Согтууруулах ундааг хянана

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

УИХ-н гишүүн Л.Эрдэнэчимэг Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, шар айргийн 19, дарсны 10, нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хавтгайруулан олгосон нь зах зээл дэх архины нийлүүлэлт, хүн амын архины хэрэглээг нэмэгдүүлэх, чанарын шаардлага хангахгүй согтууруулах ундаа хэрэглэх үндэс болсон хэмээн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэллээ.

Статистикаас үзэхэд, манай улсад гарсан нийт гэмт хэргийн гуравны нэг хувь, хүнд, онц хүнд гэмт хэргийн хоёрны нэг хувь, нийслэлд гарсан гэмт хэргийн 57.7 хувийг согтуугаар үйлдсэн байдаг. Үүнээс үзэхэд, гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нөхцөл нь архидан согтуурах явдалтай шууд холбоотой байна. Иймд согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэлийг багасгахад чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай.

Хуулийн төслөөр согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэхэд тавих хяналттай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан бөгөөд хуулийн төсөлд дараах асуудлыг тусгав. Үүнд: Спирт, бусад согтууруулах ундааны үйлдвэрлэл, спиртийн хуваарилалт, олголт, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг хуульчилна. Ингэхдээ тухайн согтууруулах ундааны спиртийн агууламжийн хэмжээг харгалзан ялгамжтайгаар зохицуулах, өндөр агууламжтай согтууруулах ундаанд 1­8 хувиас дээш этилийн спиртийн агууламжтай бүх төрлийн согтууруулах ундааг хамааруулж, спирт, бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр Засгийн газар олгодог байхаар хуулийн төсөлд тусгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top