mongolia-gateway.mn, Вэб: www.mongolia-gateway.mn/itprize

Шагнал санаачлагчдын хороо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ugsraltiin engineer(150.129.143.103) 2014 оны 11 сарын 21

ta nar ene nominatsdaa tanaihnii ter gadna taliin hardware ugsralt hiideg kompanuudaa yagaad oruuldaggui um be? ter humuus mergejiltenguud baihgui bol yu hiihbaisan be? odoo baigaa ene nominatsuud chin dandaa tsagaan zahtanguudiig shagnah bololtoi.

0  |  0
Top