Баталгаагүй мэдээллийг хүргэх нь: Хурд VS үнэн

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд өөрчлөлт орж, манай улс сэтгүүлчдийн эрх зүйн асуудлыг шийдвэрлэх Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй болохоор яригдаж байна. Тиймд Мэдээллийн сайтуудын ассоциациас хэвлэлийн консулын асуудал, олон улсын туршлагыг судалж байна.

Мэдээллийн сайтуудын ассоциацийн тэргүүн Б.Оюунгэрэл болон тус ассоциацийн гишүүн, “mnews” сайтын захирал О.Мөнх-Эрдэнэ нар Сөүл хотод энэ сарын 12-13-ны өдрүүдэд болсон “Хэвлэлийн эрх чөлөөний шинэ эрин” олон улсын хуралд оролцоод ирлээ. Тус хуралд Япон, Австри, Хятад, Индонез, Эстони, Солонгос, АНУ, Унгарын хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид илтгэл тавьж оролцсон юм. Унгарын редакторуудын холбооны тэргүүн Балазс Вэйерийн уг хуралд тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэдээллийн хурд VS үнэн зөв байдал

Мэдээллийн ертөнцөд хурд гол хэмжигдэхүүн нь болжээ. Дижитал ертөнц өнгөрсөн 10 жилд мэдээллийг асар хурдтай болгосноор үнэн зөвийг нягтлах нь илт багаслаа. Өөрөөр хэлбэл, баримтыг нягтлах, анализ хийх, олон эх сурвалжаар баталгаажуулах гэх мэт мэдээллийг нягтлан сурвалжлах үйл ажиллагаа цаг үрсэн хэрэгт тооцогдох болсон. Цаг хугацааны хомс байгаа нь өнөөгийн мэдээллийн редакциудын ганц үндсэн сорилт болоод байна.

Дижитал мэдээллийн циклиэс өмнө буюу уламжлалт хэвлэлийн үед өдөр эсвэл долоо хоног гэсэн эцсийн хугацаа нь цаг хугацааны шахалтын ганц эх сурвалж байв.  Хэдий тийм ч энэ үед эцсийн хугацаа гэдэг нь өгөгдсөн хугацаандаа багтаан мэдээллийг бүхий л боломжоор нь үнэн зөвөөр нягтлах хангалттай цагийг урьдчилан төлөвлөж болдог байсан хүрээлэл юм. Мэдээ өмнө нь хэзээ ч байгаагүйгээрээ хурдтай болсноор онцгой мэдээлэл/тусгай сурвалжлага гэдэг зүйл бараг үнэ цэнээ алдаад байна. Учир нь тэрхүү бүтээл маш хязгаарлагдмал хугацаанд хийгдэх болсон.

Мэдээллийн хурд чанараас чухал болсон. Дижитал мэдээллийн үед минут бүр эцсийн хугацаа гэсэн хэмжигдэхүүн болж сэтгүүлчдийн сэтгэл зүйд маш том өөрчлөлтийг авчирч байна. Магадгүй сэтгүүлчдийг “эгшин зуурын хүн” хэмээн дуудаж болох юм. Үйл явдлыг тэр дор нь хүргэх шаардлагаар мэдээлэл бэлтгэх нь үйл явдал болсноос хойш таван минутын дараа дуусч хүлээн авагчдад хүрч байна. Мэдээллийн хурдны хэрэгцээ нь үнэн эсэх нь батлагдсан  болон батлагдаагүй мэдээллийг чухал мэдээ гэсэн нэрийн дор шууд цацахад хүргэснээр олон нийтийг төөрөгдүүлэх боломжтой. Хамгийн чухал асуудал бол мэдээллийг илүү нягтлахын тулд илүү их цаг хэрэгтэй гэдэгт байна. Бид энэ үзэгдэлд дургүй байлаа ч зогсоох боломжгүй юм. Бид мэдээллийг нятлах, хуучинсаг стандартыг өнөө цагийн шахалт дор хадгалж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс энэ цаг хугацааны шахалт дор бий болгох боломжтой мэргэжлийн алхмуудыг олох хэрэгтэй.

Гэнэтийн мэдээллийг дамжуулахад хэрэглэж болох нэг таамаглалыг санал болгоход энэ бол мэдээллийг шууд эсвэл гэнэтийн гэдэг тодорхойлолтоор тамгалаж өгөх юм. Ингэснээр хүлээн авагч мэдээллийг үнэн биш байж болох нь гэсэн хүлээлттэй болох юм. Хөлбөмбөгийн тэмцээнийг шууд дамжуулах үед бид үр дүнг тодорхой тайлбарлана гэсэн хүлээлттэй байдаг. Шууд тайлбар хийхэд сурвалжлагч үзэгчидтэй хамт орилдог бөгөөд заримдаа үзэгчдийн нэг мэт байдаг. Үйл явдал ийм хурдан болж байхад тайлбарлагч баримтыг нягтлах боломжгүй байдаг учраас тэмцээнийг дараа нь нөхөж үзэх үедээ л өөрийнх нь хэлсэн зөв байсан эсэхийг нягталдаг. Ихэнх үед хөлбөмбөгийн тайлбарлагч нь тухайн үеийн уур амьсгалын нөлөөнд автсан байдаг бөгөөд сэтгэл хөдлөл нь ихэсч хөл бөмбөгийг хэрхэн шууд дамжуулдаг вэ гэсэн зарчмыг үл тооход хүрдэг.

Өөр нэгэн төсөөлөл бол эмнэлгийн түргэн тусламжийн өрөө юм. Түргэн тусламжийн өрөөнд ч мөн үнэн бодит байдлыг хурд дарангуйлж байдаг. Эмч нар эмчилгээний оновчтой шийдвэр гаргахаасаа илүү аль болох хурдан эмчлэхийг илүүд үздэг. Тэнд анализ хийж суух цаг байхгүй тул үр дүнг хоёр удаа нягтлах боломжгүй бөгөөд эмчлэх ёстой нь гэсэн шаардлагын хажуугаар алдаа гаргахгүй байх гэсэн өндөр шахалтын дор ажилладаг. Энэ л байдлыг бид түргэн тусламжийн өрөө ийм байх ёстой гэж хүлээн зөвшөөрдөг.

Шууд эсвэл шуурхай мэдээлэл гэдгийг олон нийтэд ойлгомжтой тамгалж хүргэснээр тэд юу хүлээн авч байгаагаа ухамсарлах юм. Энэ нь сэтгүүлчдэд алдаа гаргах бас алдаагаа засах эрхийг олгож буй хэрэг билээ.

Сэтгүүл зүйд ирсэн цаг хугацааны шахалт бол байх ёстой зүйл. Харин бид зөвхөн гэнэтийн эсвэл шууд дамжуулж буй мэдээлэл гэдгийг ялгаж өгөх ёстой бөгөөд энэ төрлийн мэдээлэх үйл ажиллагаанд тохирсон ёс зүйн журмыг бий болгож болох юм. Энэ нь маш ойлгомжтой байх ёстой. Шууд эсвэл шуурхай мэдээлэл гэдгийг ойлгомжтой хүргэвэл тэд юу хүлээн авч байгаагаа ухамсарлана. Энэ нь сэтгүүлчдэд алдаа гаргах бас алдаагаа засах эрхийг олгож буй хэрэг билээ. Харин хөлбөмбөг болон түргэн тусламжийн өрөө шиг байдлаас бусад үед мэдээллийг дамжуулахдаа үнэн бодит байдлыг нягтлах хуучны хатуу стандартыг мөрдөх ёстой бөгөөд энэ нь шууд дамжуулж буй мэдээлэл нь нягтлагдаагүй гэдгийг уншигчид ойлгуулах юм.

Унгарын редакторуудын холбооны тэргүүн Балазс Вэйер

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top