Э.Цолмонбаяр: Бүгд жүжиглэх гээд , бүгд найруулах гээд дайраад байх хэрэггүй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

"Зиндаа.мн" сайт уншигч та бүхэндээ "Гол дүр" хэмээх булангаа танилцуулж байна. Бид энэ булангаараа урлаг, спорт, уран бүтээл хийгээд тухайн цаг үеийн "Гол дүр"-үүдийг та бүхэнтэйгээ уулзуулж байх юм. Гол дүр гэж чухам хэн юм бэ, зөвхөн тайз, дэлгэцийн урлагийн бүтээлийн голд дүрд тоглосон хүнийг л гол дүр гэх үү, аль эсвэл... зэрэг олон асуултын хариултыг эндээс олж, бидний онцолсон "Гол дүр"-ийн сонирхолтой яриаг эндээс уншаарай. Ингээд бид "Гол дүр" булангийнхаа анхны зочинтой та бүхнийг уулзуулья.

“ТВ коктель” хамтлагийн цоглог залуус саяхан “Омарын эрэлд” уран сайхны киноныхоо нээлтийг хийсэн билээ. Сүүлийн үед хийгдсэн инээдмийн кинонууд дундаас хамгийн өндөр өртөгөөр бүтсэн гэж хэлж болох тус киноны Түгжилийн дүрийг бүтээсэн, мөн тус киноны продюссер жүжигчин, СТА Э.Цолмонбаярыг бид “Гол дүр” булангийнхаа анхны зочноор урьсан юм.

 -Утсаар ярьж байгааг чинь сонсоход шинэ жилийн захиалга хэдийнэ эхэлчихжээ дээ?

-Өө эхэлчихсэн шүү дээ. Шинэ жилийн захиалга ер нь их эрт эхэлчихдэг юм. Манайхны хувьд бүтэн жил их стресстэй ажиллаж байгаад хамт олноороо тэмдэглэдэг ганц баяр нь шинэ жил байдаг. Тэгэхээр жилдээ ганц болдог энэ баяраа сайхан тэмдэглэх гэж их ач холбогдол өгч, аль есдүгээр сар гарангуут захиалгаа өгдөг газрууд ч байдаг. Тийм болохоор бүх уран бүтээлчид арав, арваннэгдүгээр сар гээд л шинэ жилээр очих тоглох газруудтайгаа гэрээ хийгээд эхэлдэг юм.

-Гэхдээ өөртэй чинь утсаар холбогдоход нэлээд хэцүү байлаа. Ер нь танихгүй дугаараас дуудлага ирэхэд авдаггүй юм аа даа?

-Танихгүй дугаарын дуудлага авдаггүй гэхээсээ илүүтэй ийм ажлын ачаалал ихтэй үед ажил хэргийн холбоотой газруудтайгаа ярьсаар байтал ирсэн дуудлага болгоныг авч чадахгүй байх нь бий. Тэгээд эргээд холбогдох гэхээр олон танихгүй дугаараас дуудлага ирсэн байвал тэр болгон уруу утасдаад л хэн бэ, ямар асуудлаар холбогдов гээд байж амждаггүй. Тэрнээс ажил багатай үед бол авна шүү дээ.

-Би уг нь урлагийн хүмүүс их нээлттэй. Тэгээд ч хаанаас ч, ямар ч асуудлаар, ажлаар холбогдож болох учир дуудлага авахгүй байна гэж байдаггүй байх гэж бодож байлаа?

-Хамаагүй л дээ. Гэхдээ яг ийм шинэ киноны нээлтээ хийчихсэн, тэгээд давхар зураг авалт эхлүүлчихсэн үед дуудлага авахгүй байх тохиолдол гарна л даа. Бидний утас чинь хаа сайгүй л явж байдаг. Тэгэхээр янз бүрийн л асуудлаар хүмүүс залгана. Тухайлбал, төгссөн сургуулиас хүүхдүүд яриад л “Бид нэг ийм бүлгэм байгуулсан юм. Бүгдээрээ киног чинь үзэх гэсэн юм. Та ирж илтгэл тавиач” гэх мэтээр ярина. Гэтэл би нэг л утсаа авсан бол үгүй гэж хэлж чаддаггүй. “За байз, ах нь ажлаа зохицуулаад эргээд холбогдоё, яваад очьё” гэх мэтээр өөртөө ажил нэмчихнэ. Тэгж байтал гэнэт зураг авалттай болоод очиж чадахаа болино. Энэ мэтээс болоод хүүхдүүд гомдоогоод, эргээд өөрөө их зантай гэдэг нэр зүүгээд хоцрох нь бий. Тийм болохоор заримдаа танихгүй дугаар авахгүй байх тохиолдол бий.

-Шинэ киноны нээлт гэснээс “Омарын эрэлд” киноны гол дүр гэдэг утгаараа та өнөөдөр манай “Гол дүр” булангийн маань зочноор уригдсан. Энэ киноны Түгжилийн дүр таны өмнө нь дэлгэцийн урлагт бүтээж байсан дүрүүдээс юугаараа ялгаатай вэ?

-“Омарын эрэлд” кинондоо бид олон гол дүрийг гаргасан. Өмнөх кинонууддаа “ТВ коктель”-ийнхан өөрсдөө л гол дүрд нь тоглодог байсан бол энэ удаа өөрсдийгөө ерөнхийд нь хоёрдугаар план руу тавьж өгөөд, урилгаар ирсэн жүжигчдийнхээ тоглолтыг илүүтэй үзүүлэхийг хичээсэн. Манай Баатархүү ах, Адьяа, Дэлгэрсайхан нар маань киноны гол дүр. Гэхдээ миний ч дүр бас гол дүр учраас, дээрээс нь би энэ киноныхоо продюссерээр ажилласан учраас “Гол дүр”-ийн зочин байж болох болов уу гээд л ярихаар тань хүрээд ирлээ/инээв/.

Миний тухайд хүүхэд байхдаа “Би эндээс явахгүй” гэдэг кинонд нэг уйланхай хүүхдийн дүрд тоглож байсан. Дараа нь “ТВ коктель”-ийнхны хийсэн хамгийн анхны кино болох “Сайн уу, амьдрал минь” кинондоо багшдаа дурладаг, будлиу, хүмүүсийн ярьдгаар гаж гэмээр залуугийн дүрд тоглож байсан. Энэ мэтчилэн “Намрын синдром”, “Мөнгөний гахай” зэрэг кинонуудад бүтээсэн дүрүүд маань нэг тийм цагаан дүрүүд байдаг . Ер нь Өөскө бид хоёроос хурц, хэрцгий характерний дүр гарахгүй юм шиг байгаа юм, найруулагчдын өгч байгаа дүрийг харахад. “Омарын эрэлд” кинонд бүтээсэн Түгжилийн дүр маань ч бас л цагаан дүр. Өөскөгийн Хомоолын дүр ч гэсэн. Их мөнгө төгрөгтэй боссын хажууд л далдагнаад явж байдаг хоёр нөхөр. Сүүлдээ тэднийгээ мурихаар шийдэж байгаа юм. Гэхдээ бид хоёрт муриулдаг ч хүн гэж хаана байхав. Бид хоёр ч муриж чадахгүй явсаар байгаад л дуусч байгаа, нийгэмд хор учруулах гээд яваад байгаа юм шиг хэрнээ уг чанартаа огтхон ч хор хүргэж чадахгүй хоёр залуугийн дүрд л бид хоёр тоглосон доо.

-Тэгвэл амьдрал дээрээ хэн нэгийг муриж байв уу?

-Хүнд үгүй гэж хэлж чаддаггүйгээсээ болж хүнийг муриж байсан удаа бий бий. Гэхдээ утсаа салгаад таг алга болж байсан тохиолдол  байхгүй. Тэгэхийг ч хүсдэггүй. Энэ нь чинь их аюултай ш дээ. Харин очиж чадахгүй нь гээд хэлчихэж чадахгүй, мессежээр хамаг амьдралаа тоочоод, уучлалтаа гуйгаад бичиж явуулчихаад утсаа салгаж байсан үе байна. Нэрэлхүү л хүний зан юм шиг байгаа юм. Өөр хүн амьтан муриж байсан тохиолдол байхгүй. Харин нэг удаа шар сонин дээр Өөскө бид хоёрыг наадмын талбайн гадаа бөхийн тасалбар муриж зугатаалаа гэсэн мэдээлэл гарч байсан юм. Тэрэнд бид хоёр  эмзэглээд байх юмгүй. Гэтэл 80 гарсан эмээд маань маш хүндээр туссан байсан. Эмээ маань намайг утсаар дуудаад, очсон чинь хоол хийж өгөөд, тэгээд нэг юм хэлэх гээд байгаа бололтой, тэгсэн хэрнээ халгаад л, бэргэж бэргэж байснаа “Миний хүү ээжийнхээ ясыг өндөлзүүлээд, би чамайг арай ч ингэнэ гэж бодсонгүй” гээд аймаар нухацтайгаар ярихаар нь “Юу вэ эмээ, яасан бэ” гэсэн чинь нөгөө сонинг гаргаад ирж байгаа байхгүй юу. Тэрэн дээр нь бааранд ороод, охид чихдээд энэ тэр гээд аймаар биччихсэн. Тэгээд эмээдээ “Ийм юм байхгүй ээ. Сонины мэдээнд итгэх хэрэггүй. Одоо чинь үнэхээр зөв сайхан бичдэг сэтгүүлч ч байна. Худлаа элдэв юм бичдэг нь ч байна” тэр болгонд итгэх хэрэггүй ээ. Хүүдээ итгэ. Хүү нь болж бүтэхгүй байгаа бол танд харагдана гэж байдгаараа тайлбарлаж хэлж байлаа. Тэр мэдээллийг хүмүүс бас их ярьдаг юм.

-Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэдэг шиг. Огт ор үндэсгүй хоосноос тийм мэдээлэл гараагүй байх. Тэр үед яг юу болсон юм бэ?

-Яг үнэндээ бол ийм юм болсон юм. Бид найз нөхдөөрөө нийлж бөхийн барилдааныг байнга үздэг юм. Наадмыг сүүдрэвчтэй болохоор нь хүндэтгэлийн суудлын хажуугийн 18-р секцэнд сууж үзэх дуртай л даа. Тэгэхдээ тэр болгон оочерлож тасалбар авч амжихгүй болохоор очоод шагийн тасалбар авчихдаг юм. Тэр үед бас л шагийн тасалбар авах гээд тасалбар зарж байгаа хүүхэд дээр очоод тасалбар үзээд л, чамд өөр билет байхгүй юу гээд л зогсч байсан юм. Бид нэлээд олуулаа. Бас хажуугаар зөндөө олон хүн бужигнаад л тасалбар үзээд л. Тэгж байтал хажуунаас нэг залуу “Алив үзье” гээд авахаар нь өгчихөөд л, бужигнаад л байж байтал гэнэтхэн өнөө хүүхэд чинь “Миний хоёр билетийг” гэдэг байхгүй юү. Тэгсэн нь бидний бужигнаан дундуур л нэг нөхөр ажлаа хийж явсан юм шиг байгаа юм. Би ч өнөө тасалбарыг нь аваагүй болохоор “Ах нь аваагүй ш дээ. Миний дүү өөрөө зарж байсан зүйлээ сайн харж байхгүй” гээд яваад өгсөн юм. Тэгтэл тэр хавьд нэг сэтгүүлч явж таарсан шиг байгаа юм. Тэгээд бичихдээ учрыг нь ололгүй шууд л биднийг авсан мэтээр бичсэн нь жаахан муухай байсан. Дагавар нь бүүр аймаар. “Цоомоо, Өөскө хоёр олны танил болоод биеэ тоогоод такси барьчихаад биднийг таньж байгаа биз дээ гээд мөнгөө төлөлгүй буугаад явчихдаг. Ханброй руу явж ороод л ширээ ширээнд очиж суугаад, гайгүй охидтой ширээнээс залуучуудыг нь хөөж явуулаад охидыг л аваад гарч байна” энэ тэр гээд биччихсэн. Ханброй руу бид тэр оройгоо л орсон юм. Биднийг сайн дагасан юм шиг байгаа юм. Энэ бүхнийг бодит амьдрал дээр буулгаад харах юм бол такси үйлчилгээнд олон янзын характертай хүмүүс явж байна. Тэд Өөскө бид хоёрыг хараад л үнэгүй буулгах уу, хэцүү ш дээ. Ханброй руу ямар хүмүүс ордог билээ. Тэгээд л хоёр жижигхэн биетэй жүжигчин залууг бос гэсний зоргоор босоод охидоо орхиод гүйгээд явдаг нь ч хаана байгаа юм бэ.

-Үнэхээр дагасан бол харсан зүйлээ л бичсэн юм биш үү...?

-Үгүй яахав дээ, билет тэгээд алга болчихсон. Тэгээд Ханброй орсон нь бол үнэн. Ханбройд ороод олон ширээнд сууж байгаа нь ойлгомжтой. Яагаад гэвэл, бид урлагийн хүмүүс. Нэг ёсондоо бид ард түмний өмч шүү дээ. Биднийг харж инээж, уурлаж, шүүмжилж байна. Ард түмний нүдэнд ил ажлаа хийдэг хүмүүс. Тэгээд нэг газар яваад ороход тэнд нэг найз сууж байдаг. Өө Цоомоо миний найз наашаа хүрээд ирээч. Дуудна. Их гоё хүндэтгэлтэй хандаж байна. Гоё ш дээ. Баярлаад л, хойморт нь очиж суугаад л ярьж хөөрөөд, бүүр дотно найз бол “дээрийн нэг онигоогоо яриадахаач, мань чинь чаддаггүй ээ” гэнэ. Онигоогоо ярина. Инээлдээд л за сайхан баярлаарай гээд л явна. Бас тэнд нэг ах нар сууж байна. “Цоомоо миний дүү нааш ирээч” гэнэ. Яваад очно. За сайхан баярлаж байна уу гээд л явна. Энгийн хүмүүсийг энэ мэтчилэнгээр нэг их олон дуудаад байхгүй шүү дээ. Бас их олон хүн таньдаг олны танил биш хүн нэг бааранд орчихоод ширээ ширээ хэсээд явахад бид бас анзаарахгүй шүү дээ.  Гэтэл бид олны өмнө ажлаа хийдэг, биднийг таньдаг болохоор л тэгж бичээд байгаа юм л даа.

-Энэ бүхнээс залхдаг уу?

-Залхах үе байна. Залхах гэхээсээ гомдох үе олон байна. Бидний утсыг хаанаас ч олж болдог. Тэгээд хэн нэг нь залгаад ээжийн бие муу байна, хүүхдийн бие муу байна, туслаач гээд ярих нь ч бий. Энэ нь манай “ТВ коктель” хамтлагийн өмнө нь хийж байсан ажилтай холбоотой байх л даа. Бид арван хэдэн жил нэвтрүүлэг хийхдээ эхлээд Скайтел, дараа нь Мобиком, Юнител  компанийнхантай хамтраад инээдмийн нэвтрүүлгийнхээ сүүлийн хэдэн минутыг хүмүүнлэгийн ажилд зориулдаг байсан. Эдгээр компаниас маш олон сая төгрөг гаргуулж хүмүүст туслах үйл ажиллагаа явуулдаг байлаа. Бид бүрэн дүүрэн асуудлыг шийдэж чадахгүй ч тус нэмэр болог гээд 500 мянган төгрөг хэн нэгэнд тусламж болгоод аваачаад өгөх жишээний. Хороо хориноос нь нэр усыг нь авч байгаад яг энэ амьдралын төлөө үнэхээр зүтгэж байгаа, гэхдээ гундаагүй хүмүүсийг олж туслахыг хичээдэг байлаа. Олон ч хүнд тусалсан. Тэр хэрээрээ маш олон захиа авдаг, тэдгээр захианууд маш их урам зориг өгдөг байлаа. Магадгүй тэр гоё урмын хүчинд бид одоо өдий зэрэгтэй яваа байх. Манай хамтлаг байгуулагдаад одоо 10 жилийн ой болж байна. Гэхдээ орчлонд сайн муу зэрэгцэж байдаг болохоор залхах, гомдох зүйл ч бишгүй гардаг. Бид бүх хүнд хүрэлцэж чадахгүй шүү дээ. Тэгтэл “Та нартай та наргүй миний ээж өнгөрчихлөө” гэсэн захиа ирнэ. Тэр захиаг унших ямар хэцүү байхав. Утас дуугараад миний хүүхэд өвдөөд байна туслаач гэнэ. “Би аймаар завгүй байна. Та ажил дээр хүрээд ирээч” гэнэ. Миний үеийн нэг хүүхэн хүүхдээ тэврээд л орж ирж байгаа байхгүй юү. Тэгэхээр нь өөрөөсөө 50 ч юмуу, 100 мянган төгрөг гаргаж өгөөд л, “Би үнэхээр тоглолт энэ тэр зохион байгуулж амжихгүй нь ээ. Энэ аймаар эрсдэлтэй. Тийм болохоор энэ маягаараа хүмүүстэй уулзаарай. Уулзья гэж бодсон хүмүүсийн чинь утсыг олж өгье. Заримтай нь ярьж өгье” гээд явуулж байгаа юм. Гэтэл эргээд л “би хүүхдээ тэврээд очсон. Надад туслаагүй” гэх жишээтэй. Сошиал медиа хөгжсөнийг ч хэлэх үү. Угтаа бол өнөөдөр хүн бүхний ард амьдрал байна шүү дээ. Чиний ард ч, миний ард ч биднийг хараад сууж байгаа хүн байгаа л байхгүй юү. Гэхдээ л манай урлагийнхан тусалдаг шүү дээ. Маш их явдаг. Даан ч олон мянган хүнд хүрч чадахгүй л байгаа нь хэцүү болохоос. Тийм болохоор залхах гэхээсээ илүүтэй гомдох үе байдаг юм.

-Өнөөгийн нийгмийн өнгө төрх ерөөсөө л ийм болчихсон юм биш үү?

-Үнэндээ нэг уран бүтээл гаргаад тавихаар, эсвэл нэг зураг, өөрийн сэтгэгдлээ бичихээр олон сайхан урам өгсөн сэтгэгдэл бичигддэг л дээ. Гэхдээ тэр дунд хэсэг бүлэг бүхнийг харуулах гэсэн нөхөд бас байна аа. Машины зураг тавьчихсан, Солонгос оддын зургаар нүүрээ нуучихсан, эргээд хандах ямар ч хандлага байхгүй, нийгэмд юу хийж бүтээсэн нь мэдэгдэхгүй, тэгээд орж ирүүтээ хүмүүсийг элдвээр доромжилдог нэг хэсэг байна. Тэр хүмүүсийг би ямар ч зорилгогүй, нийгмээ бүүр хараар харчихсан, нийгмийг харлуулж байгаа хүмүүс гэж боддог. Яагаад гэвэл, өнөөдөр хаалга хаалга тогшоод ажилд орох гээд явж байгаа залуус байна. Салж унах нь холгүй болчихсон сарампай эксельтэй ч түүгээрээ өдөр шөнөгүй халтуур хийгээд ар гэрээ тэжээж байгаа хүн байна. Амьдрая гээд явах юм бол энэ Монголд амьдрал байна. Гэтэл ямар ч зорилгогүй нөхдүүд фэйсбүүк, твиттерийн ард суучихаад л хийж бүтээсэн юмгүй, бүхнийг харлуулаад, муучлаад сууж байдаг. Харамсалтай санагддаг. Энэ цөөхөн монголчууд уг нь эв нэгдэлтэй баймаар байгаа юм.

Гэтэл Холливудын, Солонгосын киног битүү үзэж байдаг, монголчуудаа бол муулаад л байдаг. Үнэндээ тэд киног сайн хийж байна. Би ч Солонгос сериал үздэг. Ажил багатай үедээ яарч очоод эхнэртэйгээ суугаад үздэг Солонгос кино байна. Тэд үнэхээр сайн хийж чадаж байна. Тиймээс бид тэднээс суралцах хэрэгтэй. Авах ёстой юмаа авах хэрэгтэй. Гэхдээ хэт туйлширч болохгүй. Манайхан болохоор аймаар туйлшрамтгай. Нэг муулахаараа газар дор оруулаад, нэг магтахаараа тэнгэрт хөөргөж орхиод л.

-Монголчууд туйлшрамтгай гэдэгтэй чинь санал нийлж байна. Нөгөөтэйгүүр бид гадаадын юм л бол юу ч байсан сайн, монголчууд өөрсдөө хийсэн л бол муу гэсэн нэг сонин үзлийг хэзээ ч юм өөрсдөдөө олж суулгачихаад тэрнээсээ нэг л салж чадахгүй яваа юм шиг санагдаад байдаг юм. Солонгос киногоор тархиа угаалгаж байна гээд байгаа мөртлөө монголчуудынхаа хийсэн олон ангит киног муулаад л өнөө Солонгос киног үзээд байх жишээтэй. Тэгэхээр эсрэгээрээ бас монголын урлаг үзэгчдээ дагуулж чадахгүй байгаа юм болов уу гэсэн бодол төрөөд байгаа юм?

-Наадах чинь үнэхээрийн чухал асуулт л даа. Залуучууд, ард түмэн маань, тэр бичигчид биднийг арай дэндүү том юмтай харьцуулаад байдаг. Холливудтай, Солонгостой, Японтой, Хятадтай харьцуулж байна. Гэтэл тэдний кино урлаг хэдэн жил хөгжсөн бэ, төрөөс нь яаж тэтгэж байсан бэ, ямар том бодлогоор хөгжүүлсэн бэ гэдгийг нь харах хэрэгтэй байхгүй юү. Өнөөдөр бид ард түмэндээ жаахан ч гэсэн аятайхан зүйл үзүүлчих юмсан, гэгээлэг зүйл рүү хөтлөх юмсан гээд зүтгэж л байна. Холливуд үнэхээр сайн байна. Тэгэхдээ тэд хэдэн төгрөгөөр кино хийж байна. Энд бид хэдэн төгрөгөөр кино хийж байна гэдгийг харах хэрэгтэй. Тэгээд явж явж монголынхоо кино урлагийг төр нь ч дэмжээд, ард түмэн нь ч дэмжээд өгдөг бол...  Бид үндсэрхэг л гэдэг. Яс юман дээрээ байдаггүй л байхгүй. Өчүүхэн зүйл дээр л энэ нь харагддаг. Солонгос одод дууриагаад л бариу өмд өмсөөд л, нүүрээ будаад л явцгааж байна. Тэгвэл өнөөдөр өөрсдийн гэсэн өчнөөн сайхан стиль, имиж гаргаж ирж байгаа монгол уран бүтээлчид байж л байна. Камертоны Болдыг хар. Драмын театрын Эби, Болд-Эрдэнэ гэсэн ах нар байна. Хөтлөгч, жүжигчин Анхаа байна. Манай Өөскө байна. Үс энэ тэрээр бол бас л тоглодог гар ш дээ. Өөскөг дууриаж үсээ засуулж байгаа залуучууд байна. Би харж л байна. Уг нь ийм л байх ёстой байхгүй юү. Гэтэл монголчууд бүгдээрээ дээшээ томорно гэсэн бодолтой байдаг болохоор дэргэдэх хүн нь ердөө таалагддаггүй юм шиг байгаа юм. Цаагуураа бас их долигнуур хүмүүс шиг байгаа юм. Нэг Солонгос жүжигчин ирэхээр хашгирч орилоод сүйд болно. Уг нь Монгол жүжигчид, дуучдаа тэгээд дэмжээд өг л дөө. Тэгвэл урам аваад улам ихийг хийхийг хүснэ шүү дээ. Эсвэл монголынх нь уран бүтээлчид бүгд чадваргүй муу байгаа бол шударгаар тоглолт дээр нь ирээд үүүүүүү гэж орилоод эсэргүүц л дээ. Киног нь огт үзэхгүй бай л даа. Тэгвэл бид үнэхээр болохгүй байгаа юм байна гээд өөрийг, шинийг эрэлхийлнэ шүү дээ. Одоо ч шинийг эрэлхийлж л байгаа. Гэтэл тэгдэггүй, тоглолтыг нь үзээд, киног нь үзээд кайфраад л байна. Дээр нь бидэнд байгаа чадал нь л энэ байна шүү дээ.

Уг нь урлаг, спорт хоёр тухайн улсын хөгжлийг тодорхойлж явдаг гэдэг. Харин сүүлийн үед манайхан спортоо их сайн дэмжиж, тэгснээрээ тамирчид маань дэлхийн аваргаас медаль авбал насаараа баталгаатай цалинтай болох нь гээд одоо спорт эрчимтэй хөгжиж байна. Тэгсэн чинь адилхан хөгжих ёстой өнөө урлаг нь ямар ч дэмжлэг байдаггүй.

-Ингээд ярихаар юм болгоныг төрөөс нэхэх юм, яагаад өөрсдөө бүтээж, босгож болохгүй гэж гэсэн эсэргүүцэл бас гарч ирнэ дээ?

-Нэхээгүй шүү дээ. Харин өөрсдөө болгох гээд зүтгэж л байна. Тэгэхдээ яг энэ спорт шигээ жаахан дэмжээд өгөөсэй л гээд байгаа юм. Би СУИС-ийг төгсөөд 15 жил болж байна. Тэмцсээр, зүтгэсээр байгаад өнөөдөр л дөнгөж хоолондоо хүрч байна шүү дээ. Биднийг ингэж яв гэж хэн ч албадаагүй л дээ. Тэгэхдээ энэ мэргэжлийг сонгосоны хувьд бид монголын урлагийн төлөө явж байна. Өнөөдөр хэдэн төгрөгөө өсгөөд авчихья гэсэн зорилгоор кино урлаг руу, шоу бизнес рүү орж ирж байгаа хэн нэгний дэргэд бид мэргэжлийн уран бүтээлчид байхгүй юү.  Би өнөөдөр 180 сая төгрөгөөр кино хийлээ л дээ. “Омарын эрэлд” гээд зүгээр л инээдмийн киног. Яах гэж энэ киног хийсэн бэ гэхээр, инээдмийн киног ч их мөнгөөр хийж үзье, гадаадад албаны ёсны эрхтэйгээр кино зураг авч үзье, дээрээс нь уран бүтээлчиддээ найзад нь мөнгө алга гэж гуйж биш өгдөг цалинг нь өгөөд, даацтайхан бүтээл хийх гэж зүтгээд үзье гэсэн зорилгоор ийм их мөнгө гаргаж киногоо хийсэн.

-Тэгээд санасандаа хүртэл хийж чадав уу?

-Залуу хүн болохоор ч тэр юм уу, бидний зорилго хэтэрхий хол байгаад ч тэр үү энэ бүтээл миний бодсонд 100 хувь хүрсэн гэж хэлж чадахгүй нь. Тэгэхдээ мэргэжлийн ажиллаж үзье гэсэндээ хүрч чадсан гэж 100 хувь сэтгэл хангалуун байгаа. Бид өмнө нь эмнэлгийн зураг авлаа гэхэд нэг эмнэлэг рүү ороод гуйгаад зураг авдаг байсан бол сая бүхэл бүтэн павилон босгож зураг авч үзлээ. Мөн инээдмийн кино гэдэг утгаараа их ажиллагаатай байх ёстой, өөрсдийгөө жаахан зовоосон бүтээл хийе гэж зорьсондоо 100 хувь хүрлээ. Бидний өмнө нь хийж байсан “Сайн уу, амьдрал минь”, “Мөнгөний гахай”, “Намрын синдром” гээд кинонуудаа бодох юм бол энэ кино гаргасан хөдөлмөрийн хувьд өмнөх бүтээлүүдээ давж чадсан бүтээл болсон. Кино групптээ маш их баярласан.

-Хийж үзье гэснээ хийж үзсэн ч эцсийн бүтээлдээ бүрэн сэтгэл ханаагүйд чинь баяр хүргэе. Яагаад гэвэл залуу хүн хийсэндээ эрт сэтгэл ханачихвал цаашаа явж чадахаа больчихдог гэдэг байх аа?

-Тийм байх шүү. Эндээс бас бид суралцаж л байна. Гэхдээ театраас өө ямар олиггүй бүтээл болчихвоо гээд гарвал урам хугарах байхгүй юү. Харин эндээс бид урам аваад, кайф аваад тэгэхдээ сэтгэл жаахан дундуур За бушуухан дараагийнхаа уран бүтээлд орьё гэсэн бодолтойгоор гарсан.

-Энэ л уран бүтээл хүнд байх ёстой чанар юм биш үү?

-Тийм л байх. Ямар ч байсан бид нар тэгж бодсон. Тэгээд одоо дараагийн уран бүтээлийнхээ ажилд ороод явж байна.

-Дараагийн уран бүтээлд Цоомоо бас гол дүр үү?

-Энэ бүтээлийнхээ тухай одоо арай дэлгэмээргүй байна. Ер нь миний хувьд цаашдаа жүжигчнээр ажиллахаасаа илүүтэй кино продюссерээр ажиллахыг хүсч байна. Яагаад гэвэл, манайд одоо продюссерүүд их дутагдалтай байна. Тэгээд ч энэ урлагаа сайн мэддэг хүн  энэ чиглэлээр явбал илүү амжилтад хүрэх юм болов уу гэсэн бодол байна. Тиймээс энэ чиглэлээрээ цаашдаа мэргэшиж, сурах бодол байна. Одоо л бид урлагийн хүмүүс болж байна. Ар гэр маань ойлгож, олонд жаахан танигдаж, хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байна. Тийм болохоор урлагийн төлөө юм хийх хүсэл их байна. Магадгүй энэ кино урлаг, шоу урлаг маш гоё цэцэглэн хөгжөөд эхэлвэл бид нарын амьдралд хэрэгтэй, бидний араас гарч ирж байгаа залууст ч хэрэгтэй. Цэцэглэн хөгжүүлэх ажлыг бид хийх ёстой. Тэгэхээр бүгд жүжиглэх гээд, бүгд найруулах гээд л дайраад байх хэрэггүй байна л даа. Энэ дундаасаа хэн нэг нь энэ чиглэлээр илүү сайн сураад, төгсөрөөд, энэ талын бодлогыг яаж гаргах ёстой юм бэ, залуу уран бүтээлчийг хэрхэн гаргаж ирэх юм бэ, гарч ирсэн уран бүтээлчид нь цаашаа яаж явах ёстой юм бэ гэдгийг хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бид чинь одоо чөлөөт уран бүтээлч гэсэн нэртэй эцэггүй хүүхдүүд шиг л хүмүүс яваад байна шүү дээ. Нэг компани дээр очиж би танай  жилийн рекламыг хийж өгье, төдөн төгрөг өгөөч, өөр нэг дээр ороод бид танай энэ жилийн хөдөө орон нутгийн бүх шоу арга хэмжээнүүдийг чинь хийж өгье, нэг нутгийн ах дээрээ ороод дүүгээ дэмжээч, хэдэн төгрөг өгөөч гэж явсаар хэдэн төгрөг босгож аваад түүнийгээ цаг 40 минутын кино болгоод гаргаж байна. Тэр нь юуны төлөө юм бэ.

-Өөрийнхөө л төлөө юм биш үү?

.-Нэгдүгээрт өөрийнхөө төлөө, хоёрдугаарт урлагийн төлөө. Үүнийг ойлгох хэрэгтэй. Биднийг кино хийгээд баяжаад байна гэдэг. Үгүй шүү дээ. Нэг кино хийх гэж бүтэн жилийн ажил болно. Эхлээд санаагаа олно. Тэгээд зохиолоо бичүүлнэ, дараа нь зураг авалтаа хийнэ, монтажаа хийнэ гэх мэтээр өчнөөн сар ажиллаад нэг кино хийнэ. Тэр кино нь кино театрт хэд ч хонож магадгүй. Тэгээд хэдэн төгрөг оллоо гэхэд тэр мөнгөөр энэ нийгэмд залуучуудын унаж байгаа хамгийн үнэтэй машиныг “ТВ коктель”-ийнхан тавуулаа авч чадахгүй л байхгүй юү. Үүнийг л бид ойлгосон. Тиймээс эхлээд уран бүтээлээ л сайн хийх ёстой. Угаасаа бид үүнээс өөр юм хийж чадахгүй шүү дээ. Гараад наймаа хийж чадахгүй.

-Ер нь наймаа хийх гэж оролдож үзсэн үү?

-Жаахан байхдаа ундаа зарж үзсэн. Энэ ч одоо наймаандаа орно биз дээ/инээв/. Хуушуур зарж үзсэн. Аан бас ноолуур авдаг хүмүүст ажиллаж үзсэн. Энэ яахав тэр үед хүн бүрийн л хийж үзсэн зүйл байх. Яг амьдрал дээр бол өөр наймаа хийж үзээгүй. Үзэх ч үгүй байх гэж бодож байна. Энэ өөрөө чадна гэж бардам хэлсэн хүн бүрийн хийж чаддаг ажил биш байхгүй юү. Зургаад буудалд хамт өссөн наймаа хийдэг ах нар, найз нөхөд байж л байна. Тэднийг харахад  ямар их стресстэй хүнд нөхцөлд ажиллаж байна вэ гэдэг нь харагддаг. Би бас дүүгээ наймаа хийлгэж үзсэн. Таньдаг өвөрмонголоороо дамжуулаад л Бээжингээс хамгийн хямдхан бараа авчруулаад л дүүгээр заруулж бас үзсэн. Тэр бол хэр баргийн аавын хүүгийн хийчихдэг ажил биш. Дээрээс нь одоо энэ нийгэмд хаана ямар бизнес хийх юм бэ. Бүгд л бизнес хийж байна. Тэр хүмүүсийн хажуугаар бид чихэлдэж орж дийлэх ч үгүй, чадах ч үгүй. Магадгүй дахиад  18 насандаа очоод, тэндээс эхэлвэл харин чадах байх шүү. Хүн эхнээсээ зориод зүтгэж чадвал амжилтад хүрдэг. “ТВ коктель” хамтлагийнхан бид өөрсдийгөө өнөөдөр тодорхой амжилтад хүрчихсэн гэж харах ёстой. “Хот чинжүү”-гээс эхлээд бид 13 жилийг хамтдаа үдсэн байна. Энэ хугацаанд бид хоосон хэдэн жилийг үдсэн байхав, хоолтой хэдэн жилийг үдсэн байхав, ивээн тэтгэгчтэй болтлоо хэдэн жил болохов, хүнд танигдталаа, итгэлийг олтлоо хэдэн жил явах вэ гэхээр бид амжилттай энэ бүгдийг туулаад энд ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийн энэ амжилтад хүрч чадсан болохоор би 18 насандаа очоод нэг юм бариад авахад өнөөдрийн эндээ ирэхэд амжилтад хүрсэн байна л гэж бодоод байна л даа.

-Тэгэхээр бид кино, жүжигт аль нэг дүр бүтээгээд, тайз, дэлгэцнээ гарч байгаа жүжигчнийг л тэрхүү бүтээлийн гол дүр гэж хардаг. Тэгж ч тодорхойлсоор ирсэн. Уг чанартаа тэр бүтээлийн гол дүр нь продюссер юм биш үү, өнөөгийн нийгэмд?

-Ний нуугүй хэлэхэд өнөөдрийн энэ хүнд үед мөнгийг нь гаргасан хүн гол дүр болчихоод байгаа юм. Тэр мөнгийг тэр хүн гаргаагүй бол жүжигчин тэр гоё дүрийг бүтээх үү, найруулагч тэр гоё найруулгаа хийх үү, зохиолч зохиолоо хүмүүст хүргэж чадах уу гэдэг асуудал гарна. Тэгэхээр мөнгийг гаргасан продюссер тэр бүтээлийн гол дүр болоод байгаа юм. Бүх зүйл продюссер дээр төвлөрч, түүний удирдлагаар, түүний төлөвлөснөөр явж байж тухайн бүтээл төрж байна. Холливудад гэхэд нэгдүгээр роль дээр жүжигчин биш, найруулагч биш продюссер байдаг. Тэр бүх зүйлийг төлөвлөж төлөөлнө. Харин өнөө алдартай найруулагч, жүжигчид бол тэр кино сайн бүтээл болно оо гэдгийн баталгаа нь байдаг. Тэгэхээр продюссер нэгт. Тийм болохоор би продюссер болохыг хүсээд байна. Ноймер нэг байх гэсэндээ биш шүү.

-Тэгээд юуны төлөө гэж?

- Ам нээвэл уушиг нээ гэдэг. Ний нуугүй хэлэхэд намайг жүжигчин болгоно гэдэг ээжийн маань хүсэл байсан. Би болохоор спортын хүн болно гэж зөрж , муудалцаж явсаар байгаад эцэст нь ээжийнхээ үгэнд ороод СУИС-д шалгалт өгсөн. Тэнцээгүй. Дараа жил нь дахиад шалгалт өгсөн. Бас л тэнцээгүй. Тэгээд яах вэ гээд байж байтал “Шинэ үе” продакшны захирал Ариунболд ах маань ээж бид хоёртой уулзаад, ээжийн минь хүслийг ойлгоод өөрөөрөө дэнчин тавьж байж, багш нараасаа гуйж байж намайг СУИС-д оруулж өгсөн. Тэгээд би оюутан байхдаа “Шинэ үе” продакшн-д ажилладаг болсон. Эхлээд тайз засдаг байгаад, дараа нь тайзан дээр гарч туг эргүүлдэг болсон. Тэгсээр тайзан дээр гарч ирээд “даргаа таныг хүн дуудаж байна” гэж хэлдэг болсон. Сүүлдээ балкатан дээр гардаг болсон. Тэндээс Аюуш, Өөскө хоёрыгоо олсон. Хүрлээ ах зуучилж өгөөд “Леон энтертаймент”-ийнхантай “Хот чинжүү” нэвтрүүлэг хийх болсон. Тэгж явсаар бид “Шинэ үе” продакшнаасаа албан ёсоор гарсан. Ах нарын хажууд яваад л байвал яваад л байхаар байсан. Гоё байсан. Гэхдээ яг ах нар шигээ бүгдийг эхнээс нь хийж үзэхийг хүссэн. Тэгээд “ТВ коктель” хамтлагаа байгуулж байлаа. Ээжийгээ амьдад нь хүслийг нь биелүүлсэн. Зурагтаар гардаг болсон, олонд танигдаж эхэлсэн, хамтлагаа байгуулсан. Ээжийн минь ажил дээр хүмүүс орж ирээд Өөскө, Цоомоо хоёр зурагтаар гараад балай авч байна аа гэдэг, тэр нь ээжид минь кайф байсан байх. Ээжийнхээ мөрөөдлийг биелүүлсэн гэж боддог. Мөн энэ урлагт орж ирснээр би зөв газраа орж ирсэн гэж боддог. Би эндээс амьдралынхаа найзуудыг олж авсан. Ер нь амьдралынхаа бүх л зүйлийг эндээс олж авсан. Гэхдээ хүн өөрийгөө мэддэг байх ёстой. Хүн өөрийнхөө чаддаг юмыг олж харж, тэр рүүгээ гүйвэл амжилтад хүрэх юм байна гэдгийг би ойлгосон. Юу вэ гэхээр, жүжигчнийхээ хувьд би өөрийгөө гайхалтай төрчихсөн жүжигчин гэж боддоггүй. Надад сэтгэл байна, зүтгэл байна. Би өөрийнхөө үнэхээр сайн чадах зүйлдээ бол тоглоно ш дээ. Гэхдээ би нөгөө талд ажилламаар байна, продюссерээр. Суралцмаар байна.

-Тэгэхээр Цоомоо уран бүтээлийн хувьд гол дүрд тоглоод л, бүүр том гол дүр болохын төлөө явж байгаа юм байна. Харин Цоомоогийн амьдралын гол дүрд хэр сайн тоглож чадаж байна даа?

-Ээжээсээ хойш хоёр дүүгээ аваад амьдарч байхдаа би өөрийгөө гол дүрд байна гэж боддог байлаа. Бүхнийг өөрөө аваад яваад байгаа ч юм шиг. Хэдэн төгрөг олвол тэдэндээ талыг нь өгчихөөд талыг нь өөрөө халаасалчихаад л. Тэгсэн нь биш байсан юм билээ. Эргээд харахад тэр амьдралын гол дүр нь миний хоёр дүү байж. Би чинь цаг наргүй ажиллаж байсан үе шүү дээ. Тэгэхэд тэр ар гэрийг халуун дулаан байлгах, хоолтой ундтай байлгах, цэвэр цэмцгэр байлгах, энэ бүхнийг тэр хоёр авч явсан байгаа байхгүй юү. Би чинь өөрийгөө гол дүр гээд ойлгочихсон байсан чинь биш байсан байна лээ. Энэ дашрамд хоёр дүүдээ баярлалаа гэж хэлье. Үнэхээр амьдралын гол дүр байна гэдэг их өөр зүйл юм билээ. Амьдралын гол дүр гэдэг тэр гэр орондоо харагдаж байх ёстой, тэр гэрт байхдаа байсан шиг байх ёстой юм байна. Тэрнээс орж ирээд комьюьтер, гар утас ухаад суух биш. Гэр бүлийн уур амьсгалыг сайхан авч явахаас эхлээд эхнэр, нөхөр хоёр хоёулаа тэр амьдралын гол дүр юм байна. 

-Тэгэхээр Цоомоогийн хувьд одоо л дөнгөж өөрийнхөө амьдралын гол дүр болж эхэлж байна гэсэн үг үү?

-Одоо л гол дүр болж эхэлж байна.

-Оддын өвчинд нэрвэгдэж байсан уу?

-Хүн өөрийгөө өөрчлөгдөж байгааг мэддэггүй. Магадгүй өөрчлөгдсөн л байх. Ямар ч байсан багын найз нөхдийн зүгээс уулзахгүй байна, тоохгүй байна, их өөр болсон байна, аргагүй дээ урлагийн лаг од гэх мэт гомдол их ирдэг юм. Энэ дашрамд тэр найзууддаа хандаад хэлэхэд оддын өвчин тусаад яваад байгаа юм алга байна. Өнөөдөр бидэнд хийж бүтээх юм их байна. Энэ завгүй цаг хугацаанд тэр болгон уулзаад байх боломж алга байна. Хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Илүү ихийг бүтээх хэрэгтэй байна. Тэрийгээ хийж, бүтээсний дараа, 40, 50 хүрээд үнэхээр сэтгэл нь байвал бидэнд уулзалдаад хөгжилдөөд суух өдрүүд ирэх байлгүй дээ л гэж боддог шүү.

-Би өөрийг чинь өмнө нь эхнэртэй байсан гэж сонсч байлаа. Тэгээд сольчихсон гэж. Ер нь ажиглаад байхад хүмүүс жаахан нэрд гараад ирэхээрээ, өндөр албан тушаалд очихоороо эхнэрээ сольдог хандлага сүүлийн үед ажиглагдаад байна л даа. Энэ ямар учиртай юм бол оо?

-Үүнийг та дам дамаа хүнээс сонссон байх. Би амьдралдаа нэг л удаа хүнтэй гэрлэсэн. Тэр нь одоо миний энэ хань. Гэтэл намайг сонин хэвлэлээр урьд нь амьдралтай байсан, гэр бүлтэй байсан. Хүүхэдтэй байсан ч гэж бичдэг. Хэн нэгний зохиогоод ярьчихсан яриа явсаар байгаад сонинд хүртлээ өндрөө авсан шиг байгаа  юм. Худлаа болохоор би үүнд нэг их ач холбогдол өгдөггүй.  Би хүнтэй суулгүй гуч гартлаа явлаа шүү дээ. Тэгэхэд нэг л хэцүү юм байдаг байсан. Цагаан сар болохоор хамаатнууд “Одоо хүнтэй суугаач ээ, хөгширлөө ш дээ” гэнэ. Хамгийн гол нь эмээ маань “Үгүй одоо” гээд л нээх санаа алдаад л. Тэгж явсаар байгаад би өнгөрсөн жил хуримаа хийж өнөө хэдийгээ ёстой магнайг нь хагартал баярлууллаа. Хурим хийх ямар гоё гээч. Энэ хугацаанд би юу бүтээсэн юм бэ гэдгийг тэр хуриман дээр л хардаг юм байна. Ирж байгаа найз нөхдөөсөө, хамаатан саднаасаа тэр бүгдийг олж хараад үнэхээр сайхан. Тэгээд хурим болоод нэг жил болсон чинь дахиад өөр нэг нэхүүлтэй болсон/инээв/.

-Хүүхэд үү?

-Тийм. Одоо өнөө эмээ чинь “Миний ч нас явж байна даа, одоо. Үр ачийг чинь үзчихээд өнгөрөх юмсан” гээд л. Тэгэхээр намайг тэгж ойлгодог байсан хүмүүст хандаж хэлэхэд энэ бол миний цорын ганц гэрлэлт, цорын ганц амьдрал. Би арван жилдээ нэг, эхнэртэйгээ гэрлэхээсээ өмнө нэг гээд амьдралдаа хоёр удаа л үерхэж байсан. Хүмүүс үерхэж байгаад л таарч тохирхооргүй бол тэгээд хоёр тийшээ болдог биз дээ. Тийм л юм байсан. Тэрнээс миний албан ёсоор үерхээд, хадаг сүйгээ тавиад авсан гэргий минь ганц л байна. Одоо би тэр гэргийтэйгээ сайхан амьдарч байна. Үүнийг ээжийнхээ нэрээр андгайлья.

-Тэгвэл үр ачаа л үзэхсэн гэсэн эмээгийн хатуу нэхлээс хэзээ гарах гэж байна даа?

- Гарна даа. Тэгэхдээ бас нэг юм байна аа. Байр, машиныг лизингдээд, өр зээл тавиад авч болдог юм байна. Гэтэл бас худалдаж авч болохгүй юмнууд байна аа. Нэр төр, насан туршийн хань ижлийг худалдаж авч болдоггүй юм байна. Дээр нь яагаад ч худалдаж авч болохгүй нэг зүйл нь үр хүүхэд байна.  Хүсээд байдаг. Болж өгдөггүй. Би ч эхэндээ жаахан нервтээд байсан. Хуурай ах эгч нар маань “Бид суугаад долоон жил болж байж хүүхэдтэй болсон” гэх зэргээр ярьсаар би сүүлдээ ойлгосон. Тэр хүүхэд ирэх ёстой үедээ л Цолмонбаяр, Өлзийсайхан хоёрт ирэх ёстой жамаараа ирэг. Өмнө нь бачуурч, нервтээд бие биеэ зовоож байхынхаа оронд бие биеэ хайрлаад, ажил төрлөө хийгээд тайван сайхан байх ёстой юм байна гэж бодох болсон. Ирэх цагтаа ирэх байх. Энэ яриаг маань ч гэсэн уншиж байгаа залуус маань сайхан залбираарай. Ямар ч хүн уншиж байгаа юм билээ, янз бүрийн хүч чадалтай ч хүн уншиж байж болно шүү дээ. Тийм болохоор үнэхээр намайг дэмждэг бол миний хүсэлд туслаарай гэж хүсье.

 -Ингэхэд “Шинэ үе” хамтлагаас та нарыг муудалцаад гарсан гэдэг. Энэ тал дээр тодорхой тайлбар өгч байгаагүй санагдана. Тэр үед яг юу болсон юм бэ?

-Тэр үед бид санаандгүй ах нарыгаа гомдоочихсон юм аа. Өөскө бид хоёр “Шинэ үе” продакшнд тайз засдаг, бас “Хот чинжүү” нэвтрүүлгээ хийдэг байсан үе байхгүй юү. Нэг удаа автобусанд суугаад гүрийсэн чинь чимхээд “Ичээсээ, Зурагтаар гардаг хүмүүс байж автобусанд гүрийгээд байхдаа яахав дээ” гээд Өөскө бид хоёр ямар ч байсан автобусанд гүрийж болохоо байсан байна шүү гэж инээлдэж байсан үе л дээ. “Хот чинжүү” хүмүүст хүрээд л, ах нарт та нар “Хот чинжүү”-гийн хүүхдүүдийг авчихсан юм уу, гоё байна ш дээ гээд л. Тэгээд байж байтал ах нар биднийг сонгуулийн шоунд авч яваад л. Сонгууль нөгөөдөр дуусна гээд байж байтал “Сонор”-ын Чугу утасдаад “Хот чинжүү”-гийн Цоомоо юу Залуучуудын соёлын төв дээр завтай бол хүрч ирээд уулзаач л гэлээ. Яваад очтол ”танай UBS телевиз Хөтөлд гардаг юм байна аа. Бид Хөтөлд талбай дээр нэг өдөр шоу хийх гэж байгаа юм. Та нарыг хүүхдүүд их сайн үздэг болохоор яваад өгөөч" гэхээр нь ок л гэлээ. Нэг ёсондоо бидний анхны халтуур байсан байхгүй юү. Одоо энэ хотын мэр Бат-Үүл гуайн сонгуулийн шоу. Тэгээд ах нар руу утасдаад л маргааш, нөгөөдөр тоглолттой юу гэсэн чинь үгүй гэхээр нь уухайн тас гарч өглөө.  Очоод өдөржингөө өдөрлөг хийгээд л байж байхад ах нар утасдаад “Бид энд өөр намтай гэрээ хийгээд байхад та нар "Шинэ үе"-ийн залуус байж эсрэг намын юманд яваад байхдаа яахав дээ. Өөдгүй хүүхдүүд” гээд бөөн юм боллоо. Бид ч үгүй ах нараа бид "Шинэ үе" гэж яваагүй ээ, “Хот чинжүү”-гийн залуус гээд захиалахаар нь баярлаад явчихсан юмаа гэж өчнөөн тайлбарлаад ах нар ойлгодоггүй. Тэгвэл тэгээд өөрсдөө яв гээд л. Бид зөндөө гуйгаад аваагүй. Тэгэхээр нь өөрсдөө ах нар шигээ бүхнийг эхнээс нь хийгээд үзье гээд л хамтлагаа байгуулсан.

-Тэр үед та нар тэгж явж болохгүй гэж ерөөсөө бодоогүй юм уу?

-Мэдэхгүй юм чинь. Тийм ойлголт ерөөсөө байхгүй байсан юм чинь. Тэгээд ч бид гол роль биш, хувцас зөөгөөд л явж байсан байхгүй юү. Ах нар л тоглодог. Тэгээд л бидэнд хандсан анхны урилга байсан болохоор юугаа ч бодож мэдэхгүй баярлаад л явчихгүй юү. Тэр үед биднийг тэгж гуйж байхад ах нар эргэж хамтлагтаа аваагүй нь биднийг өнөөдрийн минь энэ амжилт руу явуулсан байгаа юм. Юм бүхэн учиртай гэдэг нь энэ юм шиг байна л даа. Тийм болохоор одоо эргээд харахад ах нартаа баярладаг юм. Тэр үед биднийг жаахан загнаж байгаад буцаагаад авчихсан бол бид ах нарын гарыг харсан, бэлэн юм харсан л хүмүүс болох байсан байх. Одоо бол бид эргээд эвлэсэн. Өөрсдийнхөө тавьсан жүжигт Амбий ахыгаа урьж тоглууллаа, Хүрлээ ахтайгаа тааралдана. Та нар киногоо хэзээ нээх гэж байна. Ах нь тэдэнд нээх гэж байгаа шүү гээд л яриад явна. Бооёо ах дээрээ бол би цагаан сар болгоноор очиж золгодог юм. Намайг энд авчирч, ээжийн минь мөрөөдлийг биелүүлсэн хүн шүү дээ. Би насан туршдаа баярлаж явна. Одоогоор ахыгаа сайхан баярлуулж чадаагүй л явна. Гэхдээ болох байлгүй дээ.

Ш.Анхтуяа

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(213.89.201.250) 2015 оны 09 сарын 24

Ehner tani udalgui aldart eej boloh bhoo. Oroihon garaad shiruuhen dairna gedeg dee. Ger buld ni az jargal husie.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 25

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номЫГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Мөрөө(202.180.216.211) 2014 оны 11 сарын 25

Худлаа дүр үзүүлсэн хиймэл ярилцлага өгөөгүй байна. Замын нохой хуцдагаараа хуцаж л байг, жингийн цуваа явдгаараа явнаа. Хүмүүсийн бүдүүлэг үгийг байх ёстой нэг үзэгдэл гэж үзээд амжилт өөд улам, улам өөдөө тэмүүлээрэй. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

0  |  0
zochin(87.163.123.33) 2014 оны 11 сарын 24

Chi yasan teneg erguu gar ve 180-sayaar kinoo hiilee naadahchin Ard tumnii tuluu hiisen ymuu chi uuriinhuu amidral tom mashin unah gej kino hiij bga bizdee urlagiig hugjuuleh ge shaadag muu gar ve booeo ahad nasan turshdaa ch geh shig ymar muuhai manj dolignuur zan ve er hunshig baildaa gulug chin

0  |  0
oogii.(182.160.3.178) 2014 оны 11 сарын 23

gerleed buten jil bolohod huuhedgui bn gedeg asuudal shu duu naraa.erthen emchid handaarai yalanguya emegtei urguidel bol nas ahih tusam naidvar bagassaar bdag.eregtei bol mongold barag emchilgeegui de.huuhed husej baigaa ni mash sain hereg.egch ni 15 jil eh nyalhasiin urguidl;iin tasagt emchluulj bj 45 nasandaa huurhun ohintoi bolson do.zaaval unudur tulburtei huviin emnelg geheese urdaar eh nyalhast nandaarai.eregtei emegtei ali aliig ni shinjildeg tasag bdag.ulsiin hemjeend gants shu

0  |  0
kkkkk(103.229.120.173) 2014 оны 11 сарын 23

huduunii mangar zaluu

0  |  0
Zochin(103.229.121.109) 2014 оны 11 сарын 22

Garchig n oortn taarch....

0  |  0
doogi(103.229.122.102) 2014 оны 11 сарын 22

Zorilgoo oilgoson sain zaluu bainaa.

0  |  0
zochin(103.229.122.102) 2014 оны 11 сарын 22

EEjiigee bayarluulsan sain khuu baina. amjilt khusie.

0  |  0
zoro(202.179.20.134) 2014 оны 11 сарын 22

цомоо чи тэгвэл ганцараа жүжиглэл ганцараа найруул а бс тэгээд ганцараа үзээрэй наад юумаа тэгвэл ямар Урлаг бол ард түмний ӨМЧ :-/

0  |  0
zoro(202.179.20.134) 2014 оны 11 сарын 22

цомоо чи тэгвэл ганцараа жүжиглэл ганцараа найруул а бс тэгээд ганцараа үзээрэй наад юумаа тэгвэл ямар Урлаг бол ард түмний ӨМЧ :-/

0  |  0
Top