Ч.Сайханбилэгийн таалгаж буй оньсого буюу “зовлонтой” шийдвэрүүд нь юу байх вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 24

Өвлийн эхэн сар эхэлж буй энэ өдрүүдэд Монгол Улс 28 дахь Ерөнхий сайдаа угтан авлаа. Ч.Сайханбилэгийг  огцорсон Засгийн газрын “Сайдуудын сайд” гэж харж, түүнээс хүлээх итгэл найдвар бараг үгүй хэмээн нэг хэсэг нь сэтгэл дундуур  байхад  ямартай ч Шинэ үеийн төлөөлөл улс орны удирдлагад гарч ирлээ гэж олзуурхах хэсэг ч байна.

Ерөнхий сайдын хувьд түүний анхны алхам нь өөрийг нь баталсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхээс эхэлж,  залгуулаад танхимаа хуралдуулж анхны томилгоогоо хийлээ. Нэгэн цагт өөрийнх нь тэргүүн дэд орлогчоор ажиллаж байсан Ш.Солонгыг ажилд нь эргүүлэн томилсон.  Н.Алтанхуягийн араанд зуугдаж, анхаарлын гадна хаягдсан Ш.Солонгыг эргүүлэн авсан,  мөн улс орон хямралтай байна гэдгийг  шулуухан хүлээн зөвшөөрцгөөе гэж бараг уриалснаараа тэр “Би Алтанхуягийг аялдан дагагч биш шүү” гэсэн эхний мессежээ өгч байгаа хэрэг болов уу.  Ерөнхий сайдын хувьд анх удаа  хэлсэн үгэндээ тэр өөрийн тэргүүлэх Засгийн газрынх бодлого чиг хандлагыг ямар нэг хэмжээгээр тодорхойлохыг хичээсэн нь тодорхой.

 Ш.Солонгыг эргүүлэн авсан, мөн улс орон хямралтай байна гэдгийг шулуухан хүлээн зөвшөөрцгөөе гэж уриалснаараа тэр “Би Алтанхуягийг аялдан дагагч биш шүү” гэсэн эхний мессежээ өгч байгаа хэрэг болов уу.

Түүний тэргүүлсэн Засгийн газар  гурван онцлогтой байх гэнэ. Тэр нь Дэмжлэгтэй, Шийдлийн,  Шуурхай засгийн газар байх аж.   Энэ дэмжлэг гэдэг тодотголыг зөвхөн УИХ дахь олонхид төдийгүй сөрөг хүчинд ч бас хаягласан байж таарна. Өөрөөр хэлбэл, улс төржихөөс ангижирч, эх орны эрх ашгийг эн түрүүнд тавиач ээ гэсэн сануулга юм. Эрх баригчид нь муу байх тусам сөрөг хүчинд төдийчинээ сайн гэсэн эрх ашгийн энэ харалган хандлага улс төрчдийн жишиг болсон болохоор ингэж сануулж байгаа хэрэг байх.

 Халгасан, хулгасан хэцүү шийдвэрүүдийн хажуугаар өнгөрөхгүй 

Шинэ Засгийн газрын хоёр дахь онцлог гэвэл “Шийдэл”-ийнх  байна гэж тодотгосон.  Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Бидний гарах шийдвэрийг хэзээ ч 100 хувь алга ташин хүлээж авахгүй нь ойлгомжтой. Зарим шийдвэр өнөөдөр утгагүй, алдаатай мэт санагдавч маргааш нь үр дүнгээ өгөх шийдвэрүүд ч хүлээж байна. Улс төрөөс болж олон жил хойш тавьсан, хулгасан, халгасан хэцүү шийдвэрүүдийг бид гаргаж гэмээ нь хямралаас гарах хугацааг наашлуулна. Гол нь шийдэл гаргах чадвар, зориг зүрх бүхий л шийдлийн Засгийн газар бий болох учиртай” гэж онцоллоо. 

Ерөнхий сайд дээр хэлсэн санаагаа гүнгийрүүлж  “Засгийн газар үнэхээр зовлонтой шийдвэрүүд гаргахаас өөр аргагүй болно.  УИХ ч улс орноо бодож, улс төрөө хойш тавьж, дэмжиж өгөөрэй гэж хүсье” гэж  дахин сануулсан.

Харин энэ халгасан хулгасан, улс төрийн эрх ашгийн харгайгаар байнга хойшлогдож ирсэн ямар шийдвэрүүд байх бол гэдэгт иргэд оньсого таалцаж сууна. Сошиал ертөнцөд явж буй зарим нэг мэдээлэл таамгаас харахад эрчим хүчний суурь үнийг чөлөөлөх, нийтийн тээврийн хөнгөлөлт, оюутны тэтгэмж  гэхчлэн ахуй амьдралд нь шууд нөлөөлөх шийдлүүдийг  түрүүлж нэрлэсэн байна билээ.  Гэхдээ Ч.Сайханбилэгийн гаргах “зовлонтой” шийдвэрүүд иргэдийн энэ таамаглалаас арай өөр том асуудал байх  бизээ. Тухайлбал, гадаад зээл, уул уурхай, төрийн өмчийн хувьчлал, тэр дундаа нийгмийн салбарын хувьчлал  зэрэг томоохон асуудлын араас орох бололтой. 

Эдгээр сэдвүүд бол парламентийн танхимд ямагт гал өрдөж,  нам бүлэг,  ашиг сонирхлоор нь  талцуулдаг,  улс төржүүлдэг, барьж авахаас халгаж тойруулсаар ирсэн нь үнэн.

Ч.Сайханбилэг энэ бүхний зовлонг гадарлах хүний хувьд  БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад айлчлахдаа амалсан 1.0  тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авч эргэлтэд оруулах ёстой  гэдгийг чуулганы хуралдаан шууд ил тод хэлчихнэ билээ.   

 

Түүний хэлсэн үгэнд шинээр орж ирсэн нэг хэллэг бол “bail out”. Энэ нь барьцааны хөрөнгөгүй болчихоод байгаа компанийн өөрийн үнэлэмж, хувьцаа зэргээр дахин зээл авдаг шинэ арга

 

“Бид урт нас, удаан жаргалтай энэ  хоёр том төслөө улс төрийг нь орхиж, бизнес утгаар нь хүссэн хүсээгүй шийдэх л учиртай” гээд Шинэ Засгийн газар Оюутолгой, Тавантолгойн төслийг урагшлуулах  шийдвэрээ удахгүй УИХ-д танилцуулан нэг тийш болгох аж.  Түүний хэлсэн  үгэнд шинээр орж ирсэн нэг хэллэг бол “bail out”. Энэ нь барьцааны хөрөнгөгүй болчихоод байгаа компанийн өөрийн үнэлэмж, хувьцаа зэргээр дахин зээл авдаг шинэ арга бололтой юм. Дуулбал ийм аргаар дэлхийн олон орон санхүүгийн хямралаас гарч байсан гэх.

Сайханбилэгийн Засгийн газрын гурав дахь  онцлог байх  “Шуурхай” чанараа тэрбээр  цаг хугацааны “Аль болох хурдан” гэдэг ганцхан хэмжээс үйлчлэх болно гэж тодорхойлоод байна.

П.Булган

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(150.129.142.155) 2014 оны 11 сарын 26

Ардын нам харин арай л ингэж хямрайгаагүй шүү

0  |  0
иргэн(112.72.13.116) 2014 оны 11 сарын 24

Зовлонтой шийдвэрүүдийн нэг нь МАН-тай нэг хөнжилдөө орж МАНАН- гаа байгуулах ажил болов уудаа. Ер нь манан байгуулахаас ч өөр аргагүй юм байна даа чааваас. МАНАН байгуулахгүй бол энэ засгийн ажил урагшаа л лав явахгүй. 2, 3 сарын дараа МАН нь АН-ынхаа урвагчидтай нийлээд засгаа нухаад авна. Нээрэн хол явуулахгүй.

0  |  0
зочин(150.129.140.171) 2014 оны 11 сарын 24

Дахиад л Хятадаас зээл авна гэнэ үү.Нэг мөсөн Хятадыг харъяа болох санаатай байнаа даа янз нь...

0  |  0
zuv shuu(202.21.111.10) 2014 оны 11 сарын 24

Zugeeree harin ch gsigui PM garlaa gej bodoj bgaa shuu zorigtoi almuud hiigeerrei OT hudulgu toriin omchit companiudiig huvichil oyutanii mungu autobusnii une zergiig zogsoo oron toog tsomhotgo companiudaa demj Populistuudiin amiig hamhi

0  |  0
zochin(182.160.0.33) 2014 оны 11 сарын 24

Zuvchuulsan zuil hiiwel ard tumen chamaig demjin araas chini guine. Buruu zuil hiiwel oligarhuud araas chini guine. Chamd songolt bna.

0  |  0
монгол хүн(202.21.106.150) 2014 оны 11 сарын 24

хэлэх үг олдохгүй байнаа,яана даа монголчууд минь мань эр улс орныг авч явж чадах болов уу? бас нэг алиа салбадай байвал хэцүүднэ шүү .бурхан минь туслаарай

0  |  0
Top